С.Раднаабазар: Анх мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа үзэгнээс өөр зэвсэггүй байлаа

Ангилал
Нийгэм Бусад Ярилцлага
Хэзээ
2021/09/14
Унших
18 минут 7 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Самбуугийн Раднаабазартай ярилцлаа. Мөрдөн байцаах албанд 20 гаруй жил ажиллахдаа албаныхаа бүх шатыг биеэр туулж, бага дэслэгчээс хурандаа хүртэл буюу байцаагчаас Мөрдөн байцаах газрын дарга хүртэл ажиллан өдгөө 70 гарсан буурал хөгшинтэй өрнүүлсэн "дулаан" ярилцлагыг хүргэж байна.

-Сайхан намаржиж байна уу та. Юун түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би 1948 онд Ховд аймгийн суутнуудын нутаг Дарви суманд төрсөн хүн. Дарви сум бол алдартан, гавьяатнуудаараа аймагтаа бүү хэл улсдаа тэргүүн байранд ордог сум. Дунд сургууль төгсөөд гал командад орсон. Тэр үед Нийгмийн аюулаас хамгаалах яаманд харьяалагддаг байсан юм. 1967 оноос эхлэн гал сөнөөгчөөр ажилласан. Гал сөнөөгчөөр ажиллах хугацаандаа Мөрдөн байцаах албаны ажилтан болъё гэсэн сонирхол татагдаад Хуулийн дунд сургуульд оройн ангиар суралцсан. 1972 онд Хуулийн дунд сургуулийг оройгоор суралцаж онц сайн дүнтэй төгсөөд Цагдаагийн байгууллагад хүсэлтээрээ орсон. Мөрдөн байцаах газрын гуравдугаар хэлтэст бага дэслэгч цолтой анх мөрдөн байцаагч болж байлаа.

-МАНАЙ ГЭРТ БҮҮ ХЭЛ МАНАЙ БАГТ ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН ХҮН ҮГҮЙ БАЙГААГҮЙ-

-Та хэн гэдэг хүний хэддэх хүүхэд вэ. Ар гэрээс тань цэрэг цагдаагийн хүн байсан уу?

-Би Самбуу гэдэг хүний тав дахь хүүхэд. Долоон хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд юм. Хамгийн том ах маань 80 гарсан хөгшин Дархан-Уул аймагт амьд байна. Хоёр дүү минь бас амьд. Манайхан дотор мөрдөгч, цэрэг, цагдаагийн хүн байхгүй. Манай гэрт байтугай манай багт ч байдаггүй байлаа. Ах дүү нарын дунд ч цагдаад байсан хүн үгүй.

-Ойр орчимд тань цэрэг, цагдаагийн нэг ч хүн үгүй атал гал сөнөөгч болоод цаашлаад мөрдөгч болсон тань сонирхолтой санагдаж байна?

-Аав маань нэг өдөр хүүдээ ажил олчихлоо, маргааш хоёулаа явна гэлээ. Аавыгаа дагаад явтал Төмөр замын гал командын газар аавын цэрэгт хамт байсан хүн нь тэндхийн боловсон хүчин байсан юм байна. Намайг хараад л сайхан хүү байна, авъя гэсэн. Ингэж л гал командын газар орсон түүхтэй. Тэндээс өөрийн хүсэлтээр сургуулийг нь дамжиж байж мөрдөн рүү шилжсэн.

Тэр үед бид ном, сонин их уншдаг байлаа. Янз бүрийн дитектив зохиолууд олон байсан. Тэр зохиолуудыг уншаад л энэ ажил их сонирхолтой юм байна. Ийм л ажил хийдэг хүн болъё гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар ч байсан байцаагчаараа насыг барж болохгүй учраас бүгд албыг нь хашиж үзье гэж зүтгээд мөрдөн байцаах албаныхаа бүх албан тушаалыг дамжсаан, дамжсан.

1974 онд Мөрдөн байцаах газрынхаа хөдөлмөрийн аварга болсон юм. Тэр жилдээ Мөрдөн байцаах газрын дөрөвдүгээр хэлтэст Ахлах мөрдөн байцаагчаар дэвшсэн. Даргын эзгүйд даргыг орлоно, алба хаагчдынхаа ажлыг зохицуулна гээд ажил ихтэй. Бусдаар бол ахлах гэлээ гээд онцгой зүйл байхгүй.

