Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: "Уулын фитнесс" ХОРТОЙ юу, хороон даргын шийдвэр ХОРТОЙ юу

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Хэзээ
2021/08/03
Унших
9 минут 20 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Бороо ганц нэг шивэрсэн энэ өдөр Чингэлтэй дүүргийн 17-р хороонд байрлах Чингэлтэй хайрханы Уулын фитнесийг зорилоо. Уулын бяцхан төгөлд моддын сэрчигнээн, шувуудын жиргээн сонстож, байгаль ээжийн үнэр сэтгэл хөглөсөн энэ газарт тус бялдаржуулах төв байрладаг байна. Биднийг очиход хэд хэдэн залуус чихэвч зүүж төмөр өргөж байгаатай тааралдсан юм. Тэгвэл уг Уулын фитнесийг 17-р хорооны Засаг даргын гаргасан саналыг үндэслэн татан буулгах болсон гэнэ. Монголдоо анхдагч цэвэр байгалийн хэвлийд байгуулагдсан энэхүү газрыг барьж байгуулахын тулд хэсэг залуус улсаас нэг ч төгрөг авалгүй 20 гаран сая төгрөгийн зардлаар босгосон аж.

Ингээд бид тус залуусын төлөөлөл “Чийрэг Монгол” клубын тамирчин Э.Чинзоригоос дараах зүйлсийг тодрууллаа. Тэрбээр, “Хүн цуглаад байна л гэсэн шалтгаанаар татан буулгах болсон. Богд ууланд хэдэн мянгаараа цугалж болдог Чингэлтэй ууланд өдөртөө зуу гаран залуучууд болдоггүй ийм л шийдвэр гаргасан. Уг нь Засаг дарга нь ийм ажил хийгээд өгч байхад цагдаа нартайгаа нийлээд хяналт тавиад байж болно шүү дээ. Бэлтгэл сургуулилт хийж байгаа залуусын эрх ашгийг зөрчөөд байх юм. Ард иргэдээ залуусаа боддоггүй хүмүүс юм. Уулын фитнесийг энэ хавийн гэр хороололд өссөн залуус дүү нартаа орчиныг нь бүрдүүлж өгсөн юм. Хорооны дарга Засаг дарга нь дэмжих байтал буулгаж байна. Өнөөдөр гэр хорооллын залууст юу дутаж байгаа вэ. Боловсорч, хөгжих цаашилбал зөв үлгэр дууриалал авах орчин байхгүй байна шүү дээ. Ийм л сэтгэлгүй удирдлагууд байна. Энэ газрыг татан буулгавал залуус тэмцлийн хүнд шатанд орно гэж байна билээ. Шийдвэрээ эргэж хараасай гэж хүсэж байна. Гэр хороололд архидалт их байна. Хаашаа л харна буудал, баар. Үүнтэй тэмцэхийн тулд спортоор хичээллэх хэрэгтэй. Залуус ингээд байвал яаж хөгжих вэ дээ. Намайг бага байхад хүмүүс архидах гэж л ирдэг байсан газрыг өөрчилсөн гэж боддог. Одоо олон залуус холоос зорьж ирдэг болсон. Бид анх энэ фитнесийг байгуулахдаа камер тавиад өгье, манаач байрлуулъя гэсэн ч болоогүй. Юм хийе гэхээр залуусаа дэмждэггүй юм байна. Бодит амьдрал дээр ийм л байна даа. Гэр хороололд байгаа ганц газраа хаана л гэнэ. Ийм газраа улам нэмэх байтал буулгаад байх юм. Газар нь Чингэлтэй дүүргийн газар. 17-р хорооны Засаг дарга нь манай Зүрх уул гэж ярьж байна билээ. Монгол Улсын газар шүү. Хэн ч очоод фитнесс хийдэг газар. 100-200 залуус очиж бэлтгэл сургуулилт хийдэг. Хүүхдүүд хүртэл үлгэр дууриалал авдаг. Өдрийн цагаар архи ууж байгаа хүн хараагүй. Дэмжиж ажиллаж чадвал Богд уулаас ч гоё болгож болно шүү дээ. Одоо буулгавал тэгээд архичдын хөндий л болно байх даа. Доошоо буулгах санал бол ирсэн гэсэн. Тэр газар нь шавар намаг ихтэй газар. Дээр нь ууланд хүчилтөрөгч элбэгтэй сайн шүү дээ. Архи уудаг, шаардлага тавиад ч хүлээж авдаггүй хүмүүсээс холдуулж ууланд байгуулсан юм” гэв.

