Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар намуудыг “тойглож“ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 56 секунд

Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тодорхой асуудлуудаар хийхээр төлөвлөж буй талаар өмнө нь мэдээлж байсан. Уг ажлыг хариуцаж, координат хийж буй эрх минь УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гэх мэдээлэл байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгох, "давхар дээлтэй" гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгож өөрчлөх зэрэг тодорхой асуудлуудыг тусгахаар бэлтгэж буй юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хуулийн төслийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч буй бөгөөд одоо улс төрийн намуудын "эсэргүүцлийг" дарах гэдэг том даваа үлдсэн гэнэ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн зуны хэдэн сарыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар намуудтай уулзаж, тохиролцох болон хуулийн төслөө бэлтгэхэд зарцуулсан гэх яриа саарал ордноор хөвөрч байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд заавал улс төрийн намуудтай ойлголцсон байх ёстой. Ялангуяа дөнгөж саяхан өөрчилсөн Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах гэж байгаа үйлдэл нь олон нийт болон улс төрийн хүрээнийхэн зүгээс ихээхэн шүүмжлүүлэх магадлал өндөр.

Тиймээс урьдчилж "гал" унтраах тактикаар намуудтай уулзаж, зарим асуудлаар ойлголцсон энэ бололтой. Тэгвэл улс төрийн намууд уг асуудалд хэрхэн хандаж байгаа вэ гэдэг нь сонирхолтой. МАХН-ын өнгөрсөн тав дугаар сард татан буугдаж Ардын намтай нэгдсэн. Нэгдсэн гол шалтгаанаа Үндсэн хуулийн өөрчлөлт хэмээн Н.Энхбаяр өөрөө тайлбарласан. Ингэхдээ бүр шинэ Үндсэн хуулийг "бичнэ" хэмээн мэдэгдэж байв. Ардчилсан намын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тангаргаа өргөж, өрөөндөө орсны маргааш уулзаж баяр хүргэхдээ Үндсэн хуулийн асуудлаар үг унагаад амжсан. Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг явахыг мэдсэн бөгөөд ашигтай заалтуудыг нь дэмжинэ гэсэн агуулга байв. Дээр нь нэмээд УИХ-д байгаа АН-ын гишүүдтэй холбоотой ажилладаг, тодорхой асуудлуудаар үүрэг даалгавар өгдөг гэх экс Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын Ерөнхий сайдад зөвлөж буй. Тиймээс АН-ын бүлэгтэй МАН-ынхан ойлголцоход туйлын ойр дөт болж буй юм.

Харин бусад жижиг намуудын хувьд гишүүдийн тоо нэмэхээс эхлээд сонгуулийн тогтолцоотой холбоотой зүйл заалтуудыг дэмжиж буй гэх мэдээлэл байна. Жижиг намуудын хувьд сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, гишүүдийн тоо нэмэгдэх тусам улс төрд оролцох оролцоо зэрэг нь нэмэгдэх ач холбогдолтой. Харин "давхар дээл" буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших асуудалд бага зэрэг асуудалдa таагүй хандаж буй гэх мэдээлэл байна.

Ийнхүү Үндсэн хуулиа өөрчлөхөөр Ардын намынхан нэгэн зүгт харж, энэ намрын чуулганаар уг асуудлыг оруулж ирэхээр зэхэж сууна. Тэд чуулган эхлэхтэй зэрэгцэж хуулийн төслөө өргөн барина. Үүнээсээ урьтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан зүйл заалтыг найман жил өөрчлөхгүй гэж тогтоосон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа өөрчлөх ажлыг эхлүүлнэ. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг бид цаг тухайд нь эргэн мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

СУРВАЛЖИЛГА: “Чойжин ламын сүм” музей үүд хаалгаа нээж “Үдшийн музей- 2021” үйл ажиллагааг зохион байгуулж байна
СУРВАЛЖИЛГА: “Чойжин ламын сүм” музей үүд хаалгаа нээж “Үдшийн музей- 2021” үйл ажиллагааг зохион байгуулж байна
 
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.