-ЗХУ-ЫН ВОЛГОГРАД ХОТЫН МӨРДӨН БАЙЦААХЫН СУРГУУЛИЙГ ОНЦ ДҮНТЭЙ ДҮҮРГЭСЭН-

Харин тэр үед манай хэлтэст надаас бусад нь дээд боловсролтой хүмүүс байсан юм. Дунд сургуулийн үнэмлэхтэй нөхөр олон дээд сургууль төгссөн хүмүүсийн ажлыг зохион байгуулна гэдэг багахан төвөгтэй байдаг байлаа. Хүмүүс ч тааламж муутай байсан байх. Сүүлдээ дасаад, нэгнийгээ ойлгож мэддэг болоод хэн хэндээ тусалдаг, дэмждэг болсон. Тэр үед хүмүүсийн зан чанар их сайхан байлаа. Гал сөнөөгч байж байгаад мөрдөн байцаагч болсон хүн огт юм мэдэхгүй үед минь Лигрэв гэж нэг өвгөн мөрдөн байцаагч байсан юм. Тэр хүн албан ёсоор намайг дааж авч халамжлан сургагчаар ажилласан. Бүхий л нарийн ширийн юмыг минь хэлж өгдөг байлаа. Лигрэв гуай хожим нь Гавьяат хуульч болсон.

Мөрдөн байцаах газрын дөрөвдүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар 10 жил ажиллаад ЗХУ-ын Волгоград хотын Мөрдөн байцаахын дээд сургуульд явсан. 10 жилийн сурагч байхдаа Орос хэл гадарладаг байсан учраас Бэлтгэл ангид суралгүй дөрвөн жилээр төгсөж ирсэн. Дөрвөн жилээр төгсөөд ирэхдээ мөн л онц дүнтэй төгсөж байсан.

-ЗХУ-д мэргэжил дээшлүүлсэн талаараа дээр дурдсан. Оюутан ахуй цагийнхаа дурсамжаас манай уншигчдад хуваалцвал?

-ЗХУ-ын Дотоод явдлын яамны харьяа Мөрдөн байцаахын дээд сургууль Волгоград хотод байсан юм. Тэр сургуульд манайхаас олон хүн сурдаг байлаа. Би 1981 онд очсон. Тэр жил намайг очиход Монголын 60 оюутан тус сургуульд сурдаг байсан. Монгол үндэсний групп гэж байсан юм. Группын хүүхдүүдээ хариуцдаг нэг хүн, зөвлөлийн гишүүд мөн байсан. Би хоёрдугаар курсээсээ эхлэн тэр группын зөвлөлийн ажлыг хариуцаж авсан. Гурван жил хариуцлагатай сайн ажилласан хэмээн Москва хотод байдаг Элчин сайдын яамнаас шагнагдаж л байсан.

-Ирээд ямар албан тушаал хашиж эхлэв?

-Ирээд Мөрдөн байцаах газрынхаа нэгдүгээр хэлтсийн дарга болсон. Энэ албанд нэг жил ажиллаад МБГ-ын дэд дарга болсон. Дэд даргаар ажиллаж байтал дарга маань дэвшиж Ерөнхий газрын орлогчоор явахад нь би МБГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр үлдсэн юм.

1991 онд гавьяаныхаа тэтгэвэрт гарсан. Би өөр газар ажиллаагүй. Зөвхөн мөрдөн байцаах албандаа л ажилласан хүн л дээ. Анх бага дэслэгч цол зүүж ороод одоо хурандаа цолтой байна.

-ҮЗЭГНЭЭС ӨӨР ЗЭВСЭГГҮЙ...-

-Юм ховор үед цагдаагийн ажилтны техник хэрэгсэл, унаа, зэвсэг ямар байв?

