Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойртон нягтрах “програм“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 6 секунд

Тэрэлжид өнгөрөгч бямба гарагт нэгэн нууцлаг хүлээн авалт болжээ. Уулзалтын агуулга нь УИХ гишүүд ба Засгийн газрын сайд нарын ойртон нягтрах програм аж. Орж гарахад утас шөрмөсийг нь хурааж, эргэн тойрны хэдэн зуу метрээс харуул хамгаалалт гарч “секс парти” шиг сүртэй нууцалсан энэ уулзалтын проткол ч одоохондоо далд. Гэвч Монголд ямар нууц байх биш. Хэн хэнтэйгээ юу ярьж юу өрсөн нь улс төрийн үйл явдал, өрнөл хэмнэлээр илэрдэг хойно түр орхиё.

Энэ парти болохоос гурван өдрийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн сайд нартайгаа тусгайлан уулзжээ. Засгийн газрын хуралдаан тарсны дараа сайд нараа өрөөндөө дуудаад “нэг ч сайд солихгүй, улс төрийн бүх тохироо хангагдсан, санаа амар ажлаа хийцгээ” гэж дуулгасанд зарим нь баярлаж эгээтэй уйлах шахсан юм байх. Төрийн сайд хийх бүү хэл төлөг маллахад ч нэмэргүй улс төрийн яслийнхан Ерөнхий сайдынхаа энэ үгэнд баярлах нь аргагүй. Байгуулснаас нь хойш холино, солино, огцруулна гэж цуурсан Засгийн газрыг ноолсон ярианд танхимын тэргүүн нь товч, тодорхой хариултыг анх удаа өгч хэсэг хугацаанд гал намжаах нь тодорхой боллоо. Гэхдээ хэсэг хугацаанд гэдгийг энд онцлох хэрэгтэй.

Л.Оюун-Эрдэнэ залгамжлагч биш зангарагтай Ерөнхий сайд болохыг хүсч байна. У.Хүрэлсүхийн хуягт танкны сум нэвтэрдэггүй бүхээгт суугаад цардмал замаар давшсаар нэг мэдэхэд армийн жанжин болчихсон түүнийг даринд утагдсан хуучны офицерууд, хувьсгалын партизанууд отож ухсан нүхэнд нь унах төдий л хүрздэж гарахаар анаж суугаа. Бүх юм өөрийнх нь толгой дээр буусныг тэр маш сайн мэдэрч байна. Өөрийнхөөрөө шаггүй уран нүүгээд ч эхэлжээ. Яаж хийж байгаад эмээл дээрээ тогтчих эмнэг сургагчийн эрдэм түүнд өвлөгдөж. Гэхдээ яслийн сайд нараа хөтлөөд дараагийн барианд орохыг нийгэм ч улс төр ч зөвшөөрөхгүй.

МАН энэ намар Их хурлаа хийж даргаа сонгох бол УИХ үндсэн хууль, эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого гээч хоёр том улс төрийн агуулгатай шийдвэрийг гаргах бололтой. МАН-ын Их хурлаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгох нь бараг тодорхой. Намын удирдлага, төлөөллийн байгууллагад ч онц өөрчлөлт орохгүй.

Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн сайд нарын тоог нэмэх, үгүй дээ танхимын 50 хувьд хүргэх лобби аль хавраас хөдлөөд эхэлсэн. /Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бид өнгөрсөн зургаадугаар сард хэрхэн бичиж байсныг энд дарж уншина уу/ Томдчихсон пиджактай 80-аад оны залууд дуугүй дарлуулаад яваа 70-аад оны ах нарын намуухан байгаа шалтгаан нь ердөө л энэ. УИХ-ын гомдолтой гишүүдийг танхимдаа багтааж чадвал Засгийн газар 2024 он хүртэл онхолдож ойчилгүй явах замаа ч засах биз. Одоо засаг огцрууллаа ч УИХ-ын гишүүд өөрсдөө сайд болж чадахгүй учраас огт ашиггүй. Чухам ашиггүй учраас Засгаа ноолохгүй байгаа болохоос улс төрчдийн хомхой дарагдсан гэвэл түмний элэг хөшнө. Үндсэн хуульд маневр хийж тал талын эрх ашгийг хангах ажлыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат зангидаж байгаа гэх. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг УИХ аравдугаар сардаа багтааж хэлэлцэх бололтой. Ингээд МАН-ын Их хурал хуралдсаны дараа бүх зүйл шинэ гараанаас эхлэх төлөг хэдийнэ буужээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН-ынхан У.Хүрэлсүхийн гоцлол дүрийг багасгаж дотооддоо тэнцвэрээ олох чиглэлээр нэлээдгүй ажиллаад эхэлсэн. Тэтгэвэртээ гарсан Д.Оюунхорол, экс гишүүн О.Батнасангийн томилгооноос авахуулаад УИХ-ын гишүүдийн хүслийг биелүүлэх компанит ажил өрнүүлж агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрууд багагүй хөдөлгөөнд ороод эхэлсэн. Энэ хөдөлгөөн Эрдэнэс Монгол, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр гээд цаашаа хөврөх бололтой.

УИХ-ын гишүүдийг өөртөө татаж ойртон нягтрах програм хэрэгжихийн хажуугаар үгэнд ордоггүй дүлий цэргүүдээ буланд хаших чекистийн ажиллагаа ч эрчимтэй өрнөх боллоо. Нийслэлийн прокурор, гуравдугаар станцын дарга, орон сууц нийтийн аж ахуйн хэрэг, шүлхийн вакцийнханыхан, Замын-Үүдийнхэн, Татварынхан гээд бараг л баасан гараг алгасахгүй баривчилгаа явсаар зун дууслаа. “Нөгөө тал нь хоосон санжигнах гавны үзүүрээс зүүвэл зүүгээрэй” гэсэн чекист мэндчилгээг цөөнгүй ах нартаа ийнхүү хүргүүлжээ.

Эвлэрэх, рекетлэх програмаас гадна тохиролцож, наймаалцах шинэ програм удахгүй ашиглалтад орох бололтой. Энэ хүрээнд “эдийн засгийн шинэ сэргэлт” нэрийн дор асар их хэмжээний мөнгөний хуваарилалтыг дахин хийх нь. Аливаа хууль, шийдвэр хэдий чинээ сонсголонтой, эх оронч нэртэй байна тэр хэмжээгээрээ өмхий бузраа далдалсан байх нь олонтаа. Захаасаа гэрэлд цохиулсан энэ програмын тухай дараагийн удаа дэлгэрэнгүй бичмой.

Э.Цэндбаатар: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Э.Бадар-Ууган ах нар руу битгий дайраарай, архи уусан нь миний буруу
Э.Цэндбаатар: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Э.Бадар-Ууган ах нар руу битгий дайраарай, архи уусан нь миний буруу
 
Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн гэдгээ мэддэг болов уу
Э.Бат-Үүл: Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн гэдгээ мэддэг болов уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.