Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Орны нөөцийн 90 хувийг хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн өвчтөнүүд эзэлж, хүнд, нэн хүнд өвчтөнүүдэд ор хүрэлцэхгүй байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
5 минут 15 секунд

Энэ сар гарсаар 129 хүн коронавируст халдварын улмаас амиа алджээ. Энэ нь хоёр жилийн хугацаанд бүртгэгдсэн нийт нас баралтын 13 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод алдагдаж, эхний нас баралт бүртгэгдсэнээс хойш нийт 993 хүн уг халдварын улмаас нас барсны 129 нь ердөө сүүлийн 15 хоногийн хугацаанд бүртгэгджээ.

Энэ нь эрүүл мэндийн салбар, тэр дундаа эмнэлгийн ачаалал дээд цэгтээ тулсны илрэл юм. Эмнэлгийн ачаалал хэтэрснийг салбарын сайд ч, бусад холбогдох албаныхан ч хэлж буй. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Иргэдийн эмнэлэгт хандах хүсэл нь давамгайлж, эмнэлгийн ор дүүргэж байна" гэв.

Монгол Улс коронавирусийн халдвар аван эмчлүүлж буй иргэдээ биеийн байдлаар нь хөнгөн, хүндэвтэр, хүнд, нэн хүнд хэмээн дөрөв ангилж буй. Эдгээр иргэдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тоон мэдээллийг харахад улсын хэмжээнд 12,887 хөнгөн, 5,908 хүндэвтэр хэлбэрээр өвдсөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Монгол Улс 20,000 гаруй улсын эмнэлгийн 7,000 орчим хувийн хэвшлийн эмнэлгийн буюу нийт 27,000 гаруй орны нөөцтэй бөгөөд үүнээс илүүг дэлгэх боломжгүйг холбогдох яамнаас мэдээлж буй. Улсын эмнэлгүүдийн орны нөөцийн 90 хувийг коронавируст халдварын хөнгөн, хүндэвтэр хэлбэрээр өвчилсөн иргэд эзэлж байна. Ингэснээр хүнд болон нэн хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүст эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. Улмаар гэртээ нас барж буй тохиолдлууд гарч байна. Мөн түүгээр зогсохгүй ковидоос бусад өвчний тусламж авч чадалгүй гэртээ хүндэрч байгаа иргэд олон.

Олон улсын жишгийг авч үзэхэд, халдвар авсан иргэнийг эхний ээлжинд жирэмсэн, өндөр настай, тамхи татдаг, таргалалттай, архаг хууч өвчтэй эсэхийг тодорхойлоод, дараа нь амьсгаадах болон амьсгал авахад хүндрэлтэй байгаа эсэхийг асуумжаар тодорхойлж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай эсэхийг тодорхойлдог. Дээрх ангилалд багтаагүй ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх сонирхолтой хүмүүс "co payment" буюу хамтын төлбөрийн системд хамрагдаж эмнэлгийн зардлын 30 орчим хувийг өөрөө төлдөг.

Харин манай улсын Эрүүл мэндийн тухай хуулинд "Халдварт өвчин туссан тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үнэгүй" гэж заасан байдаг. Үүнийгээ дагаад хэвтэн эмчлүүлэх сонирхол өндөртэй иргэд олон байдгаас өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна.

Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээг батлах тухай Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалд гэрээр эмчлүүлэх иргэдийн зардлыг 160,000 төгрөгөөр тогтоосон. Үүнд эмчилгээний эм, тариа, нэг удаагийн хувцас, хэрэглэл болон ӨЭМТ-ийн эмчийн цалин багтсан. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хөнгөн өвчтөний зардал 980,000 бол хүндэвтэр өвчтөний зардал 2,160,000, маш хүнд 4,200,000 бол нэн хүнд хүний эмчилгээний зардлыг 7,465,000 төгрөгөөр тооцжээ.

Энэ бол маш том зөрүү. Өнөөдрийн байдлаар хөнгөн болон хүндэвтэр биеийн байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт 18,795 хүний эмчилгээний зардлыг тооцоход 25,4 тэрбум төгрөг болж байгаа юм. Хэрэв тэд гэрээр эмчлүүлж байсан бол тэдний нийт зардал гурван тэрбум орчим төгрөг болох байсан бөгөөд чанарын хувьд ялгаагүй хэдий ч эдгээр хүмүүс даруй найм дахин илүү зардлаар эмчилгээ, үйлчилгээ авч байгаа юм.

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн нэг иргэн эмнэлгийн ор бараадах бус гэрээр эмчлүүлэх сонголт хийсэн тохиолдолд 820,000 төгрөг хэмнэж, бусад эмчилгээ үйлчилгээний зардалд тус болох боломжтой.

Гэрээр эмчлүүлэх сонголтыг хийснээр асар их үр ашиггүй зардлыг бусад хэрэгтэй зүйлсэд зарцуулах боломжтойгоос гадна хамгийн чухал зүйл нь эмнэлгийн ор суларч, эмч, ажилчдын нарын ачааллыг багасгаж, хүнд өвчтөнгүүдэд илүү анхаарал хандуулах нөхцлийг бүрдүүлж, нас баралтыг сааруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм. Хүнд өвчтөнүүдийн биеийн байдлыг сайжруулж, нас баралтаас сэргийлэхэд эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас гадна иргэн таны оролцоо чухал юм.

Б.Амарбаясгалан

Улаанбаатарт 21 хэм дулаан
Улаанбаатарт 21 хэм дулаан
 
Б.Энх-Амгалан: Прокурор, АТГ-ын байрыг шүүхийн байртай харьцуулвал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа
Б.Энх-Амгалан: Прокурор, АТГ-ын байрыг шүүхийн байртай харьцуулвал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.