Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Хяналтгүй“ байсан түргэвчилсэн оношлуураас иргэд татгалзсан уу

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
8 минут 0 секунд

Дэлхий нийтэд тархсан цар тахлын аюултай нүүр тулаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт болоод хүн амын дунд хамгийн их шүүмжлэл маргааныг энэ тэнцүү дагуулж ирсэн сэдвүүдийн нэг бол эм, эмнэлгийн хэрэгслүүд тэр дундаа түргэвчилсэн оношлуур юм. Тэгвэл бид түргэвчилсэн оношлуурын эрэлт хэрэгцээ, худалдан авалт ямар байгаа талаар сурвалжиллаа.

ДЭМБ-аас шүлс, хамар залгиур, цусаар коронавирусийг илрүүлэх оношлуурыг баталгаажуулсан. Үүнтэй холбоотойгоор дотоодод эм ханган нийлүүлэх байгууллагууд энэ төрлийн оношлууруудыг оруулж, худалдаалдаг. Тэгвэл халдварын тархалт өндөр байх үед эрэлт их байсан түргэвчилсэн оношлууруудыг иргэд одоогийн нөхцөлд хэр их худалдан авч байгаа талаар эмийн сангуудаас мэдээлэл авсан юм.

“Мөнгөн дүндээ тохируулж аль хямд түргэвчилсэн оношлуурыг авах иргэд ч бий”

“Монгол эм импекс концерн” ХХК-ны эмийн сангаар орж түргэвчилсэн оношлуурын эрэлт хэр байгаа талаар тодруулахад “Иргэд түргэвчилсэн оношлуурыг худалдаж авах нь багассан. Өөрт нь шинж тэмдэг илэрсэн болон зайлшгүй шалтгаанаар шинжилгээ өгөх хүмүүс л худалдан авдаг болсон. Манайд нэг төрлийн л түргэвчилсэн оношлуур зарж байгаа бөгөөд хамар, залгиур, шүлс, цус аль ч байдлаар авах боломжтой. 18900 төгрөгийн үнэтэй. Анх халдварын тохиолдол их байх үед иргэд мэдрэг чанар, үйлдвэрлэгч гэхээсээ илүү байгаа мөнгөндөө тохируулж түргэвчилсэн оношлуурыг авдаг байсан. Хэдий түргэвчилсэн оношлуур нь чанарын шаардлага хангасан хэдий ч халдвартай, халдваргүйг нотлох бичиг болж үлдэхгүй учраас хүмүүс зайлшгүй тохиолдолд л ашигладаг болсон” гэв.

“Хувь хүн гэхээсээ илүү албан байгууллагууд ажилтнуудаа шинжилгээнд хамруулах зорилгоор авдаг болсон”

Үүний дараагаар “Мандала их тэрэг хүр” ХХК-ийн харъяа эмийн сангаар ороход хамар, залгиураас шинжлэх түргэвчилсэн оношлуур 22 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Ингэхдээ тус оношлуур нь 95 хувийн баталгаатай гэдгийг эмийн санч хэлж байсан юм. Тэрбээр “Шүлс, хамар залгиур хэсгээс авах түргэвчилсэн шинжилгээний тестүүд бүгд 22 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Анх халдварын тархалт өндөр байх үед түргэвчилсэн тестийн худалдан авалт их байдаг байсан. Харин өнөөдрийн байдлаар оношлуур авах хувь хүмүүс цөөрсөн байна. Хувь хүн гэхээсээ илүү албан байгууллагууд ажилтнуудаа шинжилгээнд хамруулах зорилгоор үе үе авдаг болсон. Ихэнх хүмүүс хамар залгиураас авдаг оношлуурыг л асуудаг” гэлээ.

“Хүмүүс түргэвчилсэн оношлуур худалдаж авахаа больсон”

Харин “Шүүдэр” эмийн сангаас мөнөөх асуултыг тодруулахад “Оношлуур 22 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Иргэд түргэвчилсэн оношлуур худалдан авахаа больсон. Хоёр сард л тус оношлуурыг иргэд маш их худалдаж авдаг байсан” гэлээ.

