Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнгөнтүлхүүр: Хүүхдийн хажууд тамхи татдаг бол хүүхэд харшилтай болох эрсдэлтэй

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 12 секунд

Зуны улиралд иргэдийн ургамал, шарилж, тоосны харшил нэмэгддэг. Харин энэ жилийн тухайд харшилгүй иргэд харшилтай болж, харшилтай иргэдийн харшил ихсэх байдал ажиглагдаж байгаа тул энэ асуудлаар “Арьсны өвчин судлалын үндэсний төв”-ийн эмнэлгийн Их эмч Д.Мөнгөнтүлхүүртэй ярилцлаа.

-Сайн байна уу. Энэ жил иргэдийн харшил маш их хөдөлж байх шиг байна. Бүр харшилгүй байсан хүмүүс ч харшилтай болж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Долоо, наймдугаар сард хогийн ургамал болох шарилж,лууль,халгай г.м ургамалын тоосонд харшилтай хүмүүст шинж тэмдэг илэрч байна. Тодруулбал, хамар битүүрэх, найтаалгах, нус гоожих, нүд загатнах,улайх, чих тагнай загатнах шинжүүд илэрдэг. Тиймээс сорил хийлгэж ямар ургамалд харшилтайг оношлуулах шаардлагатай. Манай эмнэлэгт хоёр төрлийн сорил хийнэ. Гэхдээ дээрх шинж тэмдэгүүд илэрч байгаа үед арьс хатгах сорилыг хийлгэж болохгүй. Учир нь тухайн хүний гарын шуун дээр сорил хийгддэг учраас зовиурийг нь улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Мөн сорилын хариу хуурамч эерэг гарах магадлалтай.

-Арьс хатгах сорилыг шинж тэмдэг илрээгүй бол бүх хүмүүс хийлгэх боломжтой юу?

-Зургаагаас доош насны хүүхэд болон 70-аас дээш насны хүмүүст хийдэггүй. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд хийдэггүй. Эмч болно гэж зөвлөсөн тохиолдолд л сорил тавиулж болно. Тиймээс харшлын шинж тэмдэг илэрвэл эхний ээлжинд эмчтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч үзлэгийнхээ дараа ямар сорил хийлгэх шаардлагатайг зөвлөнө.

-Ер нь сорилыг хэдийд хийлгэх боломжтой байдаг вэ?

-Аравдугаар сараас ургамлын тоос агаарт байхгүй болдог. Тиймээс энэ үеэр сорил тавиулбал тохиромжтой. Харин нөгөө сорил нь цусаар авдаг сорил байгаа.Цусны сорил нь даатгалд бүрэн хамрагдаагүй учраас иргэн тодорхой хэмжээний төлбөр төлнө.

-Харшлаас яаж сэргийлэх боломжтой вэ?

Зөвлөгөө

  • Өөрийгөө хамгаалах буюу хамгаалах хувцас тогтмол хэрэглэх (малгай, нүдний шил, маск)
  • Тоосжилт дэгдэх цагт гадагш гарахгүй байх (04:00-10:00; 17:00- 22:00, борооны дараа)
  • Гадуур явахдаа өмссөн хувцсаа тайлах, шүүгээнд хийх, усанд орох эсвэл ам хамраа усаар зайлах
  • Харшлын зовиур илэрч байгаа ид үед дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Дархлаагаа дэмжих зөв аргууд нь эрт унтаж амрах,зөв зохистой эрүүл хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх юм.
  • Арц, хүж, хиншүү, ариутгалын бодис, үнэртэй ус г.м хурц үнэртэй зүйлсээс зайлсхийх. Мөн түүнчлэн самар, буурцаг, цайгаар хийсэн дэр нь ургамлын харшилтай хүнд тохиромжгүй учир хэрэглэхгүй байх.
  • Дараах хүнсийг хориглоно (харшлыг сэдрээдэг хүнс)
  • модлог ургамлын харшилтай бол- алим, хар чавга, чангаанз, манго, тоор, лийр, киви, банана, улаан лооль, лууван, ойн самар, хусны навч
  • Үет ургамлын харшилтай бол- алим, лийр, чавга, тоор, киви, амтат гуа, цоохор майлз, кофе, какао, арвай, хөх тариа, овьёос, пиво
  • Шарилж хогийн ургамлын харшилтай бол- айраг, саам, зөгийн бал, наранцэцэгийн самар, газрын самар, тарвас, амтат гуа, апельсин, мандарин, алим, лийр, чавга, тоор, киви, манго, вандуй, түүхий лууван, түүхий улаан лооль, өргөст хэмх, чинжүү гэх мэт

-Коронавирусийн шинж тэмдэгтэй андуурагдах тохиолдол байх уу?

