Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрсайхан: Гэрээр эмчлүүлэх иргэдийн 160,000 төгрөгийн 7, 8 дугаар сарын санхүүжилт олгогдоогүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 43 секунд

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд олгох эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг 70,000 төгрөг байсныг 160,000 болгож нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулан 160,000 төгрөгийн багцад ямар зардлууд шингэсэн болохыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайханаас тодрууллаа.

-Гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн 160,000 төгрөгийн багцад ямар зардлууд шингэсэн бэ?

Эмнэлзүйн удирдамжид заасан тусламж үйлчилгээг ӨЭМТ-өөс үзүүлэхэд шаардлагатай өртгийн тооцоолол бий.

  • Хоёр удаагийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө 10,000 төгрөг
  • Хамгаалах хувцас, хэрэглэл 20,000 төгрөг
  • 10 хоногийн турш өдөр хоёр удаа утсаар ярих төлбөр 20,000 төгрөг
  • 24ш Витамин С /өдөрт хоёр удаа/ 36,660 төгрөг
  • Витамин D /өдөрт нэг удаа/ 5000 төгрөг
  • Өвчин намдаах, халуун бууруулах эм 4050 төгрөг
  • Норов 7, Мана 4 багц 31983 төгрөг
  • Эмч, сувилагч, жолооч нарын нийлбэр цалингийн урамшуулал 32307 төгрөг

Ингээд нийт 160,000 төгрөг болж байгаа юм. Энэхүү 160,000 төгрөгийг даатгалаас нэхэмжилж авдаг юм. Гэтэл үүнийг зөвхөн даатгалтай хүмүүст олгох ёстой юм. Даатгалгүй хүмүүст энэхүү мөнгөний санхүүжилт орж ирдэггүй. Харин ӨЭМТ-өөс иргэдэд даатгалд хамрагдсан эсэхээс нь шалтгаалан бүх хүнд өгч байгаа. Та даатгалгүй учраас эм авах боломжгүй гээд орхиж болохгүй.

-Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй хэрнээ багцад хамрагдсан хичнээн иргэн байгаа вэ?

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 370,000 гаруй хүн амьдардаг. Өнөөдрийн байдлаар 35,000 гаруй халдвар бүртгэгдсэн. Эмчилгээний багц өгөх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Иргэдийн 40 гаруй хувь нь даатгалгүй хэдий ч багц авч байна.

-Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал зургадугаар сарын 21-нд батлагдсан. Энэхүү тушаалаар дээрх үнийн дүнд 70,000 төгрөг байсныг 160,000 болгож нэмэгдүүлсэн. Санхүүжилт нь дор дороо орж байгаа юу?

-Энэ тушаал долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн долоо, наймдугаар сарын санхүүжилт олгогдоогүй байна. Ихэнх ӨЭМТ-үүд өөрсдийнхөө цалин хөлснөөс хасах шахуу болж байж зээлээр эм тариагаа аваад явж байгаа юм. Зарим эмнэлгүүд багцгүй гээд сууж байхын оронд зээлээр ч болтугай аваад анхан шатандаа шийдэж байна.

-Иргэддээ анхааруулж хэлэх зүйл бий юу?

-Цар тахлаас сэргийлэх, түүний хүрээг хумих цор ганц арга бол вакцинжуулалт юм. Нэгэнт өвдсөн бол эрүүл мэндийн даатгалаа төлөөд эмчилгээ, тусламж үйлчилгээгээ авдаг байх хэрэгтэй. Даатгалгүй иргэдийн багцыг ч өгсөөр өрхийн эмнэлгүүд туйлдаж байна. Ажлын ачааллаас гадна иргэдийн хэл амнаас болж туйлдаж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд иргэдийн дарамтнаас болж ажлаасаа гарах талаар бодож байна. Бухимдалтай иргэд эмч нарлуу "Та нарыг ажлаас нь халуулна" гэж дарамталж байна. Иймээс мэргэжлийн байгууллагын албан ёсны мэдээлэл, зөвлөгөө зөвлөмжийг сайн сонсдог байх хэрэгтэй. Буруу мэдээлэл авснаас болж иргэд өөрсдөө хохирч байна.

СУРВАЛЖИЛГА: Төв цэнгэлдэх хүрээлэнд “Намрын ногоон өдрүүд” өдөрлөг болж байна
СУРВАЛЖИЛГА: Төв цэнгэлдэх хүрээлэнд “Намрын ногоон өдрүүд” өдөрлөг болж байна
 
Гэрээсээ гараад сураггүй 11 хоносон 25 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ
Гэрээсээ гараад сураггүй 11 хоносон 25 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.