ШӨХТГ: Мэдрэг чанартаа хүрэхгүй оношлуурууд худалдаалагдаж байсныг тогтоосон

Халдварын нөхцөл байдал хүндэрч, шинжилгээний цэгүүд нь зайлшгүй шаардлагаар шинжилгээ өгөх иргэдийг л “наашаа” гэж байсан үе саяхан. Харин шинжилгээний цэгүүдээр ПСР бус түргэвчилсэн шинжилгээ авдаг болсон. Гэхдээ нийслэлд халдварын ид тархалтын үед түргэвчилсэн оношлуурт иргэд мөнгөө барж, чанар баталгаанд бус хямд өртөгтэй оношлуурыг худалдаж авч байсан нь сөрөг талыг ч дагуулсан. Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн оношлуур халдваргүй хүнийг халдвартай хэмээн оношилж буй тохиолдол их байгаа тул түүний чанар, баталгаанд хяналт шалгалт оруулах хэрэгтэйг иргэд хэлж байсан. Харин эмийн сангуудад худалдаалж буй түргэвчилсэн оношлуурууд баталгаатай эсэхэд хяналт шалгалт хийх гэж байгаа талаар ШӨХТГ-өөс мэдээлж байсан. Иргэд ШӨХТГ-ын шалгалтыг иргэд нэг талд ниргэсэн хойно нь хашгирав гэгч боллоо хэмээж, харин нөгөө хэсэг нь зөв зүйтэй шалгалт гэж онцолж байв. Өнгөрсөн долдугаар сард хийсэн уг шалгалтын талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Оношлуур дагасан эргэлзээтэй зүйлс нийгэмд их яригдаж байна. Эм ханган нийлүүлдэг 27 аж, ахуйн нэгж болон бусад эмийн сангуудаар хяналт шалгалт хийсэн. Сошиал орчинд түргэвчилсэн оношлуурын худалдаа хийж буй хувиараа бизнес эрхлэгч, хувь этгээдүүдийн мэдээллийг ч аваад явж байна. Оношлуур дээр гарсан улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хяналт шалгалтын ажлын дүгнэлтэд үндэслэж гарсан. Оношлуурыг ямар нэг лабораторийн дүгнэлтгүйгээр, тухайлбал ДЭМБ-ын дөрвөн оношлуурыг баталж, олон улсад импортлох, экспортлох үйл ажиллагаа явж байх шиг байна. Гэтэл нөгөө талдаа ямар ч лаборатороор ороогүй, ДЭМБ-аас гаргаснаар мэдрэг чанар 99.9 хувиас дээш, өвөрмөц чанар нь 97 хувиас доошгүй байх ёстой. Энэ заалтад нийцсэн оношлуур Монгол Улсад орж ирж байгаа юу гэдэг асуудал үүснэ. Хамар залгиур, шүлс, цусаар оношлох түргэвчилсэн тестүүдийг ашиглаж байна. Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлагад Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалаар батлагдсан журамд өөрчлөлт оруулах, тухайн өөрчлөлт нь заавал лабороториор шинжлэгдсэн ДЭМБ-ын зөвлөмжөөр өгсөн мэдрэг болон өвөрмөц чанар нь тогтоосон хэмжээнээс багагүй оношлуурыг оруулж ирэх, лицензийг олгох ёстой. Үүний тулд импортолж оруулж ирэхээсээ өмнө дээжийг нь авчирч шинжлүүлээд, түүнийхээ дагуу мэдрэг, өвөрмөц чанар нь шаардлага хангаж байгаа оношлуур дээр оношлуурын улсын гэрчилгээг олгоод, үүний дагуу импортын зөвшөөрлийг өгөх хэрэгтэй. Энэ нь аль аль талдаа асуудал үүсгэхгүй.

Нэгэнт төрөөс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу зааж өгөөгүй учраас хэн дуртай нь оношлуурын лиценз аваад оруулж ирж байна. Энэ нь нийгэмд дэгдэлтийг түгээх буюу магадгүй эерэг хүнийг сөрөг гэж оношлох эрсдэлтэй” гэсэн юм.

Түргэвчилсэн оношлуур тойрсон сэдвүүд хэзээ ч “ХУУЧРАХГҮЙ”

Эрүүл мэндийн сайдын 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр баталсан түр заавар батлах тухай тушаалд “ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу антигений түргэвчилсэн оношлуурын мэдрэг чанар 99.9-9 хувиас дээш байх, өвөрмөц чанар 97 хувиас дээш байх” гэж заасан байдаг. Гэвч ДЭМБ-аас гаргасан шаардлагад заасан мэдрэг чанартаа хүрэхгүй оношлуурууд худалдаалагдаж байсныг тогтоож, Шадар сайдад танилцуулж зарим оношлуурууд дээр прокурорын шалгалт явуулж байгаа аж. Халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч байгаа хэдий ч халдварын эрсдэл одоо ч хажууд байгааг албаныхан хэлсээр буй. Тэгвэл түргэвчилсэн оношлуурын асуудлыг ч орхих ёсгүй юм.

Ц.Янжиндулам

"Том мөнгөн дэвсгэртийг гаргахад судалгааны ажил хийхийг Төв банкинд үүрэг болголоо"
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.