Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэж, дараа нь торгууль тавьдаг болно“

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 36 секунд

No description available.Автомашин ачилтын үйлчилгээтэй холбоотой асуудлууд иргэд, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлийг дагуулдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хувийн хэвшлийн 14 компани 100 орчим ачигч машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Тэгвэл ачигч компаниудын мөрдөж буй автомашин ачилтын журамд шинээр оруулах өөрчлөлтийг боловсруулахаар НИТХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, ажиллаж эхэлжээ. Энэ талаар НИТХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Батцогтоос тодрууллаа.

-Автомашин ачилтын журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл байна. Ажлын хэсгийн зүгээс одоогоор мөрдөгдөж байгаа ачилтын журамд ямар өөрчлөлтийг оруулах гэж байна вэ?

-Автомашин ачилтын одоогийн мөрдөгдөж буй журам нь 2015 онд шинэчлэгдэн батлагдсан байдаг. Тус журмаар иргэдийн зүгээс шүүмжлэлийг дагуулдаг хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 14 автомашин ачилтын компани ажиллаж байгаа. Ингэхдээ нэгдүгээр эгнээ, хориглосон газруудад дүрэм зөрчиж байршуулсаныг автомашин ачилтын компаниуд жолоочид мэдэгдэлгүйгээр ачдаг, ачсан хойно нь 60 мянган төгрөгийг төлөх шаардлагатай болдог зэрэг нь олон нийтийн бухимдлыг төрүүлдэг. Жолоочийн төлж буй 60 мянган төгрөгийн тодорхой хувь хэмжээг төрд төвлөрүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, тухайн ачилтын компанид ордог.

Одоо мөрдөгдөж буй журмаар зөвхөн иргэн, хувийн хэвшлийн хооронд харилцаа үүсээд байгаа юм. Гэтэл үүнд төрийн байгууллагын зохицуулалт дан ганц зөвхөн журмаар зохицуулагдана гэдэг ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ажлын хэсгийн зүгээс мавтомашин ачилтын журамд оруулах өөрчлөлтүүдийг боловсруулж байна. Тухайлбал, нэгдүгээр эгнээ болон автомашин зогсоохыг хориглосон байршлуудад машинаа байрлуулсан асуудалд өндөр хөгжилтэй орнуудын жишгийн адилаар олон нийтийн байцаагч ажиллуулна. Ачигч машин ирэхээс өмнө олон нийтийн байцаагч тухайн автомашины жолооч руу мэдэгдэж, үүссэн нөхцөлд торгууль тавина. Олон нийтийн байцаагч нар Зөрчлийн тухай хуулиар торгууль тавина гэсэн үг. Тухайн торгууль тавьж буй мөнгө нь төрд төвлөрнө гэсэн үг шүү дээ. Харин тодорхой тогтоосон хугацаанд гарч ирж автомашинаа авахгүй тохиолдолд ачилтын компани ачих ёстой. Эдгээр зохицуулалтуудыг журамд өөрчлөлт болгон оруулахаар санал болгож байгаа юм.

-Олон нийтийн байцаагч нарыг хаанаас, хэрхэн томилох юм бэ?

-Замын цагдаагийн газраас томилохоор ярьж байгаа. Учир нь торгох эрх нь замын цагдаа нарт бий шүү дээ. Ер нь замын цагдаагаас зохион байгуулалтыг хийж, түгжирдэг цэгүүдийн байршлыг чиглүүлэх нь илүү үр дүнтэй хэмээн үзэж байгаа. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсээс сонгох боломжтой.

-Тухайн байцаагч нарыг хаанаас цалинжуулах вэ?

-Нийслэлээс улсын төсөвт байцаагч нарын цалинг суулгана. Авто замын түгжрэлийг бууруулах сангуудад төвлөрүүлж буй хөрөнгөөс тавих зохицуулалтыг хийгээд явна.

-Хэчнээн олон нийтийн байцаагч ажиллах вэ?

-Энэ талаар нарийн тодорхой болоогүй байгаа. Ачаалал ихтэй гудамж, нэг хүний ажиллах, хариуцах гудамжны урт зэргээс хамаараад байцаагчийн тоог тогтооно.

-Ажлын хэсэгт төр, хувийн хэвшлийн ямар төлөөллүүдийг багтсан бэ. Ер нь журамд оруулах өөрчлөлтийн саналаа хэзээ албан ёсоор танилцуулах вэ?

Ажлын хэсэгт нийслэлийн авто замын хөгжлийн газар, замын цагдаа, авто замын хяналтын алба болон ачилтын компаниуд зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулж, санал хүсэлтийг нь сонсож байгаа. Тухайн журмыг нийслэлийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, НИТХ-д танилцуулна. Ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Одоогийн байдлаар журмын өөрчлөлтийн судалгаа, боловсруулалт тал дээр ажиллаж байна. Нэлээн шахуу хугацаанд үргэлжилж байгаа тул ирэх долоо хоногоос иргэдийн тэргүүлэгчдийн хуралд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа. Үүний дараагаар НИТХ хэлэлцэж баталсан тохиолдолд ачилтын үйл ажиллагаа шинэ журмаар зохицуулагдаж эхэлнэ гэсэн үг.

-Ажлын хэсэгт ачилтын компаниуд багтсан юм байна. Тухайн компаниудын зүгээс ямар санал, хүсэлтийг хэлж байна вэ?

-Тухайн компаниудтай уулзаж, санал солилцсон. Ачилтын компаниудын одоогийн ажиллаж буй нөхцөл байдал болон цаашид хэрхэх тал дээр санал хүсэлтийг нь сонссон.

-Жолоочид мэдэгдэлгүйгээр ачвал тухайн ачилтын компанийн үйл ажиллагааг шууд зогсоох уу?

-Ачилтын компаниуд нь жил бүр авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулдаг. Гэрээг ямар нэгэн байдлаар зөрчсөн үйлдэл гаргавал тухайн компанитай байгуулсан гэрээг дуусгавар болгож, цаашид ачилтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэсэн үг.

Б.Буянтогтох: Халдвар аваад эдгэрсэн бүх хүний уушгийг үнэгүй харахгүй, зөвхөн эрүүл мэндийн даатгалаар үнэгүй харна
Б.Буянтогтох: Халдвар аваад эдгэрсэн бүх хүний уушгийг үнэгүй харахгүй, зөвхөн эрүүл мэндийн даатгалаар үнэгүй харна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.