Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: НЭГ чингэлэгний ДӨРВӨН тал буюу дөрвөлжин төмөр тойрсон ХЭРҮҮЛ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 2 секунд

Хэл ам тасардаггүй Хавдар судлалын үндэсний төвийн ээлжит нэгэн асуудал нь чингэлэг тойрсон өөр нэгэн газрын маргаан боллоо. Хачирхалтай нь, ХСҮТ болон "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК-ийн дунд орших орж, гардаг байсан гарцыг таглан чингэлэг тавьснаас болж асуудал үүсчээ. Үүний улмаас дөрвөн талын эх сурвалж уулзалдсан ч шийдэлд хүрээгүй салжээ. Тодруулбал, Чингэлэгний асуудалд Хавдар судлалын үндэсний төв, "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг албаныхан оролцжээ.

ЭХНИЙ ЭХ СУРВАЛЖ ХСҮТ

Хавдар судлалын үндэсний төвийн Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан "ШӨХТГ-аас ХСҮТ-ийг өрсөлдөгч тал гэж байна. Хорт хавдраар өвдөөд, ядарч зовсон хүмүүсээс аль болох их ашиг олж, баяжиж, ахуй амьдралаа дээшлүүлэх гэсэн зах зээлийн байгууллага мэтээр харж байна. Өвчинтэй, зовсон хүмүүсээс ашиг олох гэж байгаа хувийн эмнэлгийн орлогыг бид хаагаад байгаа гэж ярьж байна. Хаалт босгосон шалтгаан нь наашаа манайхаас хамааралгүй машин орж ирээд байгаа юм. Машины зогсоол уг нь зохион байгуулалттай, хаалттай, төлбөртэй байгаа юм. Мөн хогоо оруулж ирж хаяад байна. Үүнийг л цэгцлэх үүднээс бид тодорхой үйлдэл хийсэн. Уулзъя, ярилцъя гэж санал таван албан тоот явуулсан боловч хариу өгөөгүй" гэх тайлбарыг хийлээ.

Сануулахад, ХСҮТ-өөс хашаагаа хааж чингэлэг тавьсныг ШӨХТГ-аас шударгаар өрсөлдөхгүй, нөгөө эмнэлэг рүүгээ орох гарцыг хаасан хэмээн буруутгасан билээ.

ХОЁРДАХЬ ЭХ СУРВАЛЖ "ДӨРӨВДҮГЭЭР ЭМНЭЛЭГ" ХХК

Дөрөвдүгээр эмнэлэг ХХК-ийн Эмчилгээ эрхэлсэн захирал Н.Оргил, "Бид ХСҮТ-тэй өрсөлдөнө гэсэн бодол огт байхгүй. Гэхдээ эмнэлгийн барилга анх дөрвөн тал руугаа орц гарцтай байхаар баригдсан учраас өөрчлөх аргагүй.

Манай эмнэлэг нэгдсэн эмнэлгийн журмаар ажиллана. Энэ бүх асуудлыг бид эвээр шийдэж болно харж байна" гэсэн юм.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр ШӨХТГ-т гомдол гаргасан атлаа ширээ тойроод уулзах үеэр ийм зүйл ярьж байгаа нь анхаарал татав.

ГУРАВДАХЬ ЭХ СУРВАЛЖ ШӨХТГ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, "Төрийн хэвшлүүд хувийн хэвшлүүдээ аль болох дэмжиж ажиллах хуультай. Манайхаас энэхүү асуудлыг өрсөлдөөнд нөлөөлж байна гэж үзэж байгаа. Өрсөлдөөний тухайн хуулийн 13 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллага аливаа хувилбараар өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглосон заалт байдаг. Энэ заалтын дагуу ХСҮТ-д хууль зөрчих гээд байна шүү хэмээн анхааруулга өгч байгаа юм. Хуулийг зөрчихөөс урьдчилан сэргийлж бид энд ирсэн" гэв.

ДӨРӨВДЭХ ЭХ СУРВАЛЖ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Хоёулаа эмнэлэг учраас маргаан хүндэрч, асуудал шийдэгдэхгүй тохиолдолд иргэд л эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тиймээс дүүргийн Засаг даргын хувьд эмнэлгүүдийн дунд үүсээд байгаа асуудлыг хэн нэгний эрх ашиг, ямбаны төлөө биш зөвхөн иргэдийн эрх ашгийн төлөө өөр хоорондоо харилцан ярилцаж, аливааг эв зүйгээр шийдэх ёстой гэсэн байр суурьтай байнa" гэлээ.

Өнгөц харахад дөрвөлжин төмөр савны эргэн тойрны асуудал мэт боловч эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын үл ойлголцолд ШӨХТГ-ын зүгээс нэг талын байр суурийг голчлон авч үзэх нь асуудлыг улам цэгцгүй харагдуулж буй. Нөгөө талаас БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдалтай биечлэн танилцах гэж очсон боловч тодорхой шийдэлд хүрэхэд нөлөөлөөгүй нь мөн л учир дутагдал дагуулж байна.

ХСҮТ-өөс мэдээлж буйгаар асуудлыг хэлэлцээрийн ширээний ард шийдэлгүй ШӨХТГ-ыг дуудан анхааруулга хүргүүлж байгаа нь "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК аргаа барсных бус, ашиг сонирхлын өөр нэгэн зөрчил буйг харуулж байна. Мөн төрийн, хувийн гэлтгүй эрүүл мэндийн байгууллага эмчилгээ, үйлчилгээгээр өрсөлдөх бус эд мөнгө, орлогоороо өрсөлдөж түүнийг нь ШӨХТГ-аас шүүх гэж ирж байгаа нь нийгэмд ил болж буйг өчигдрийн үйл явдал харууллаа.

Б.Амарбаясгалан

Д.Сумъяабазар: Сүүлийн 30 жилийн хугацаанд ийм зориг гаргасан Ерөнхий сайд байгаагүй
Д.Сумъяабазар: Сүүлийн 30 жилийн хугацаанд ийм зориг гаргасан Ерөнхий сайд байгаагүй
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.