Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж байгаа иргэдийн 70-80 хувийг эмэгтэйчүүд, хүүхдүүд байна“

Ангилал
 Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
5 минут 41 секунд

Намрын улиралд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаагаас үүдэлтэй хулгайн гэмт хэргүүд нэмэгддэг. Хулгайн гэмт хэргүүдийн дундаас хамгийн түгээмэл хэлбэр болох халаасны хулгайн гэмт хэргийн энэ үеэр хамгийн их нэмэгддэг тул НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч дэслэгч Н.Үүрийнцолмонтой ярилцлаа.

-Намрын улиралд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаагаас үүдэлтэй хулгайн гэмт хэргүүд нэмэгддэг. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн тоон мэдээллээс хуваалцана уу?

-Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 12,388 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдсаны 7592 буюу 67.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 3642 буюу 32.4 хувь нь зөрчлийн шинжтэй бүртгэгдэж шалгалтын ажиллагааг явуулсан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн 80 гаруй хувь нь гар утас байна.

-Хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлснээс хойш буюу наймдугаар сар гарсаар энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн үү?

-Энэ төрлийн гэмт хэрэг ихсэх, багасах гэдэг ойлголт байхгүй. Хохирлын хэмжээ л ихсэх, багасах гэж бий. Халаасны хулгай бол нуугдмал гэмт хэрэг буюу цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй шалтгаанаар үндсэн тоо баримт гарах боломжгүй. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо л нэмэгдэх, хасагдах үзүүлэлт гарна. Гэмт хэрэг буурсан, үгүй гэсэн баримт тоо гарахгүй.

-Халаасны хулгайн гэмт хэргээс урьчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Байна уу? Байна" аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амсаж буй гар утасны хулгайн гэмт хэрэг, түүний нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хэрхэн хандах, дата мэдээллээ хэрхэн хамгаалах, цаашлаад иргэдийн сонор сэрэмж, хариуцлага, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд хамтрагч байгууллагууд нэмэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг хийж байна.

Иргэдэд эрх зүйн мэдлэг олгон юун түрүүнд гар утсаа алдсан тохиолдолд цагдаад мэдэгдэх, түүний дараагаар юу хийх хэрэгтэй гэдгийг тайлбарлаж байгаа.

-Хулгайн эд зүйлийн эзэмшигч нь тогтоогдоогүй тохиолдолд хохирогчийг нь хэрхэн олж эд хөрөнгийг нь өгдөг вэ?

-Хулгай хийсэн нэг этгээдийн орон байр, машин зэргээс хэд хэдэн ширхэг гар утас олдох тохиолдол байдаг. Мэдээж хулгай хийсэн хүн хэнээс авснаа хэлэхгүй. Тийм учраас хохирогчийг тогтоох чиглэлээр IMEI гэх 15 оронтой кодыг нь тогтоогоод үүрэн телефоны операторууд руу явуулан тухайн утсыг ямар хүн ашиглаж байсан мэдээллийг аваад тухайн иргэнд хүлээлгэж өгдөг.

Мөн "Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс" гээд манай албан ёсны фэйсбүүк хуудас бий. Тэр хуудсаараа дамжуулан хохирогч нь тодорхойгүй утаснуудын зураг болон мэдээллийг оруулж байгаа.

-Гар утасны хулгай ихэвчлэн автобусны буудлууд дээр үйлдэгддэг байх. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Автобусны буудлууд дээр ихэвчлэн өглөө, оройн цагаар буюу хүн ихээр цугласан үеэр хүмүүс утсаа хулгайд алддаг. Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж байгаа нийт иргэдийн 70-80 хувийг эмэгтэйчүүд, хүүхдүүд болон настай хүмүүс эзэлдэг. Халаасны хулгай үйлдэгдэх нөхцөл байдал хаана ч байх боломжтой. Зөвхөн автобусны буудал, автобус дотор гэж ойлгож болохгүй.

-Автобус доторх камерийг шүүх боломж хэр байдаг вэ?

-Улаанбаатар смарт карт болон автобус компаниуд хамтран автобус камержуулах ажлыг хийгээд хэдэн жилийн хугацааг үдлээ. Гэтэл тус газруудын зүгээс камер ажиллахгүй байгаа гээд байдаг. Камер ажиллахгүй байна гэх шалтгаанаар олон гэмт хэргүүдийг шалгахад хүндрэлтэй байдал үүсдэг.

-Цагдаагийн байгууллагаас тухайн газрууд руу шаардлага явуулдаг уу?

-Манайхаас албан мэдэгдэл явуулж байгаа. Хариуд нь "Улаанбаатар смарт", Автобус баазын аль нь хариуцах ёстой нь тодорхойгүй байдаг. Аль алинд нь албан мэдэгдэл, шаардлагаа хүргүүлж байгаа.

-Цагдаагийн байгууллагын зүгээс иргэддээ анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Иргэд олон нийтээрээ халаасны хулгайтай хамтдаа тэмцэцгээе. Хэн нэгнийг хулгай хийж байхыг харвал үйлдэл дээр нь таслан зогсооно уу. Бусдын өмчийг хулгайлж байгаа хүнийг битгий зүгээр хараад өнгөрөөгөөрэй.

СУРВАЛЖИЛГА: Дэврүүн хүсэл, гэгээн мөрөөдлөөр дүүрэн “Ургацын талбай“-гаар зочилсон тэмдэглэл
СУРВАЛЖИЛГА: Дэврүүн хүсэл, гэгээн мөрөөдлөөр дүүрэн “Ургацын талбай“-гаар зочилсон тэмдэглэл
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.