Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

R&N Хамтлагийн ахлагч Даниел: Би яг одоо ч асаж явна

Ангилал
Нийгэм Ярилцлага Ubn story
Огноо
Унших
7 минут 13 секунд

Нийгэм, цаг үеийг эрч хүчээр удирдаж, хүүхэд залуусыг эерэг хандлагад уриалдаг нэгнийг онцлох "UBN STORY" булангийн ээлжит дугаарын зочноор R&N Хамтлагийн ахлагч Даниел буюу Өсөхбаярыг урьж оролцууллаа.

-Юун түрүүнд бага насны тань тухай ярилцъя гэж бодлоо?

-Чингис хаан төрөхдөө нөж атгаж төрдөг. Миний хувьд нөж атгаж төрөөгүй ч сайн аав, сайхан ээжийн хүү болон мэндэлсэндээ туйлын баяртай байдаг. Миний бага нас их сонирхолтой, түүхт зохиол шиг л өнгөрсөн гэж би боддог юм. Учир нь бага байхдаа хөдөө өссөн. Хурдан морь их унадаг байсан болохоор биеэрээ дүүрэн шархтай болчихоод л, голынхоо хүүхдүүдтэй барилдаад л, яг л хөдөө хүүхдүүд яаж амьдрана тэгж л өссөн.

Бага насныхаа дурсамжийг ярьвал нэлээн их зүйл болох байх. Ер нь л миний хүүхэд нас их сонирхолтой өнгөрсөн. Дээр нь би спортод их дуртай хүүхэд байлаа. Сагс тоглоод, сургуулийн секцэд яваад, тэгж байснаа жүдочин боллоо гэж ч бодож байсан. Ингээд 12 настайдаа Женко клубт элсээд, Цэвэлээ багшийн удирдлага доор бэлтгэл хийдэг байсан. Одоо бодоход Женко дэвжээний хажууд Шийрэв багшийн дэвжээ байдаг байсан юм. Тэнд саяхан Токиогийн олимпын наадмаас хүрэл медал авсан Ц.Цогтбаатар /Цогоо/ барилддаг байсныг санаж байна. Маш олон зүйлийг сонирхож байсан, волейбол ч тоглодог, чөлөөтөөр ч бариллдаг байсан. Ямар ч байсан хоосонгүй гэдэг шиг дүүргийн хүрэл медаль болон бусад жижиг тэмцээнүүдээс медаль авч байсан юм.

-Их хөдөлгөөнтэй хүүхэд байсан бололтой. Ер нь дуу хөгжимд татагдах тэр тусмаа өөрийн дуулах авъяасаа нээсэн цаг хугацаа хэдийд байв?

-Хамгийн анх 11 настайдаа аавтайгаа хамт барилгын ажил хийж, амьдралдаа анх удаа цалин авч үзэж байсан. Харин анх яагаад дуулж байснаа ердөө санадаггүй юм. Мөн л аав, ээж хоёртойгоо явж байхдаа дуулаад, хүнээс таван мянган төгрөг авч байсан. Мэдээж тэр нь намайг сайшаасны шан шүү дээ.

-Хамгийн анх дуулж эхэлж байхад чинь Өсөхбээбэр гэчихсэн байсан. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье?

-Би бага байхаасаа л дуу хөгжимд дуртай, урлагийн мэдрэмжтэй өссөн. Яагаад гэвэл манай удамд дуунд дуртай, сайхан дуулдаг хүмүүс их байсан юм. Тэд нарын маань ген уламжлагдаад надад өвлөгдсөн байх.

Хүүхэд байхад “Гэгээн алсын одод” наадам болдог байхад манай Далайцэрэн гэдэг найз оролцоод II байр эзэлж байсан санагдаж байна. Тухайн үед тэр найзтайгаа их дотно байсан юм. Найз маань надад анх “Micheal Jackson-ы Bad” гэдэг CD-г өгсөн. Түүнээс хойш би өөрийгөө урлагийн хүн болох ёстой юм байна. Энэ хүн шиг дуулж, бүжиглэдэг болно гэж бодож байсан. Тэр үед миний мөрөөдөл зөөлөн оч авч, асаж эхэлсэн юм шиг байгаа юм. Яг одоо ч гэсэн би асаж л явна л даа.

