Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан: Шөнийн цагаар хөдөлгөөн хорьсноор өдөрт 300-400 бүртгэгддэг халдварын тоо илт буурсан

Ангилал
Нийгэм COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
7 минут 58 секунд

Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хөдөө, орон нутгуудад коронавируст халдварын нөхцөл байдал нийслэлийнхээс давсан. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын хүн хүч, хүрэлцээ орон нутагт хүндэрч магадгүй талаар албаныхан мэдээлж байсан удаатай. Тухайлбал, долдугаар сарын сүүлээр Баян-Өлгий аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тооо 150-300 хүрч байв. Харин сүүлийн өдрүүдэд тус аймагт халдварын тоо эрс буурч байгаа үзүүлэлттэй байна. Тэгвэл тус аймгийн халдварын нөхцөл байдлын талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржанаас тодрууллаа.

-Долдугаар сарын дундуур танай аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдэх хандлагатай болж, түүнчлэн дельта хувилбар ч тархсан талаар албаныхан мэдээлж байсан. Гэхдээ сүүлийн өдрүүдэд халдварын нөхцөл байдал харьцангуй намжиж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Ер нь халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай аймаг дотооддоо халдвар алдаагүй цөөн хэдэн ногоон бүсийн нэг байсан. Гэвч зургадугаар сарын эхээр анхны гурван кластер бүртгэгдэж, 11 тохиолдол илэрсэн. Долдугаар сард баяр наадмаа хийгээгүй боловч дотоодын аялал жуулчлал их байсан. Долдугаар сарын 7-8-ны хооронд өдөрт 100 гарантай тохиолдол бүртгэгдэх болсон. Цаашлаад долдугаар сарын сүүлээр өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 200-400 болж эрс нэмэгдэж, нөхцөл байдал ч хүндэрсэн. Аймгийн ЭМГ-аас 120 хүн хүлээн авах эмнэлгийг анх бэлдсэн байсан. Эхэн үедээ эмнэлэг маань дүүрсэн. Иймд дөрвөн газар нэмэлтээр өвчтөн хүлээн авахаар бэлдэж, нийт 380 хүнийг хүлээн авах чадалтай болсон юм. Кластерийн тоо ихсэж, аймгийн онцгой УОК-той зөвшилцсөний дүнд аймгийн хэмжээнд наймдугаар сарын 15-25-ны өдрүүдэд нийт 10 хоногийн хөл хорио тогтоосон.

Хөл хорио тогтоосон өдрүүдэд Улаанбаатар хот руу болон бусад аймаг руу чиглэн зорчиж буй иргэдийн хөдөлгөөнийг хаагаагүй. Харин бусад аймгаас ирж буй ард иргэдийг хөл хорио тогтоосон өдрүүдэд хүлээж авахгүй байхаар шийдвэрлэсэн. Аймаг дотроо төрийн бус бүхий л шатны хувийн аж, ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Гэхдээ эмнэлэг, эмийн сангийн ажилтан алба хаагч, хүнсний дэлгүүрүүд, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн. Оройн 19 цагаас маргааш өглөөний 07 цаг хүртэл тэг зогсолт хийж байсан.

Хөл хорио тавьсан эхний гурав хоногт ард иргэд эсэргүүцэж хүлээн авсан. Гэхдээ дараагийн өдрүүдээс ард иргэд ч хүлээн зөвшөөрч, сахилга баттай байсанд талархаж байгаа. Үүний дүнд өдөрт 300-400 хүртэл бүртгэгдэж байсан халдварын тохиолдлыг арав хоногт илт бууруулж чадсан.

-Мэдээж аялал жуулчлалаас гадна хурим, найр их болсон нь халдварын тархалтад нөлөөлсөн талаар албаныхан мэдээлж байсан?

-Манай аймагт хурим найр их болсон нь үнэн. Энэ нь халдварын нөхцөл байдалд нөлөөлсөн байх. Хоёрдугаарт, ХӨСҮТ-ээс манай аймагт дельта хувилбар тархсан талаар мэдээлэл өгсөн. Гэхдээ вакцинжуулалтын ачаар өнөөдөр ард иргэдийн дунд халдварын улмаас амь нас эрсдэх, хүндрэх тохиолдол харьцангуй бага байгаа юм. Халдварын нөхцөл байдал хүндэрч, ачаалал их байх үед 380 хүн нэг дор эмнэлгийн үйлчилгээг авч байсан. Тухайн үед 380 хүний 30-40-ийнх нь биеийн байдал маш хүнд байсан. Өнөөдрийн байдлаар 120 орчим хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь маш хүнд байгаа 3-4 хүн л байна.