-Биднийг анх мөрдөгчөөр ажиллаж байх үед одооных шиг байдаггүй байлаа. Хангамж гээд байх зүйлгүй, үзэгнээс өөр зэвсэггүй байсан юм шүү дээ. Сүүлдээ гар, хурууны хээ авдаг материалтай боллоо. Дараа нь зургийн аппараттай боллоо. Дараа дуу хураагуурын төв байгуулагдлаа. Түүний дараагаар бичгийн машинтай боллоо. Бичгийн машин хэрэглэж байгаа хүн бол хамгийн соёлтой хүн гэж яригддаг байлаа.

-Унаа машины хувьд ямар байв?

-Машин, техникийн хувьд ч тааруу байсан. Нэг хэлтэст нэг ГАЗ-69 машинтай байлаа. Өнөөх нь хаанаа ч хүрэхгүй. Өдөрт тэдэн км явах бензиний дээд хэмжээтэй. Тэр нь нэг тийш яваад л дуусчихна. Тэгээд л автобусаар явах нь автобусаар, явган жирийх нь явган жирийдэг байлаа. Одоо бол сайхан болсон байна.

-МӨРДӨН БАЙЦААГЧ ХҮН ТАЛ БҮРИЙН МЭДЛЭГ ЭЗЭМШСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ-

-Таны ажлын талаар дэлгэрэнгүй ярилцъя. Мөрдөн байцаагч хүн ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой байдаг вэ?

-Мөрдөн байцаагч хүн нэгдүгээрт хуульч хүн байх ёстой. Хоёрдугаарт, Мөрдөн байцаах албанд ажиллаж чадах тэвчээртэй, дур сонирхолтой хүн байх ёстой. Хуульчаас гадна хувийн зохион байгуулалт сайтай, шулуун шударга, ёс зүй сайтай, хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг байх хэрэгтэй. Кинон дээр гардаг шиг хүнийг сүрдүүлж, айлгадаг хүн байж болохгүй. Тэр бол ёс зүйгүй харагддаг. Хамгийн гол нь мөрдөн байцаагч хүн мэдлэг, боловсролтой байх ёстой. Сургууль төгслөө гээд мөрдөн байцаагч болно гэж байхгүй. Учир нь мөрдөн байцаагчдын гараар есөн шидийн хэрэг дамждаг. Хулгайн, дээрмийн, зодооны, өмчийн, хүн амины зэрэг хэргүүд бүгд багтана. Эдийн засгийн ойлголтуудыг мэддэг байх хэрэгтэй. Шинжлэх ухааны бүх төрлийн салбарыг гадарладаг байх ёстой. Тийм байж сая мөрдөн байцаагч болно. Учир нь хэргийг бүрэн гүйцэд нотлохын тулд шинжлэх ухааны ололт, техник хэрэгслийг сайн ашиглаж сурах хэрэгтэй. Тал бүрийн мэргэжлийн зах зухыг эзэмшсэн байх шаардлагатай.

-Таны хувьд хамгийн санаанаас гардаггүй, магадгүй хамгийн хүнд байсан хэргийнхээ талаар дурсвал?

-Хүнд хэцүү хэргүүд маш олон. 20 гаруй жил өчнөөн л хэрэг дээр ажилласан. Тэр бүхнийг дурсвал барахгүй хэрэг болно. Харин хүнд, хэцүү хэргийг шалгаж шийдвэрлэх дадалд туршлагажих нь чухал. Зөв удирдан чиглүүлэгч удирдлагуудтай байх нь маш их дэмтэй. Ноцтой хэргүүдийг шалгаж байгаад мэдэхээ байгаад мухардсан үед дарга нартаа танилцуулахад ямар нэгэн гарц хэлж өгдөг. Олон ноцтой хэрэг шалгаж байсан даа. Хамгийн төвөгтэйгээс нь нэгийг дурдвал Зүүнхараагийн хорих ангид ял эдэлж байсан Хуяг-Очир гэдэг хүн шоронгоос оргоод 23 хоногийн дотор 25 айл ухсан байсан. Тэр хүний хэргийг нэг сарын дотор шалган шийдсэн. Тэр хэрэг дээр төвөгтэй зүйлс олон байсан. Тэр бүхнийг өдөр шөнөгүй хөөцөлдөж байж тогтоож байлаа.

