Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Хуулийн зохицуулалтгүйн улмаас хорт хавдар үүсгэгч электрон тамхи 2021 онд хилээр 2 сая ширхэг орж иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 7 секунд

Электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрч буй сэдвийг хөндсөн хоёр дахь нийтлэлээ хүргэж байна. Эхний нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой. Залуусын сонирхлыг сүүлийн үед ихэд татаж буй "тамхинаас гаргагч" гэх нэр зүүсэн электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрлээ. Хуульд тусгагдаагүйгээр нь далимдуулан энэхүү эдийг гэрт, гадаа, гудамжинд, орцонд, ресторанд, лифтэнд гээд хаа саагүй баагиулах залуус олширсон байна. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр нэгэн реппэр залуу Төрийн ордон дотор электрон тамхи татаж суусан цаг саяхан.

АНУ-д төвтэй People in need PIN Mongolia олон улсын байгууллагын Монгол Улс дахь салбарыг хариуцан ажиллаж буй Тим Женкинс "Монголд “электрон тамхи” -ыг зохицуулж байна уу? Уламжлалт тамхи татдагтай ижил хууль үйлчилдэг үү?

Монгол хэл дээр анхааруулах тэмдэг байхгүй байгаад маш их санаа зовж байна. Насанд хүрээгүй олон хүүхэд энэ аюултай зуршлыг хэрэглэж байгаад би их санаа зовж байна" хэмээн өөрийн цахим хаягтаа нийтлэжээ.

Электрон тамхины тухай хуультай орны иргэн энэ төрлийн тамхины зохицуулалтгүй манай улсын өмнөөс санаа зовинож буйгаа илэрхийлж буй нь асуудал хурцдаж буйн шинж.

Манай улсын хувьд 2021 он гарсаар хоёр сая гаруй электрон тамхи хилээр нэвтэрсэн тоон мэдээлэл байна.

Хил гаалийн асуудлын улмаас ачаа бараагаа хэдэн сараар хүлээж буй нөхцөл байдалд хэдийн хоёр сая гаруй электрон тамхи хилээр нэвтэрсэн нь энэ бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ өндөр байгааг харуулж байна.

Уушгины тасгийн эмч нарын зүгээс Электрон тамхи нь энгийн тамхины адил никотин болоод 7000 гаруй хорт бодис агуулдаг. Үүний 60 гаруй хувь нь хорт хавдар үүсгэдэг талаар мэдээлж буй.

Мөн НЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар Насанд хүрэгчдийн 1.1 хувь, 13-15 насны сурагчдын 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон.

2020 оны нэгдүгээр сарын 14-ний байдлаар АНУ-д EVALI (e-cigarette or vaping use-associated lung injury) буюу электрон тамхинаас үүдэлтэй уушгины гэмтлийн улмаас 2668 хүн амиа алджээ. Амиа алдсан 15-75 насны эдгээр иргэдийн 402 нь 18-аас доош насны хүүхдүүд байжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг cdc.gov сайтаас унших боломжтой.

НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг

"Электрон тамхи нь уушгийг гэмтээж, тархины хөгжлийг удаашруулан хавдар үүсгэдэг"

-Электрон тамхины хүний биед үзүүлэх хор уршиг энгийн тамхинаас ялгаатай юу?

-Насанд хүрэгчдийн 1.1 хувь, 13-15 насны сурагчдын 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Электрон тамхи нь утаат тамхийг бодвол олон төрлийн үнэр, амт оруулагч, тогтворжуулагч найрлагадаа агуулдагаараа өөр бөгөөд хүнд металлууд болон никотин буюу донтуулагч бодис агуулдагаараа адил. Хэрэглээ талаасаа янжуур тамхинаас ялгаатай нь хүний биед ууршиж ордог. Ингэснээрээ юун түрүүнд уушгийг гэмтээж, дараагаар нь тархины хөгжлийг удаашруулан, хавдар үүсгэдэг. Тэр тусмаа дам тамхидалтад өртөж буй хөндлөнгийн хүмүүст илүү аюултай.

-Тэгэхээр электрон тамхи ч ялгаагүй дам тамхидалтад өртөж байгаа хүмүүст сөрөг нөлөөтэй байх нь тийм үү?

-Ууршиж байгаа учир зөвхөн тэр тамхийг татаж байгаа хүн өөрөө хэрэглэж байгаа гэсэн үг биш. Ойр орчимд хүмүүс мөн адил тамхины утаагаар амьсгалж байгаа гэсэн үг юм. АНУ-д электрон тамхинаас шалтгаалан уушгины үрэвсэл үүсэж хүмүүс нас барсан тохиолдол гарсан. Үүнээс харахад, энэ нь маш хортой бүтээгдэхүүн гэдэг нь харагдаж байна.

-Электрон тамхи нь тамхины тухай хуульд тусгаагүй байдаг. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-2021 онд тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Үүнд бид электрон тамхийг хуульчлах санал оруулсан. Электрон тамхины гол золиос нь үргэлж юмыг шинээр эрэлхийлж байдаг залуучууд байна. Электрон тамхины хэрэглээ өсөөд байгаа нь уламжлалт янжуур тамхины хэрэглээ дэлхий даяар буурч байна. Гэтэл үүнийгээ хэлбэр, дүрсийг нь өөрчлөөд нэг бол тамхинаас гаргадаг гэж, үгүй бол хоргүй гэж худал сурталчилгаа хийж байна. Үүнийг нь сонссон хүүхэд, залуус хоргүй мэт ойлгож хэрэглээд байгаа юм.

Мэргэжлийн байгууллагууд электрон тамхины талаар дараах тайлбарыг өгч, анхаарлуулж байна. Гадна, дотны тооцоо судалгаа, эмч нарын хэлж буйгаар электрон тамхины хор хөнөөлийг тодорхой хэмжээнд дурдлаа. Гэтэл энэ тухай хуулийн зохицуулалт өдийг хүртэл Монгол Улсын хуулинд тусгагдаагүй бөгөөд электрон тамхийг цахилгаан барааны тоонд оруулж буй нь харамсалтай.

Энэ жилийн УИХ-ын хаврын чуулганаар тамхины тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлэхээр бэлдэж байсан ч сонгууль дагасан "хэл ам"-ны араас хөөцөлдсөөр хаврын чуулган хаасан. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд электрон тамхины хэрэглээ, хамрах хүрээ болон тамхи татах цэгийн талаар нарийн зохицуулалтыг оруулсан хуулийн төсөл ирэх намрын чуулганд өргөн баригдахыг хүлээж суух үлдлээ.

Б.Амарбаясгалан

АОК: Худалдааны байгууллагын цагийн хуваарийг 20.00 цагаас хэтрэхгүй байхаар тогтоолоо
АОК: Худалдааны байгууллагын цагийн хуваарийг 20.00 цагаас хэтрэхгүй байхаар тогтоолоо
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.