Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨХӨН СОНГУУЛЬ: Сонгинохайрханд Н.Алтаншагай, Э.Бат-Үүл, Хэнтийд Ц.Идэрбаттай Б.Гарамгайбаатар эсвэл Ж.Оюунбаатар өрсөлдөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 49 секунд

Нөхөн сонгууль тойрсон улс төр энэ өдрүүд ихээхэн баялаг болж өнгөрч байна. Бие даагчид аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулж байгаа бол нам, эвслийнхэн өнөө маргаашдаа багтаж нэр дэвшигчдээ тодруулна.

Ардын намынхан Удирдах зөвлөл, Бага хурлаа маргааш хийхээр төлөвлөсөн бол АН-ынхан Үндэсний бодлогын хороогоо хэзээ хуралдуулах ойлгомжгүй, тодорхойгүй хэвээр байна.

Сонгинохайрханд АН-аас Э.Бат-Үүл, МАН-аас Н.Алтаншагай нар өрсөлдөх үү

Нэр дэвшигчдийн хувьд хэвлэлээр янз бүрийн л таамаг, нэрүүд хөвөрч байна. Ардын намаас Сонгинохайрханд хүчтэй яригдаж, бас өөрөө амбиц тээж яваа хүнээр СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай нэрлэгдэж байна. Араас нь аавынхаа шахалтаар нэр дэвшихээр явж буй Э.Батшугар яригдаж буй бол намаасаа хасагдаад буцаж намдаа элссэн С.Мөнхчулуун ч нэр дэвшихээр бодолтой байгаа гэнэ. Н.Алтаншагайгийн хувьд Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хүн гэдэг утгаараа нэр дэвших өндөр магадлалтай хүмүүсийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байна.

Н.Батшугарын хувьд МАХН-ыг МАН-тай нэгдэх үйл явцад нөхөн сонгуульд МАХН-ын хүнийг МАН-аас нэр дэвшүүлнэ гэх тохирооны үндсэн дээр Сонгинохайрханд нэр нь яригдаж буй. Сонирхолтой нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэдийгээр намын үйл хэрэгт оролцохгүй байгаа ч нэгэнт хэлэлцэж тохирсон зүйлийг биелүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн сурагтай байсан.

С.Мөнхчулуун намын бодлогоо сөрж, улмаар намаасаа хасагдаж бие даан нэр дэвшиж чамгүй хэмжээний санал авсан. Сүүлд буцаад намдаа элсэх болсон шалтгаан нь нөхөн сонгуульд нэр дэвших тохироо байсан гэх “бор шувуу” ч нисч байлаа. Харин эдгээр дундуур Нийслэлийн орлогч Ж.Сандагсүрэнгийн нэр ч дуулдаж байна. Ер нь улс төрийн өнцгөөсөө харахад Сонгинохайрханд хэн дэвшихийг дүүргийн намын хорооны дарга Х.Нямбаатар сайд болон Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нар л шийднэ. Тэдний товлосон хүн дээр намын удирдлагууд нь ойлголцож, дэмжих нь дамжиггүй.

АН-аас хэн нэр дэвших нь тодорхой байсан ч сүүлийн өдрүүдэд гишүүн асан З.Нарантуяагийн нэр мэр сэр сонгогдож байгаад эрч нь буурав. Харин эх сурвалжууд Сонгинохайрханы нөхөн сонгуульд тамгатай АН-аас Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхээр талууд ярилцсан талаар өгүүлэв. Үнэн бол Ардын намаас нэр дэвшсэн хэнд ч эвгүй өрсөлдөгч Сонгинохайрханд гарч ирэх нь. Э.Бат-Үүл нэр дэвших магадлалтай. Учир нь С.Эрдэнийн АН-аас нэр дэвшигчийг бүртгүүлэх эрхтэй. С.Эрдэнийн АН гэдэг нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтнүүдийн тал билээ.

Харин ХҮН-аас Б.Найдалаа нэр дэвшихээр болоод байна.

Хэнтийд МАН-аас Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар нар өрсөлдөнө

