Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Дельта вирусийн тархалт өндөр энэ үед “NO KHURIM” давлагаа хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 44 секунд

Цар тахал, хөл хорио, альфа хувилбараасаа хэтийдсэн дельта хувилбар хэмээн ам уралдан ярьж, төр засгийн бодлого шийдвэрийг дэмжиж басхүү “халгаахгүй” хэмээн эсрэгцүүлсээр хоёр жилийн нүүрийг үзэв. Энэ хугацаанд төр засгийн шийдвэрээс гадна иргэн бүрийн үүрэг хариуцлага халдварын хариу арга хэмжээнд чухал нөлөөтэй болохыг олон жишээ өгүүлсэн. Харин сүүлийн үед бид бодолцож үзэх ёстой олон сануулгаа өмнөхөөсөө ч давсан хариуцлагатайн цуг хүлээн авах ёстой болж байгааг энд дурдах нь зүй.

Монголчууд бид зан заншил, соёл уламжлалаа ямар ч цаг үед дээдэлж ирсэн ард түмэн. Үүнийг ямар ч үед үгүйсгэх аргагүй, маргах ч зүйлгүй. Тэр тусмаа намрын саруудад билэгт сайн өдрийг “шилж” гал голомтоо бадраах хосуудын найр хуримын урилга тасрахгүй. Гэвч дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо хэн бүхнийг айдаст автуулах хэмжээнд хүрчихээд байх үетэй найр наадмын сарууд давхцаж орхилоо. Мэдээж гал голомтоо бадрааж буй хосуудад сэтгэл догдлохуйц чухал өдөр нь хуримын өдөр байдаг. Зайгаа барьж, маскаа зүү гэж албаныхан нь хэдий уриалсан ч найрын өдөр “корона унтчихсан” мэт санаж, түүнээс шалтгаалан хэтийдсэн их зориг гаргаж, баярлаж хөөрсөөр нэг өдрийг хяналтгүй өнгөрүүлдэг нь манайхны зан. Энгийн үед найр наадамд оролцох бол асуудал биш. Харин бид цаг үеэ ямар эрсдэлтэй болохыг ойлгоогүйгээс хурим найрнаас голомтолсон халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай боллоо.

-Баянхонгор аймагт найранд оролцсон 39 хүнээс халдвар илрэв

-Булган аймаг Баян-Агт суманд хурим болж 20 гаруй иргэд халдвар авав

-60-70 насны эгч дүү 3 настан найранд оролцож, халдвар аван, ХӨСҮТ-д сэхээнд оров

Энэ бол найрнаас голомтолсон халдварын тохиолдлын ердөө гурван жишээ. Иймдээ ч халдварын нэмэгдэж буй шалтгааллыг “найр наадам” хэмээн мэргэжлийн албад нь ч тодорхойлчихсон. Тухайлбал, энэ сарын 22-нд буюу намрын дунд сарын шинийн 17-нд сайн өдөр тул иргэд хурим найр, найр наадам хийлгүй халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй байгааг ЭМЯ-наас зарласан. Гэтэл эрсдэлтэйг нь мэдсэн хэр хэчнээн залуу хос гал голомтоо бадраахаар бэлтгэлээ хангаж эхэлснийг таашгүй.

Монголчууд нэгдвэл санаа бодол нь хаа ч хүрч чаддаг болохыг төрийн эргэж буцсан хэд хэдэн жишээнээс харж болно. Тухайлбал, үндэсний их баяр наадмыг өндөр өртөг төсөвлөн зохион байгуулахгүй байх шийдвэрийг NoNaadam хөдөлгөөнөөс гаргаж ирж чадсан. Тэгвэл цар тахлын нөхцөл байдал хүндэрч буй энэ үед No Khurim уриалгыг дэвшүүлье.

Найрын өдөр ч корона "унтдаггүй"

ХӨСҮТ-ын дарга асан Л.Баттөр урьд өгсөн ярилцлагадаа “Хөдөө, орон нутагт болж байгаа хурим найрнаас зуу гаруйгаараа халдвар тархах тохиолдол ч гарч байна. Монгол гэрт өөд өөдөөсөө харж суудаг, маскаа авдаг, айргийн хулаа тойруулж уудаг гээд орон нутгийн найр наадмын онцлог байна. Найран дээр нэг халдвартай хүн босоод л ая дууны сайхан мэнд өргөчихөд л тэр гэрт байгаа бүх хүний хувьд эрсдэл үүсчихэж байгаа юм” хэмээсэн байдаг. Энэ нь найр наадамд оролцож буй хүмүүс халдвар хамгааллын дэглэм сахиагүйгээс халдварын тоо ч алдуурав.

Амны хаалтгүй зөрөх төдийд л халдварлах чадвартай дельта хувилбарын тархалттай энэ үед бид эрүүл мэндээ нэгдүгээрт, бас дахин нэгдүгээрт тавих шаардлага үүсэв. Зөвшөөрөгдөөгүй хязгаарлалттай салбарын үйл ажиллагаанд олныг хамарсан найр хурим, арга хэмжээг хориглосон байдаг багтсан боловч энэ түр журам хөдөө орон нутагт биелэлээ олохгүй байна. Иймд орон нутгийн удирдлагууд ч олныг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах тал дээр бодолцож үзэх хэрэгтэй байгааг энд нуух юун.

Нэг өдрийн жаргал, баяр хөөрөөс мянган өдрийн аз жаргал, эрүүл мэнд амин чухал

Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх тохиолдлын тоо өндөр байна. Найр хуримыг өргөн хэмжээнд хийж байгаа нь орон нутагт халдварын эрсдэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Тиймээс иргэд олон нийтийг намрын өдрүүдэд найр хуримыг энэ жилдээ хойшлуулах зөвлөмжийг өгч байна. Тухайлбал, Баянхонгор аймагт найранд очсон 39 иргэнээс халдвар илэрсэн. Найр хурим хийх нь эргээд маш том эрсдлийг бий болгож буй учраас орон нутгуудад найр хуримыг бүрэн хориглохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгож байгаа" гэлээ” гэж байв. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хүмүүс нь хүртэл найр, наадмаа хэсэг хугацаанд хойшлуулах санаачилгыг гаргасаар байна. Гэвч хэзээнээсээ зөрүүдлэх, дураар зүтгэх манайхан энэ тал дээр таг дуугүй байсаар. Одоо л шийдвэр гаргаж, үүсч болзошгүй эрсдлээс хамгаалахын тулд бидний санаа зорилго нэг байх учиртай. Угаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед хязгаарлагдсан үйл ажиллагаанд хуримын ёслол багтана.

Эцгийн гэрээс өрх тусгаарлан, гал голомтоо бадраах шиг жаргалтай мөч үгүй. Гэвч нэг өдрийн жаргал, баяр хөөрөөс илүү мянган өдрийн аз жаргал, өөртөө зориулсан эрүүл мэнд амин чухал. Иймд бидэнд NO KHURIM давлагаа хэрэгтэй байна.

СУРВАЛЖИЛГА: ЗАРИМ эрхээ хасуулсан ч СУРАХ эрхээ хасуулаагүй сурагчид
СУРВАЛЖИЛГА: ЗАРИМ эрхээ хасуулсан ч СУРАХ эрхээ хасуулаагүй сурагчид
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.