Харин Өсөхбээбэр гэдэг нэрний хувьд гэвэл, намайг 12 настай байхад Justin Bieber 16 настай ид од болж гарч ирж байсан юм. Тухайн үед надад Acer-ийн нөүтбүүк байдаг байсан юм. Нөүтбүүкээ микрофонтойгоо холбоод, өөрийнхөө утсан дээр дууг нь тавиад хоолойгоо бичиж үздэг байсан. Тэгээд л өөртөө Usukhbieber гэдэг нэр өгөөд, өөрийгөө UB гэж нэрлээд, гарын үсгээ Usukhbieber гэж багадаа зурдаг байлаа.

-Өдрийг тун завгүй өнгөрүүлдэг байх. Яг өөрийн өнцгөөс одооны залуусыг харахад ямар санагдаж байна?

-Би өөрөө залуу үеийн төлөөлөл. Яг өөрийн өнцгөөс залуучуудыг ажиглаад байхад их хоосон харагдаад байна. Учир нь залуус хэн нэгнийг хэт дуурайх гээд байдаг хандлагатай болчихсон бололтой. Энэ талаар би бага сага уншсан л даа.

Хүн бол яг л боомт дээр байгаа завь. Харин амьдралд давж гарах ёстой зүйлүүд нь далай дотор байж байдаг юм байна. Хүн хаанаас хаа хүрэх зорилгоо мэдэж байгаа цагт тэр завиа өөрөө жолоодоод хэрхэн хаана хүргэх, хэрхэн яаж завиа хөдөлгөх тактикаа боловсруулж явах ёстой. Гэтэл хүмүүс өөрсдөө амьдралынхаа завийг жолоодохгүй, хүний жолоодож яваа завинд хам суух гээд байдаг болчихсон юм шиг санагддаг.

-Танай хамтлагийн залуучуудын тайзны нэр олон хүний сонирхлыг татсан. Тайзны нэрний тухайд?

Миний тайзны нэр Daniel. Нэг хэсэг Өсөхбаяр буюу Daniel, Анхаа буюу Alexandro ч гэх мэтээр нэрс их явсан даа. Тэр надад их сонирхолтой байсан. Ер нь хүн бүрт тайзны нэр гэж байдаг. Тэгээд нэр маань ч өөрт маань таалагддаг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

-Мэдээж хүн бүр өөр өөрийн гэсэн зорилготой байдаг. Үүнийгээ дагаад залуу хүн бүр амбицтай байх хэрэгтэй. Гэхдээ зөв газраа, зөв амбицаа гаргаж байгаасай гэж хүсч байна. Миний хувьд хүрч чадах хэмжээний зорилго маань Английн “Wembley” стадионд тоглолтоо хийх. Гэхдээ бас энэ зорилгодоо хүрэх хэмжээний хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэхгүй би англи хэлгүй байж Wembley руу очно гээд ярьж байвал бүтэшгүй зүйл мэт сонсогдоно шүү дээ. Тиймээс тухай бүрт нь хийх ёстой зүйлээ хийгээд явна гэж бодож байна. Яг монголдоо би нэг хүнийг хараад role model хийсэн байгаа. Тэр хүн шиг болно оо гэж. Гэхдээ тэр хүний илүү сайн хувилбар, яг л тийм Daniel байхыг би хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ливанд шатахууны сав дэлбэрч, 20 гаруй хүн амиа алджээ
Ливанд шатахууны сав дэлбэрч, 20 гаруй хүн амиа алджээ
 
ШУУД: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг ХЗБХ-нд өргөн барилаа
ШУУД: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг ХЗБХ-нд өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.