“Тухайн газарт хүчингийн гэмт хэрэг гарч, байнга архидан согтууралт болдог”

Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Засаг дарга В.Хүрэлбаатартай холбогдлоо. Тэрбээр “Уулын фитнесс гээд сүржигнэж ярихаа болих хэрэгтэй. Хүчингийн гэмт хэрэг гарч, архидан согтууралт болдог газрыг яагаад цуцлуулахгүй гээд тэмцээд байгаа юм бэ. Хоёрдугаарт, манай хорооны чанх урд том цэцэрлэгт хүрээлэн байгаа. Тэр уулын фитнесийг нь засаж янзлаад, стандартынх нь дагуу хийгээд өгье гэж санал тавьсан. Гэвч тэд нар зөвшөөрөхгүй байгаа юм. Тэр газрыг очоод үзвэл стандартын шаардлага хангаагүй турбонууд их байгаа. Тэдгээр нь хэн нэгэн хүүхдүүдийн дээрээс унаж бэртээвэл хариуцлага хүлээх хүн олдохгүй шүү дээ. Мөн тухайн газрыг хариуцаж байгаа хүмүүс нь огт цэвэрлэдэггүй. Хорооноос очиж цэвэрлэдэг. Тэр газар нь иргэд гүйдэг, явган алхдаг, амардаг талбай юм. Энэ нь эрсдэлтэй, болохгүй, стандартынх нь дагуу шинэчлээд өгье гэж хэлсний төлөө би гүтгүүлээд сууж байна. Би цагдаад хандана. Оны өмнөхөн тэнд хүчингийн хэрэг гарсан. Жорлон хүртэл ухаад хаячихсан. Ой модонд тийм зүйл байж болохгүй шүү дээ. Тэнд камер байрлуулахгүй. Анхнаас нь камераа суурилуулж, стандартын төвшинд хийхгүй яасан юм бэ” гэлээ.

Засаг, залуучууд хоёрын тэмцэл хаана хүрэх вэ?

Бид цааш явсаар Уулын фитнессийн нөхцөл байдалтай очиж танилцлаа. Бэлтгэл сургуулилт хийж байгаа залуус цөөхөн харагдаж байв. Ихэнх залуус татан буугдсан байх гэж бодоод ирэхгүй байгаа учраас хүн ч цөөхөн байгаа гэдгийг тэд хэлж байлаа. Ингэхдээ техник хэрэгслээ хураасан байх вий гэж айж байлаа гэв. Харин бидний доош буухад хэд хэдэн залуус "Дээр төмөр юмнууд нь байна уу" гэж асууж байлаа. Бид энэхүү залуус ямар байр суурьтай байгаа талаар асуулаа.

Иргэн Д.Батсүрэн "Бид нар шиг бэлтгэл хийдэг залуучууд их байгаа. Залуус ч байгальдаа ээлтэй байгаа нь мэдэгддэг л дээ. Зарим дасгал хийдэггүй хэрнээ аялаж зугаалж байгаа хүмүүс байна. Тэд архидан согтуурдаг байж болох юм. Тэр хүмүүсээ харж хянавал дээр байх. Цаад утгаараа хүмүүс газрыг нь тэр чигт нь зарах гэж байгаа гэсэн яриа сонсогдож байна лээ. Бүтээсэн юмаа буулгачихаар харамсалтай байна. Ялгаа салгааг нь би ажиглаад л байна. Дөрвөн сарын хугацаанд бэлтгэл хийлээ. Бууна гэхээр нь харамсалтай байна. Ийм гоё зүйлийг олон хийх хэрэгтэй. Хотоо тойрсон дөрвөн том ууландаа нэг нэгийг байгуулахад хэрэгтэй л байх. Би 12км-ээс зорьж ирж бэлтгэл хийдэг. Зааланд бэлтгэл хийхээс илүү үр дүнтэй байдаг гэж хэлж болно. Хүчилтөрөгч хангалттай учраас, зүрх судас бүгдийг нь цэвэрлэж, цус харвахаас сэргийлэх давуу талтай. Эмч нар ч тэгж зөвлөсөн юм" гэлээ.

Иргэн М.Наранбаяр, "Баянзүрх дүүргээс зорин ирж энд бэлтгэл хийдэг. Байгальд гарч дасгал хийх зөв зүйл байгаа юм. Найзуудтайгаа тавуулаа хийдэг. Нураах гэж байгааг нь эрс эсэргүүцэж байна. Төр засгаас залуучуудад зориулсан зүйл хийхгүй байж ийм болчимгүй шийдвэр гаргаж болохгүй гэж л бодож байна. Энэ уулаар идэж уух гэж ирдэг хүмүүс нь л тусдаа өөр газар уудаг байх. Яг энд бол залуус архи уудаггүй шүү" гэв.

Хэнийх нь зөв бэ

Тус хорооны залуус татан буулгавал хороон даргатай тэмцэж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлжээ. Залуус хэрхэн бухимдаж байгааг дараах харилцан ярианаас харж болно.

Энэ газарт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл ирж төмөр өргөж байсныг иргэд санаж байгаа байх. Бид хэн хэнийг нь буруутгах гэсэнгүй. Гэхдээ төр засаг залуусын санаачлан хийсэн энэ зүйлийг буулгаж нураах биш орчин нөхцлийг нь сайжруулж, хараа хяналтыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна.. Үлдсэн дүгнэлтийг олон нийт шүүн тунгаах нь зөв биз ээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Идэр

    Тиймээ төрийн байгууллага нь дэмжээд туслаад илүү гоё тохижуулаад өгвөл. Тэгээд сайны хажуугаар саар гэж бас эвдээд сүйтгээд хулгай хийх муу гарууд ч бгаа шүү

  2. Очироо

    Zaluusdaa zoriulj yuch hj chadahgui baij nuraana ene ter ain duraaraa golog we Nuraana gewel temtshed belen bgaa shuu zaluus bid nar