-Коронавирусийн өвчлөлийн үед ханиалгах, толгой өвдөх, булчин өвдөх, ядарч сульдах, хамгийн гол нь халуурах шинж тэмдэг илэрч байгаа. Харшлын үед халуурахгүй, мөн нүд загатнах улайх г.м зовиур илэрч байгаагаараа хоорондоо ялгаатай.

Хогийн ургамалд харшилтай хүмүүс айраг ууж болохгүй

-Иргэд дур мэдэн эмчилгээ хийж харшлаа хүндрүүлэх тохиолдол хэр гардаг вэ?

-Манай иргэдийн дунд арц, хомоолоор утах гэсэн ам дамжсан эмчилгээнүүд хийгддэг. Тэр нь амьсгалын доод замыг үрэвсүүлж, ургамлын харшлаа хүндрүүлэх эрсдэл болдог. Тиймээс зовиур хөдөлсөн сард хурц үнэр гаргаж байгаа зүйлээс зайлсхийх хэрэгтэй.

-Хүмүүс ургамлын харшлын эсрэг дур мэдэн голионы шүүс уух, царцааны бэлдмэл хэрэглэх явдал байдаг. Энэ талаар мэргэжлийн эмчийн зүгээс юу гэж зөвлөх вэ?

-Голио сорно гэдэг эмчилгээ байхгүй. Тийм эмчилгээ ДЭМБ, Монгол Улсын эмчилгээний стандартад байхгүй. Голио сороод, арц хомоолоор утаад биеийн байдлаа хүндрүүлж эрсдэлд ороод эргээд эмнэлгийн байгууллагад л ханддаг.

  • 1. Арьс хатгах сорил (skin prick test) Сорилыг хийх болон хориглох заалтууд гэж байгаа.
  • Хориглох заалтууд:
  • Шинж тэмдэг, зовуурь илэрсэн үед ( зовуурийг ихэсгэх, сорилын хариу хуурамч гарах эрсдэлтэй)
  • Харшлын эм хэрэглэсэн үед ( харшлын эм уусанаас хойш 72 цагийн дотор хийлгэх боломжгүй)
  • Насны хязгаар (6-с доош насныхан, жирэмсэн эмэгтэй, 70-с дээш насныхан)
  • Арьсаар тууралт гарсан байх
  • 2. Цусны сорил (RAST-radioallergosorbent)- арьс хатгах сорилд хориглох заалттай иргэд хийлгэх боломжтой буюу 6-аас доош насныхан, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, өндөр настнууд)
  • Эдгээр сорилууд нь:
  • Ургамлын тоосны харшил
  • Гэрийн тоосны харшил
  • Амьтны үс ноосны харшил
  • Хүнсний бүтээгдэхүүн зэрэгт харшилтай эсэхийг оношилно.

-Харшилтай болохоос урьдчилан сэргийлэх боломж байгаа юу?

-Харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд бага наснаас нь эхлээд анхаарах хэрэгтэй. Байнга гарыг бактерийн эсрэг үйлчилгээтэй савангаар угааж хэт цэвэр цэмцгэр байснаар хэвийн ашигтай нян бактеритай харьцаж танилцаагүйгээс дархлааны систем нь зөв хөгжих боломжгүй болж хэт мэдрэгшиж жирийн ургамлын тоосыг гаднаас хортой биет биерүү орж ирж байна гэж буруу хүлээж авж харшлын шинж тэмдгүүд илэрч байна .Хүүхдийн хажууд тамхи татдаг бол харшилтай болоход нөлөөлнө. Мөн аав ээжийн нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай байх магадлал 50% байна. 100% харшилтай болохоос урьдчилан сэргийлэх зүйл байхгүй.

Ярилцсанд баярлалаа.

Маргааш Улаанбаатарт 20 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 20 хэм дулаан байна
 
Л.Энх-Амгалан: 2010 онд ҮАБ-ын үзэл баримтлалаас ШУ технологийн аюулгүй байдлыг хассан асуудалд гадны нөлөөлөл орсон эсэхийг шалгах ёстой
Л.Энх-Амгалан: 2010 онд ҮАБ-ын үзэл баримтлалаас ШУ технологийн аюулгүй байдлыг хассан асуудалд гадны нөлөөлөл орсон эсэхийг шалгах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.