Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхсайхан: Шоронд 469 хонохдоо юуг эс эргэцүүлэх билээ дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 33 секунд

Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнгөрсөн наймдугаар сарын 5-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан. Тэрбээр өдгөө эрх чөлөөтэй болсон бөгөөд өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Ардчиллын харуй бүрий" номыг уншихыг санал болголоо. Мөн уг номны талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр "Шоронд 469 хонохдоо юуг эс эргэцүүлэх билээ дээ. Дэлхий дээр, бүс нутагт, эх оронд минь юу болоод байна вэ гэдгийг ухаж ойлгохын тулд олон ч номыг үзэж харсан. Хэлэлцүүлэг хийгээд хамт ярилцаж суух хүнгүй тул өөрөө өөртэйгээ удтал ярьсаар ирлээ.

Сайн муу хоёр зүйлийг ажиглав. Сайн тал нь монголчуудын сэтгэлгээ хэнээс ч хоцрох ёсгүй гэсэн мэт дэлхийд анхаарал татсан шилдэг номуудыг манайхан цаг алдалгүй орчуулан хэвлэдэг болж. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэж их сурталддаг байж билээ. Үнэхээр талархууштай. Муу тал нь энэ цонхоор ертөнцийг тольддог хүн нь хэд билээ, ер нь ном уншдаг хүний тоо хангалтгүй л байна уу даа, тиймдээ ч амьдрал дээр алдаа гаргах нь элбэгдүү юм шиг санагдаж билээ. Цаг хугацаа агуу багш тул сайн талруугаа засагдах нь дамжиггүй.

Жилийн өмнө ийм нэгэн нэртэй ном гарчээ. Зохиогч нь Энн Эпплбаум. Дэлхийн олон оронд ардчилал хүндхэн сорилтой тулгарч байгаа тухай юм. Бэлэн жор бичээгүй ч санаа авах зүйл ихтэй гэж олон хүмүүс магтаж байгаа.

Европт үе дамжсан хаант ёсыг халж аристократуудын засаглалыг ардчиллаар солих нь өрсөлдөөн бий болгож, мерит зарчим төрд хэрэгжинэ гэж үзэж байж. Хаана өрсөлдөөн үгүй болж, мерит зарчим үл хэрэгжинэ тэнд эрх мэдэл, албан тушаалд шунах үзэгдэл газар авч ардчилал харанхуй руу унах нөхцөл болж байна.

Мэдээллийн технологи тэгтлээ хөгжөөгүй үед ардчилал нийгмийн зөвшилцөл бий болгож чадаж байсан бол сошиал медиа хөгжсөн үед хүн бүр өөр өөрийн төөрөгдлөөр бие биеэ хардаж ардчиллыг доройтуулагчид болдог бололтой юм. Тэрч байтугай ардчилал дотоод хяналтаа алдах цагт хууль шүүх цагдаа прокурорыг өрсөлдөгчөө хүчээр дуугай болгох намнах улс төрийн сонирхол үүсдэг гэнэ шүү. Бидний туулж яваа зам шиг санагдав.

Олон газар зохиолчид, сэтгүүлчид, блог хөтлөгчид, жиргээчид, жүжигчид гэх мэт нийгмийн сэхээтэнлэг хэсэг амин хувиа хичээдэгүйсэн бол, өөрсдийнхөө үүрэг ролийг харанхуй масст даатгаж өөрийгөө худалдаггүйсэн бол ардчилал тэгтлээ хэврэгшихгүй байх байлаа гэж. Сонсголонтой л хэлж.

Бидний хийж чадах ажил бие биеэ сонс, ойлго, анхаарал халамж тавь. Таны өдөр тутмын хийх үйлдлээс ардчиллын хувь заяа шийдэгдэнэ гэнээ.

Анхаарч уншвал зохих ном хэмээн бичлээ. Болгоотугай" хэмээжээ.

“Цаашид эмнэлгийн орыг нэмэгдүүлэх боломжгүй“
“Цаашид эмнэлгийн орыг нэмэгдүүлэх боломжгүй“
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.