Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёргүй Ардчилсан намын нэгдэл гэж байх уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 12 секунд

Хоёр хэсэг болж салаад байсан Ардчилсан намынхан өнгөрсөн долоо хоногт нэгдэж, эвийг эрхэмлэнэ гэх улс төрийн жинхэнэ драмаа төрийн ордонд хийсэн. Харамсалтай нь тэдний драм “Цахим үндэстэн” гэх бүх нийтийн шуугиант шоунд нам дарагдчих нь тэр. Уг нь нөхөн сонгуульд орохдоо дэлгэсэн Ардчилсан намын чухал хөзөр байсан юмсан.

Гишүүд дэмжигчдийнх нь хувьд ч, АН-ыг Монголд хэрэгтэй гэж үздэг хэсэг бүлгийн хувьд ч энэ уг нь үзүүштэй сайхан мэдээ. Даанч талуудын байр байдлыг ажиглахад АН-ынхан яг бүрэн утгаараа эвлэлдэж нэгдээгүй гэдэг нь тодорхой уншигдаж байлаа. Наанаа нэгдсэн гэж баахан зураг даруулж, дайллага цайллага болсон ч цаанаа ужиг асуудал нь хэвээрээ байсаар л байгаа бололтой. Тодруулбал, уг үйл явдалд нь С.Эрдэнэ гар бие оролцсонгүй. Тэр байхгүй байна гэдэг нь Ц.Элбэгдорж бас Женкотой гар барих Ардчилсан намын нэгдлийг дэмжихгүй байгаа гэх логик ажиглагдаж байна. Төрийн ордонд болсон уулзалт болон орой нь болсон хундага тулгалтын арга хэмжээнд хэн, хэн нь яагаад ирсэнгүй вэ. Ардчилсан намынхан жинхэнээсээ нэгдэж, Ардын намын эсрэг ард түмэн, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаар шийдсэн бол эдгээр эрхмүүд бүгд оролцох байлаа. Гэсэн ч тэд тэгэхийг хүссэнгүй.

С.Эрдэнэ лав тэр орой нь өөрийн сошиал хуудснаа лайв хийж эрх баригчдыг нүүр нүдгүй гөвж суусан. Мань хүн тэр завсраа Х.Баттулгыг хавчуулаад ганц нэг чимхээд авахаа ч мартсангүй. Тэрбээр, намаа хагалсан, төмөр замыг гацаасан хүнээр Х.Баттулгыг нэрлэж, одоо МАН-д зөвлөж буйг нь онцолж байгаад урьдынх шигээ муулж харагдана лээ.

Ийм байхад Ардчилсан нам нэгдлээ хэмээж гишүүд дэмжигчдээ мунхруулсан хий дэмий ши жүжиг тавих хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм үү. Ах нарынхаа “халааснаас” бүрэн гарч амжаагүй М.Тулгат, О.Цогтгэрэл тэргүүтэй шинэ үеийн залууст нь нийлэх хүсэл мянга байвч, араас нь загнаад болиулах ах нар түм байдаг нь гаслантай.

Үүнийг ч батлах мэт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талд зогсож буй О.Цогтгэрэл гишүүн эв нэгдлийн уулзалтынхаа дараа “Ардчилсан намын асуудалд өмнөх байр суурин дээрээ зогсоно. Үзэл санаандаа үргэлжид үнэнч явж, залуу үеэ ойртуулах, намаа нэгтгэх үйлдлийн төлөө өөрийгөө үл хайхран зорьж буй Ардчиллын буурал баатрыг дэмжих Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг биелүүлж ажиллана” гэж жиргээд амжив. Энэ үгээрээ арьсаа хамгаалсан гэх үү, бие энд ч сэтгэл тэнд шүү гэдгээ илэрхийлсэн гэх үү бүү мэд. Ямартаа ч тэр АН-ыг өөрсдийн талдаа байгаа гэх хатуу байр сууриа хадгалсан хэвээрээ. Гэсэн хэдий ч Э.Бат-Үүл баатрын төлөө л нөхөн сонгуульд нэгдэж буй гэдгээ битүү, хатуугаар илэрхийлэв бололтой.

Сонгуулийн өмнө арга буюу Э.Бат-Үүл баатрынхаа шахалтаар нэгдсэн дүр хэмээж зургаа татуулсан ч жинхэнэ сөргөлдөгч талууд “хөшигний” цаана муухай царайлсан хэвээрээ л сууцгааж байна. Ардчилсан намыг муудалцаж, хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байх нь эрх баригчдад л ашигтай. Үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдэж чадахгүй бол ямар юмных нь нам байх вэ дээ.

Г.Лхагвадорж

ШӨХТГ: Эрүүл мэндийн сайд С.Энхболд хувийн өмчийн нэр зааж шийдвэр гаргасан нь давуу байдал олгосон гэж үзэхээр байна
ШӨХТГ: Эрүүл мэндийн сайд С.Энхболд хувийн өмчийн нэр зааж шийдвэр гаргасан нь давуу байдал олгосон гэж үзэхээр байна
 
Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.