-Тухайн үед ямар хэрэг голчлон гардаг байв?

-Тэр үед хүмүүсийн ёс суртахуун арай өөр байж. Нэгнийхээ юмыг хараад хүний юманд хүрч болохгүй гэж боддог байсан үе юм. Нийтлэг гардаг байсан хэргүүд нь танхай зодоон түүний араас хулгайн гэмт хэргүүд болон социалист өмч ашиглалтын хэрэг нэлээд гардаг байсан. 70-аад оны дунд үеэс насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн.

-Танхай зодооны хэрэг голчилдог байсан гэж хэллээ. Өнөөх 1970, 1980-аад оны атаманууд гэгдэх хүмүүсийн хийдэг байсан хэргүүд үү?

-Тийм. Тэр үед Чингэлтэйн атаман, Санхүүгийн сургуулийн атаман гээд л энд тэндхийн баахан атаманууд байсан үе. Тэр нь өөрөө өөрсдийгөө л алдаршуулсан улсууд юм. Түүнээс бүх хүнийг атамандаад сүйд болохгүй. Найз нөхөд, хүрээллийнхээ дунд л овгор гэх юмуу даа /инээв/. Ганц, хоёр хүний эрх чөлөөнд халдсаныгаа би атаман гээд зарлаад явдаг хүмүүс л их байсан. Бусдаар онцгой содон зүйл байхгүй.

Тухайн үед гэмт хэрэг илрүүлэхэд дөхөмтэй нэг зүйл байсан юм. Учир нь Улаанбаатар хотын хоёр талд орсон, гарсан бүх машиныг болон хүнийг бүртгэдэг байсан юм. Мөн нийслэлд оршин суугч цөөн байсан. Тийм учраас цагдаагийнхан бараг тийм хэрэг гарлаа гэхэд тэр л байх гээд таамагладаг байлаа. Эзэнгүй хэрэг гарахад товчоодоор дор нь шүүгээд л тэр орсон байна, тэр гарсан байна гээд хөөцөлддөг байсан юм.

-Таныг мөрдөн байцаагчаар анх ажиллаж эхэлж байх үед Лигрэв гэдэг хүн анх гараас тань хөтлөн хамаг бүхнийг зааж сургасан гэсэн. Та ч мөн түүний адил олон мөрдөгчийн гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн байх даа?

-Би олон залуусыг дагалдуулан сургасан. Олон хүн миний гараар мөрдөн байцаагч болсон. Хэд хэдэн хүн гавьяат болсон. Миний эргэн тойронд гавьяат болсон олон хүн бий.

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД МЭДЛЭГ БОЛОВСРОЛООРОО БУСДААР ЯЛГАРДАГ БАЙСАН-

-Цагдаад ажиллахын сайхан болоод хүнд, хэцүү талаар яриагаа үргэлжлүүлье?

-Сайхнаас нь эхэлье. Биднийг ажиллаж байх үед Цагдан сэргийлэх байгууллага их нэр хүндтэй байлаа. Цагдаагийн ажилтан нэг үг хэлэхэд л тэр нь хууль болдог байсан. Хүмүүс ч их сонсдог байсан. Учир нь тэр үед цагдаад ажиллаж байсан хүмүүс ёс зүй сайтай байсан. Төрийн хувцас өмсдөг, улсууд ч төрийн хувцсыг хүндэтгэдэг байсан. Хоёрдугаарт Цагдаагийн байгууллагын ажилтнууд мэдлэг боловсролоороо бусдаас арай л дээгүүр байсан. Үргэлж сургалт явагддаг байсан. Цагдаагийн ажилтнуудыг сургаж, бэлтгэж байхгүй бол хөгжлөөсөө хоцорно. Нэг л өдөр хоцрох юм бол хөөж гүйцэхгүй. Сургалт сайн байсан учраас цагдаа нар мэдлэг боловсролтой, түүгээрээ зэвсэглэдэг байсан.

