Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Косплейер залуусаар өнгө нэмсэн аниме зургийн үзэсгэлэн

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 51 секунд

Донжтой ч гэмээр хувцаслалт, өөртөө итгэлтэй өсвөр насны косплейерчидээр үзэгчдийн хүрээллээ “гайхуулсан” нэгэн үзэсгэлэн. Сүүлийн жилүүдэд олон хүний бодол санаа, гадаад төрх, хүсэл сонирхол, хобби зэрэгт анимэ, манга сонирхогч залуус шинэчлэл хийн “эвдэн” гарч ирсэн гэхэд хилсдэхгүй. Тэдний бусад хүмүүст таалагддаг ч бай, таалагддаггүй ч бай зүгээр л нүдээр үздэг зүйлээ амьдралынхаа сонирхол болгон хөгжүүлж байгаагаас үлгэрлэмээр ч юм шиг. Аниме, манга сонирхогч залуусын нэг болох А.Хөгэлүн охин өөрийн анхны бие даасан зургийн үзэсгэлэнгээ гаргаж буй нь энэ. 15-хан настай А.Хөгэлүн охины үзэсгэлэнд саатсан хэсэгхэн хугацаанд бүтээлийг үзэж сонирхохоор ирсэн олны хөлд дарагдав.

"Анх өөрийнхөө хоббиг өөртөө л байлгая гэж боддог байсан"

А.Хөгэлүн охин найман настайгаасаа эхлэн аниме зургийг зурж эхэлжээ. Сонирхол төдийхнөөр эхэлж байсан нь одоо амьдралынх нь салшгүй хэсэг болсон аж. Энэ талаар А.Хөгэлүн “Үзэсгэлэнд 30 зураг дэлгэгдсэн. Нэг зураг зурахад 4-5 цаг шаардагддаг. Зарим үед оройноос эхлээд үүр цайтал зурах үе ч байдаг. Зургаа илүү бодит болгохын тулд басхүү сонирхлоо сайн хөгжүүлэхийн тулд зургуудаа зурсаар л байдаг даа. Цаашид өөрийгөө хөгжүүлнэ гэсэн бодолтой байгаа. Анх өөрийнхөө хоббиг өөртөө л байлгая гэж боддог байсан. Энэ үзэсгэлэнг гаргахад гэр бүлийнхэн маань намайг хамгийн ихээр дэмжсэн. Ээж маань надад маш их итгэл хайрладаг. Тиймээс би байгаагаасаа улам их хичээн зургуудаа зурах болсон” гэлээ.

Нарийн деталь хэсгүүдийг нямбайлан зурсан охин өөрийн авьяасыг хөгжүүлэхээр өдөр бүр суралцаж байгаагаа хэлж байв. Ингэхдээ зургийн нүүр царай, сүүдрийг гаргахад хамгийн их хугацаа шаардагддаг аж.

Үзэсгэлэнгийн "дутуу" өнгийг гүйцээсэн косплейер залуус

А.Хөгэлүн охины үзэсгэлэнд дэлгэсэн 30 орчим зургууд цөмөөр хар, цагаан өнгөний шийдэлтэй. Харин аниме, манганы дүрээр косплей хийж ирсэн хүүхэд, залуус эл үзэсгэлэнгийн дутуу өнгүүдийг нөхөх шиг харагдаж байв. Тэд өөрийн хийсэн дүрүүдийн косплейдээ сэтгэл хангалуун байгаа нь илт. Сүүлийн жилүүдэд нийгэм өөрөө косплей сонирхдог залуусыг ойлгож, хүлээн авч эхэлж байна. Харин үүний хажуугаар үл хүндэтгэх, өмссөн зүүсэн эдлэлээр гадуурхах тохиолддог ч бий гэдгийг тэд хэлж байсан юм.