Тэгвэл орон нутгийн нөхөн сонгуульд Ардын намаас Н.Энхбаатар нэр дэвших чинхүү хүсэл эрмэлзэлтэйгээр өнгөрсөн хугацаанд Хан Хэнтий нутгаа тойрсон сурагтай байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан, түүнтэй ойр гэгддэг тул олон хүн түүнийг нэр дэвших тохироогоо хэдийнээ хийсэн хэмээн ярьж, бичиж байгаа. Харин нөгөө талд нь Хэнтийн нөгөө лидер болох одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнийн гарын хүн гэгддэг Засаг дарга Ц.Идэрбатын нэр ч яригдаж байна. Мэдээллийн урсгалаа дагавал Н.Энхбаатар нэр дэвших магадлал өндөр. Гэхдээ хэдийгээр сайн ах, дүү ч гэсэн намдаа үлдэх улс төрөө бодвол Ерөнхий сайд өөрийн хүн Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэх магадлал нь хамаагүй илүү. Удирдах зөвлөл дээр асуудал бүрэн эцэслэгдвэл Н.Энхбаатар, хэрвээ асуудал Бага хурал дээр шийдэгдэнэ гэвэл аймгийн намын хорооны гишүүдтэй зуз, МАН-ын одоогийн нэгдүгээр хүн Л.Оюун-Эрдэнийн багийн хүн гэдэг утгаараа Ц.Идэрбат гарч ирэх боломж нь арай илүү.

АН-ын хувьд бас асуудал тодорхойгүй. Б.Гарамгайбаатар болон Засаг дарга асан Ж.Оюунбаатар хоёрын аль нэг нь нэр дэвших сурагтай байна. АТГ-т албан тушаалын хэргээр шалгагдаж байсан зэрэг муу нэр луу данснаас нь айвал Ж.Оюунбаатар нэр дэвших байх. Н.Алтанхуяг болон С.Эрдэнэ нар тохирч чадвал Б.Гарамгайбаатар дэвших боломжтой. Гэхдээ жингийн туухайд Засаг ноён асан Ж.Оюунбаатарын талд арай илүү жин дарж буй бололтой.

Нэр дэвших процесс болон нэр дэвшигчдийн хувьд нэг иймэрхүү байдалтай байна. Тэгвэл энэ сонгууль АН, МАН-д ямар ач холбогдолтой болон сөрөг талтай гэдэг талаар хэдэн өгүүлбэр хэлхэе.

МАН-ыг хөнтөрч АН-ыг сэхүүлж мэдэх нөхөн сонгууль

Нэгдүгээрт, хэдийгээр Сонгинхайрханы МАН-ын нэр хүнд сайн боловч Ардын нам уг сонгуульд хасах оноотой оролцож буй. Ялангуяа саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эмнэлгийн гадаа ковидоор нас барсан иргэн, бензиний үнэ огцом нэмэгдсэн, Замын-Үүдийн хил гаалийн асуудал, цагдаа нар, наадмын асуудал гэх зэрэг маш олон шалтаг, шалтгаануудаас болж эрх баригчдын нэр хүнд тасралтгүй унаж буй. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал 2020 сонгуулийнх шиг биш гэсэн үг юм.

Ардын нам энэ хоёр тойргийн аль нэгд л ялагдал хүлээвэл, юу, юугүй тэсрэхэд бэлэн байгаа “босогчид” сайхан далим үүсгээд намын даргатайгаа хариуцлагын асуудал ярьж мэдэх аюултай. Энэ нь даамжирч Засгийн асуудал болон өргөсөхийг ч үгүйсгэх аргагүй юм. Өөрөөр хэлбэл, хоёр нөхөн сонгуульд хоёуланд нь заавал ялах шаардлага үүсээд байна.

Харин АН-ын хувьд хоёр тойрог, ядаж нэг тойрогт л ялалт байгуулахад С.Эрдэнийн талд ихээхэн нэмэх оноо болно. 2012 оноос хойш “нар” үзээгүй ялагдаж яваа АН-ын хувьд ялалт байгуулвал нэгдүгээрт, С.Эрдэнэ нарын рейтинг өснө. Өсдөггүй юм аа, ярих хэлэх зүйлтэй болж буй юм. Мөн С.Эрдэнэ талынхан нэр дэвшигчээ тодруулж байгаа учир С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж тэргүүтнүүдийн хүн сонгуульд өрсөлдөнө гэсэн үг.

Нөгөө талдаа ялагдал хүлээвэл С.Эрдэнэ тэргүүтнүүдийн намын удирдлагыг авах ажиллагаа “даший шог” болно. Сонгуульд дараалж ялагдсан гэдэг утгаараа АН-ыг авах “дайнд” оролцох боломж нөхцөл нь хумигдана. Тэгвэл ХҮН-ын хувьд хаашдаа гарах эсэх нь эргэлзээтэй тул ямар нэгэн байдлаар өөртөө хөрөнгө санхүүгийн ашигтай байдал үүсгэхийг зорьж мэдэх юм.

Ер нь бол хоёр том намын удирдлагуудын хэн ялагдсан нь намаа алдаж мэдэх эвгүй байдал үүсэх бололтой.

Г.Лхагвадорж

ПАРАЛИМП: З.Ганбаатар өнөөдөр буудлагын төрөлд өрсөлдөнө
ПАРАЛИМП: З.Ганбаатар өнөөдөр буудлагын төрөлд өрсөлдөнө
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.