Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сүхбаатар: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Гранд лайн“ ХХК-ий төслийг цуцаллаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
4 минут 31 секунд

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн "Гранд лайн" ХХК-ий төслийг цуцалжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатараас тодрууллаа.

-Төслийг ямар шалтгаанаар цуцалж байна вэ?

-"Гранд лайн" ХХК-ий төслийг цуцлах болсон үндэслэл нь энэ компани нь долоон жилийн хугацаанд гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Энэхүү гурван талт гэрээ нь иргэд, компани, хотын захиргаа гэсэн бүтэцтэй юм. Хотын зүгээс инженерийн шугам сүлжээгээр хангах үүрэгтэй. Хотын захиргаанаас тухайн үед "Гранд лайн ХХК"-д шугам сүлжээ хийх эрхийг тендер зарлалгүйгээр өгч байсан. Энэ хүрээнд нийт ес орчим тэрбум төгрөгийг хотын захиргаанаас гаргаж өгсөн. 11 тэрбумаас есөн тэрбумыг нь гаргачихсан байгаа гэдэг нь хотын зүгээс хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Харин "Гранд лайн" ХХК барилга барих өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

-Энэ хугацаанд нийслэлийн зүгээс тухайн компанитай байнгын холбоотой байсан уу?

-Жил бүр "Гранд лайн" компанитай уулзаж, үүрэг даалгавар өгсөөр ирсэн. Гэсэн боловч ямар ч арга хэмжээ авсангүй. 48 айлын газрыг чөлөөлөөд, асуудлыг шийдээгүй байна. Нийт 236 айл өрх тухайн талбарт хамрагдаад энэ айлууд газраа зарж, барьцаанд тавьж, хөрөнгө оруулалт хийж, байшингаа дулаалж чадалгүй долоон жилийн хугацаанд хохирсон байна. 48 айлаас газраа орон сууцаар солино гэж гэрээ хийгээд орсон зарим иргэд нас өндөр болоод хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Энэ мэт хохирлуудыг иргэдэд учруулсан байна.

"Гранд лайн" компанийн асуудлаар шүүхэд хандсан байдаг. Шүүхийн шийдвэрээр гурван талт гэрээг цуцлах ёстой гэх шийдвэр гарсан. Энэ компанид ямар нэгэн байдлаар хотоос нөхөн төлбөр нэхэх, гомдоллох эрх байхгүй гэж үзэж байгаа.

-Дараагийн компаниар ямар компанийг сонгож байгаа вэ?

-Дараагийн компанийг сонгох шалгаруулах ажлыг хотоос зохион байгуулна. Мөн 48 айл өрхийн хохирлыг барагдуулах зэрэг ажлыг нийслэлээс зохион байгуулна.

-Төслийн хүрээнд хэдэн айлыг орон сууцанд оруулахаар гэрээнд тусгагдсан байсан юм бэ?

-Нийтдээ 24 блок буюу 3130 айлын орон сууц, хоёр цэцэрлэг, нэг сургууль, нэг спорт цогцолбор барих төсөл байсан. Харамсалтай нь, 24 блок орон сууцны нэг нь ч баригдсангүй. Тухайн үеийн Хотын дарга байсан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн компани шалгаж авч байсан талаар иргэд мэдэж байгаа. Иргэдийн ирж байгаа гомдлууд нь таван компани нийлсэн гэж тухайн үеийн хотын дарга өөрөө ирж сурталчилгаа хийсэнд нь иргэд их итгэсэн гэдэг. Иргэд зөвхөн орон сууцаар хохироод зогсохгүй сэтгэл санаа болон цаг хугацаагаар маш их хохирч буйгаа хэлж байгаа.

-Бүтээн байгуулалтыг хэдий хугацаанд гүйцэтгэх гэрээтэй байсан юм бэ?

-Анх гэрээ хийхдээ нэг жил зургаан сарын хугацаанд гүйцэтгэнэ гэж байсан. 2013 онд хийсэн гэрээ учир 2014-2015 онд бэлэн болох ёстой байсан.

-Яагаад өдийг хүртэл төслийг цуцлаагүй юм бэ?

-Гранд лайн компанитай уулзалт хийх бүрт одоо яг эхлэх гэж байна гэж явсаар долоон жил болжээ. Бэрэм компанитай хамтран иргэдэд орон сууц өглөө гэж ярьдаг боловч орон сууцны гэрчилгээг ер гаргаж өгөөгүй. Хотын захиргаанд хэлэхдээ бид түр суурьшуулж байгаа гэж хэлдэг. Харин иргэдэд тун удахгүй байрны гэрчилгээг өгнө гэж ярьдаг. Гурван талт уулүзалт хийх гэхээр ирдэггүй зэрэг олон нөхцөл байдал байна.

5 настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны үнэлгээ хийнэ
5 настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны үнэлгээ хийнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.