Хүн бүр өөрийн сонирхлоо ямар ч байдлаар илэрхийлж болно. Тухайлбал, аниме, манга сонирхогч залуус косплей хийх, зураг бүтээл туурвих ч болсон. А.Хөгэлүн охин ч тэдний нэг. Анх косплей хийхээр оролдож үзсэн ч нийгмийн хандлагаас шалтгаалан болихоор шийдэж, өөрийн сонирхлоо зургаар илэрхийлэн гаргахыг илүүд үзжээ. Тэрбээр “Намайг анх анимийн дүрийн косплей хийж байхад хүмүүс хараад гадуурхах хандлагыг төрүүлж байсан. Тухайн үедээ дотроо бол өөрийн сонирхол, хобби маань миний л өмч гэж боддог учраас юм бодоогүй. Үеийнхээ хүүхдүүдэд хандаж хэлэхэд чиний сонирхол чинийх. Тийм учраас бусдын хэлж байгаа үгсээс авахыг нь аваад хаяхыг нь хаяж сурах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.

"Хүүхэд бүр хүсэл мөрөөдөл, сонирхол хоббитой байх шиг сайхан зүйл үгүй"

Сонирхлыг чинь мэддэг хүний дэргэд дэмждэг хүн байвал сайхан гэж манайхан хэлцдэг. Тэгвэл анимэ, манга зураг зурж эхэлснээс хойш түүний дүү, ээж нь даган сонирхдог болсон гэнэ. Хүсэл сонирхолдоо үнэнч байсан охиныхоо хичээл зүтгэлийг мэдэрч, хөгжүүлэхэд нь гар бие оролцож буй хүн бол түүний ээж П.Гэрэлмаа юм. Тэрбээр “Хүн заавал уран зураг зурдаг мэргэжлийн байх шаардлагагүй. Тухайн хүн өөрт мэдэрч байгаа зүйлээ нээж, зургаар илэрхийлдэг байхад л хангалттай. Манай охин бага байхаасаа хүүхэлдэйн киноны сувгуудыг их үздэг байсан. Тэр дундаа хүүхэлдэйн баатруудаа хараад түүнийгээ их зурдаг байлаа. Хамгийн анх Нарутог олон хэлбэрээр зураад тавьчихсан байсан. Эхэндээ зураг зураад л суухад нь тийм ч дуртай байсангүй. Гэхдээ дэлхий нийтээр тархсан цар тахал манай гэр бүлийн амьдралын хэмнэлд цоо шинэ өнцгийг авч ирсэн гэж хардаг. Хүүхдүүд маань гадаа гарах боломжгүй, хийх зүйл бага байсан учраас охин маань анимийн зургуудаа дахин зурж эхэлсэн. Өдрөөс өдөрт сайжирч, түүндээ дурлаж хийж байгаа сонирхлыг нь хараад хориглох бус дэмжих ёстой юм байна гэдгээ ойлгосон” хэмээн хэлж байлаа.

Харин өсвөр насны гэлтгүй хүүхдийнхээ сэтгэлзүйн бүхий л үед хүсэл сонирхлыг нь дэмжихэд юу чухал болохыг түүнээс асуухад “Хүн бүр л аниме, манга сонирхдог хүүхдүүдийг өөр өөрөөр харж, хүлээж авдаг. Тухайн үзэж харж буй зүйлээсээ юу хүлээж авах вэ гэдэг л чухал. Энэ нь хүүхдийн өөрийн сэтгэлгээнээс хамаарах зүйл гэж боддог. Миний охин аниме үздэг болсноосоо хойш өөрийгөө нээж, манга хэлбэрийн зургуудийг өөрийн чадхаасаа чадахгүй хүртэл хичээж зурдаг болсон. Хүүхэд бүр хүсэл мөрөөдөлтай, урдаа тавьсан зорилготой, сонирхол хоббитой байх шиг сайхан зүйл байхгүй. Тиймээс чаддаг юу байна. Тэр бүхнээ чадах чинээгээрээ хөгжүүлэхийг хичээх хэрэгтэй болов уу” гэлээ. Мөн түүнчлэн тэрбээр хүүхдийнхээ юу хүсэж, сонирхож, хиймээр байгаа талаар сайн ярилцаж, зөвлөлдөөсэй гэж хүсдэг талаараа хэлж байлаа.

Нийслэлд ил, задгай мах худалдаалахыг хориглов
Нийслэлд ил, задгай мах худалдаалахыг хориглов
 
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцлээ
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.