Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жолооч та 100 мянган төгрөгийн торгуультай бол Torguuli.police.gov.mn-д 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдана, 50 мянга нь өршөөлд хамрагдсан“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 16 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Өршөөлийн хууль батлагдсан. Өршөөлийн хуулийн төсөлд жолооч нарын торгуулийг өршөөхөөр заасан билээ Тодруулбал, 2021 оны аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд жолооч нар торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэн 50 хувийг нь Өршөөлийн хуульд хамруулахаар болжээ. Харин энэ талаар дутуу мэдээлэлтэй явж байгаа иргэдэд мэдээлийг бүрэн олгохоор ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхболдтой уулзаж ярилцлаа.

-Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш хэчнээн жолооч торгуулиа төлж өршөөлд хамрагдаад байна вэ?

-Хуулийн хэрэгжилт аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилж байна. Тиймээс нарийн стасистик мэдээ өгөх байхгүй байна. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг сольж байгаа.

-Торгууль тэглэхэд оноосоо шалтгаалан өөр өөр байсан шүү дээ. Иргэд бүх хугацааны торуулийг л өршөөсөн хэмээн ойлгож байна. Үүн дээр та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүнээс өмнө Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчлийг илрүүлж, арга хэмжээ тооцсон гэж ойлгож болно. Өршөөл үзүүлэх тухай хуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль биш Зөрчлийн тухай хууль тусгагдсан учраас 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнөх зөрчлийг өршөөн, хэлтрүүлэх боломжгүй. Тодруулбал, 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 00 минутаас өмнө зөрчил үйлдсэн хүмүүст хамаатай

-Торгуулийн 50 хувиа хэрхэн харах вэ?

-Иргэд torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийхэд торгуулийн мэдээлэл гарч ирнэ. Тухайлбал, та 100 мянган төгрөгийн торгуультай байсан бол таны 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдана. Үлдсэн 50 хувь нь өршөөлд хамрагдсан гэсэн үг. Тэгэхээр та ил харагдаж байгаа мөнгөн дүнгээ төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдэнэ. Хэрэв төлөөгүй тохиолдолд 2021 оны аравдугаар сарын 1-нээс хойш таны төлөх ёстой торгуулийн хэмжээ буцаад 100 мянга болж харагдана.

-Өршөөж байгаа хугацааг нарийвчлан хэлбэл, торгуулиа өнөөдөр төлсөн тохиолдолд хэзээ өршөөгдөх вэ?

-Бэлэн бус торгууль шалгах цахим системд Зөрчил гаргасан жолооч нарын торгуулийн 50 хувийн мэдээллийг идэвхгүй болгосон байгаа. Тиймээс иргэн цахим системд ил харагдаж байгаа мөнгөн дүнг төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдсэн гэж ойлгох хэрэгтэй.

-Өршөөлтэй холбоотой иргэдэд анхааруулж хэлэх андуу ташаа ойлгосон байж болзошгүй ямар асуудал байна вэ?

-Хамгийн гол зүйл нь дээр дурдсан зүйл шүү дээ. Ил харагдаж байгаа мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол 50 мянган төгрөгний торгууль ил харагдангуут 25 мянгыг нь төлөөд өнгөрч болохгүй гэсэн үг. Учир нь таны 100 мянгын торгуулийн 50 хувь нь өршөөлд хамрагдаад үлдсэн торгууль нь харагдаж байгаа.

Ярилцсанд баярлалаа.

Олимпын медальтнуудыг “Алтан Од“ одонгоор шагналаа
Олимпын медальтнуудыг “Алтан Од“ одонгоор шагналаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.