-ПСР болон түргэвчилсэн шинжилгээг иргэдээс төлбөртэй авч байгаа юу?

-Аймгийн хэмжээнд дөрвөн хэсэгт шинжилгээ өгөх санхүүгийн бололцоогүй иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулсан. Сайн дурын үндсэн дээр уриалга гаргаж, эмийн сангуудаас түргэвчилсэн оношлууруудыг шинжилгээний цэгүүдэд хүргүүлсэн.

-Эрүүл мэндийн байгууллагын ачаалал хэр байгаа вэ?

-Одоогоор хэвийн байгаа. Халдварын нөхцөл байдал хүндэрсэн үед төрийн байгууллагын ажилтан, алба хаагчид халдварт ихээр өртсөн. Тухайлбал, Улсын бүртгэлийн газар, Газрын алба, Нийгмийн даатгал, банк санхүү зэрэг ард иргэд олноор үйлчлүүлдэг газруудад халдвар их тархсан. Тэр байтугай Засаг даргын тамгын газрын ажилтнуудын 60 хувь нь халдвар авсан байсан. Түүнчлэн тухайн үед эмнэлгийн эрүүл мэндийн салбарын ажилчдын 50 хувь нь өвдсөн. Гэхдээ тэд маань эдгэрч гарч ирээд, ажилдаа хэвийн орсон. Одоогоор эрүүл мэндийн салбарын ачаалал буурсан. Манай аймагт жирэмсэн эмэгтэйчүүд их халдвар авсан. Иймд ковидын эмнэлэгт хагалгааны тасаг гаргаж, 20 гаруй жирэмсэн эхэд кесоварь хагалгаа хийсэн. Хүүхэд эрүүл төрсөн даруйд эхийн ар гэрт өгч, ковидын эмчилгээ дуустал өөр газар асарч, сувилах зохицуулалт хийж байсан. Өнөөдрийн байдлаар 9 жирэмсэн эх 4, хүүхэд эмчлүүлж байгаа.

Нэгдсэн эмнэлгийн дарга, орлогч нарыг долоо хоногийн хугацаатай ковидын улаан бүс рүү оруулж ажиллуулж байгаа. Иргэдийн эмчилгээ хийлгэж буй байдал, эм тарианы хангамж, биеийн байдал зэрэгтэй танилцах чиглэлийг өгсөн. Ирэх долоо хоногт өөрийн биеэр орж ажиллах бодолтой байгаа.

-ХӨСҮТ-өөс мэргэжлийн эмч, алба хаагчдын баг бүрэлдэхүүн танай аймагт очиж ажилласан гэсэн?

-Халдварын нөхцөл байдал хүндэрч байх үед ХӨСҮТ-өөс хоёр ч баг ирж ажилласан. ХӨСҮТ-ийн баг ирж зөвлөн тусалж, улаан бүсэд ажиллаад буцсан. Тухайн үед ХӨСҮТ-ийн ирж ажилласан хоёр ч эмч халдвар авсан.

-Танай аймагт дархлаажуулалтын ажил хэрхэн үргэлжилж байна вэ. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт эхэлсэн байгаа юу?

-Манай аймагт нэгдүгээр тунгийн хамрагдалт 91.1, хоёрдугаар тун 82.4 хувьтай үргэлжилж байна. 12-оос дээш насны хүүхдүүд дархлаажуулалтад бүрэн хамрагдсан гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар 1197 иргэн бүүстер тундаа хамрагдсан байна.

-Ер нь хөдөө орон нутгуудын улирдлагуудад найр хурим зохион байгуулахгүй байх чиглэлийг хүргүүлсэн талаар ЭМЯ-аас мэдээлж байсан. Танай аймгийн халдварын тархалтад хурим найр нөлөөлсөн нь үнэн. Тэгвэл хурим найр зохион байгуулах асуудалд ямар зохицуулалт хийсэн бэ?

-Хурим найр, оройн цагаар архидан согтуурах, худалдан борлуулахыг бүрэн хориглосон. Нууц байдлаар хурим найр хийх асуудал гарч байна. 80 гаруй хүнд захиргааны хэргээр хэрэг үүсгэж, 20 гаруйд нь хариуцлага хүлээлгээд явж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглэе
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглэе
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.