Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Гуравдугаар тунд хамрагдаж буй ихэнх иргэд файзер вакциныг сонгож байна“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
3 минут 43 секунд

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар болсон.

Баянзүрх дүүрэг дэх вакцинжуулалтын цэгүүдийн нэг болох Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дархлаажуулалтын нөхцөл байдлыг сурвалжиллаа. Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэдийн урсгал тогтмол бөгөөд бөөгнөрөл үүсгэлгүй дараалалд орон вакцинд хамрагдаж байна.

Вакцинжуулалтын нөхцөл байдлыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн халдвар судлаач эмч М.Орхоноос тодрууллаа.

-Вакцины гуравдугаар тунгийн дархлаажуулалтад өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг хамруулж эхэллээ. Иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх ямар хэмжээнд байна вэ?

-Өнгөрсөн хоногуудад зорилтот бүлэг буюу архаг хууч өвчинтэй, жирэмсэн зэрэг хүмүүсийг вакцины гуравдугаар дархлаажуулж эхэлсэн. Өдөрт 300-400 хүнд манай эмнэлэгт ирэн вакцинжуулалтад хамрагдаж байна. Эдгээрийн хүмүүсийн 80 хувь орчим нь гуравдугаар тунгийн дархлаажуулалт байна.

-Зорилтот бүлгийн вакцины гуравдугаар тунгийн вакцинжуулалт хэзээнээс эхэлсэн бэ?

-Наймдугаар сарын 23-наас хариу арга хэмжээний багийнхныг вакцины гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдуулж эхэлсэн.

-БНХАУ-д үйлдвэрлэсэн синофарм вакцины хоёр тунд хамрагдсан иргэд гуравдугаар тун хийлгэхдээ синофарм вакцинаа дахин хийлгэх болон файзер вакциныг хийлгэх гэсэн сонголт бий. Энэ талаар тодруулбал?

-Өмнөх хоёр тун нь файзер, астразеника, синофарм зэрэг вакцин хийлгэсэн хүмүүст файзер болон синофарм вакцины сонголт байгаа. Олон улсад хийсэн судалгаанаас үзэхэд гуравдугаар тунд аль алиныг нь хэрэглэж болно. Хүмүүс сайн дурын үндсэн дээр сонголтоо хийж байгаа.

-Улсын хоёрдугаар төв эмнэлэгт гуравдугаар тунгаа хийлгэж байгаа иргэдийн хувьд аль вакциныг илүү сонгож байна вэ?

-Ихэнх хүмүүс файзер вакциныг сонгож байна. Синофарм вакциныг сонгох тохиолдол харьцангуй бага байна. Файзер вакциныг гуравдугаар тунд ашиглахад хийсэн судалгааны үр дүнгүүдийг харахад илүү өндөр хувьтай дархлаа тогтож байна гэж үзэж байгаа. Тийм учраас хүмүүс файзер вакциныг илүү сонгож байна.

Гуравдугаар тунд хамрагдаж буй зарим иргэдтэй уулзаж тэдний байр суурийг сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Уянга "13 настай хүүгийнхээ хоёрдугаар тунг хийлгэхээр ирсэн. Миний хувьд синофарм вакцины хоёр тунд хамрагдсан. Гуравдугаар тунд хамрагдахгүй. Учир нь би хоёр тун хийлгэснээсээ хойш халдвар аваад эдгэсэн. Тиймээс гурав дахь тун хийлгэхгүй гэж бодож байна" гэв.

55 настай иргэн О.Мелсчой "Эхний хоёр тунгаа файзер хийлгэсэн. Гурав дахь тунгаа ч мөн файзер хийлгэнэ" гэсэн бол 18 настай иргэн Э.Монголжингоо "Дүүгийнхээ вакциныг хийлгээд гарч байна. Хэдийгээр би хоёр тунд хамрагдсан ч гэлээ ээжтэйгээ ярилцаж байгаад гуравдугаар тунгаа хийлгэх эсэхээ шийднэ" гэв.

Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад 18-аас дээш насны иргэдийг хамруулж эхэлсэн ч 20-40 насны залуус дархлаажуулалтын цэг дээр цөөн байлаа. Энэ нь ажлын долоо хоногийн эхний өдөртэй холбоотой байх хэмээн эмнэлгийн ажилтнууд хэллээ.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 10 хоног үргэлжилнэ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 10 хоног үргэлжилнэ
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.