Хүнд тал нь гэвэл цаггүй ажил. Цагдаагийн албанд ажиллаж байгаа хүмүүс долоон хоногоор ч харихгүй явдал байдаг л байсан. Жижүүртэй хоноод маргааш нь эргэж ажиллаад ажил дээрээ хоноод нөгөөдөр нь эргүүлд яваад л хоёр гурав хонох бол байдаг л зүйл. Хүн хүч цөөтэй байсан учраас тийм байсан юм. Ар гэрийн ажил үндсэндээ орхигддог. Эхнэр, хүүхдүүд өөрсдийгөө тэгсгээд л болгоно. Сайн эхнэртэй, гайгүй хүмүүжилтэй хүүхдүүдтэй нэг нь албандаа яваад л байна. Тааруухан шиг нэг нь алба ч үгүй, амьдрал ч үгүй болдог юм. Тэр тал нь хэцүү. Хөдөлмөрийн хувьд тийм ч дурламаар зүйл биш. Учир нь үргэлж эвдэрсэн, хохирсон хүмүүстэй харьцдаг ажил. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хэвийн хүмүүсээс өөр. Ямар нэгэн байдлаар эвдэрсэн, гажсан хүмүүс байдаг. Тэдний яриа хөөрөө, үг хэллэг нь ч өөр. Тэдний яриа хөөрөө, үг хэлэнд дасаж ойлгох бас хэцүү. Тэр бүхнийг мөрдөгч өөрөө шийдэх ёстой. Мөрдөгч мэдлэг, боловсролтой, зөв зохион байгуулалттай байж чаддаг байвал тэр бүхнийг давж чадна.

-Та ар гэрийн хүн чухал талаар дурдлаа. Ярилцлагын төгсгөл хэсэгт та гэргийнхээ талаар болоод хүүхдүүдийнхээ талаар яривал?

-Би мөрдөгчөөр ажилладаг байхдаа үндсэндээ ар гэрийн ажилд ордоггүй байлаа. Өглөө 07.00 цагаас гараад шөнийн 12.00 цагт гэртээ ирнэ. Заримдаа хононо. Тэр хооронд хөөрхий гэр бүлийн хүн маань бүх зүйлийг зохицуулдаг байсан. Би цалингаа аваад хэдэн төгрөгөө аваачиж өгнө. Түүгээр л муу хөгшин маань хоол унд, хувцас хунараа цуглуулдаг байсан юм. Мөн өөрөө тэр хүн чинь ажилтай, ажлынхаа хажуугаар гэр орны ажлыг зохион байгуулна. Хажуугаар нь хүүхдүүдээ хүмүүжүүлнэ. Хүнд, хэцүү л байсан байх. Тийм ч учраас манай талийгч эрт өнгөрчихсөн. Ажлын ачаалал, амьдралын ачаалал их байсан юм.

-Ярилцлага маань энд хүрээд төгсөж байна. Та Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү.

-Цагдаагийн байгууллага үүсэж хөгжөөд 100 жил боллоо. 100 жил гэдэг богино хугацаа биш. Сайхан хугацаа байлаа. Энэ 100 жил цагдаагийн байгууллагад ажиллаж байсан олон мянган ажилтнууд, тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж хойшид цагдаагийн маань туг үргэлж мандаж байх болтугай гэж ерөөе.

-Халуун яриа өрнүүлсэнд танд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Ярилцсан: Б.Амарбаясгалан

Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Zochin

    Saihan yariltslaga bna sots iin yed bas ch uchirtai bsn 90 d onii eheer hezyy bsn da ter yeii hen medne de,hynd notstoi gemt hereg iheer yildegdeh bolsnii hajuugaar mashin tehnik hyreltsee muu tsalin hangamj muudsan daa,notstoi gemt heregteng tsagdan horihod unaa bhgyi uchir hed heden niitiin avtobus damjij syyld ni yavganaar hyrgej bailaa

  2. Зочин

    энэ хурандаагийн олон жилийн хөдөлмөр .зүтгэлийг үнэлж .Мбг гавьяатыг ньөгүүлэх болоогүй юмуу .хүлээх хугацаа багал болж байна даа Доёд

  3. Зочин

    Ах минь мундаг шүү. Аль хэдийн гавъяат болох хүн дээ. Ахдаа эрүүл энхийг хүсье. ❤️🥰

  4. Zochin

    Гоё ярилцлага байна.