Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

РЕЙТИНГ: Л.Энх-Амгалан сайд таалагддаг улстөрчдийн ангиллал руу орж, С.Эрдэнэ таалагддаггүй ангиллын лидерээ У.Хүрэлсүхэд алджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 48 секунд

Улстөрчдийн рейтингийн судалгааг гаргадаг MEC судалгааны байгууллагаас есдүгээр сарын судалгаагаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Ингээд энэ сарын судалгааны дүнг танилцуулъя.

У.Хүрэлсүхийн рейтинг Ерөнхийлөгчийн хувиар буцаад сэргэж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өмнөх хоёр сарыг бодвол бага зэрэг өсөлттэй гарчээ. Тэрбээр, 7 болон 8 дугаар сард 5.6 функт байсан бол 9 дүгээр сард 5.8 болж өсчээ. 0.2 функтын өсөлт гарсан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн тухай хуульд тавьсан өмнөх Ерөнхийлөгчийг "чагтыг" авч, Цэцэд гаргаад байсан гомдлыг нь буцаан татсан. Мөн оюун ухааны олимпт өндөр амжилт гаргасан хүүхдүүдэд тэтгэлэг өгөх санаачилга гаргасан зэрэг нь нөлөөлсөн байх магадлалтай.

Вакцинжуулалт, авлигатай тэмцэх "тэмцлээрээ" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рейтингээ өсгөсөн бололтой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ энэ сард мөн адил өсөлт үзүүлсэн байна. Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш рейтинг нь уналттай байсан ч энэ удаад 5.7 хувь болж өсчээ. Уг өсөлтөд цар тахлын эсрэг вакцинжуулалтын үйл явц ихээхэн нөлөөлсөн байх магадлалтай. Улсын хэмжээнд зорилтод бүлгийнхээ 60 хувийг хоёр тунгаар вакцинжуулсан. Улмаар өнгөрсөн сарын сүүлээс эхлэн гуравдугаар тун буюу бүүстер тунг хийж эхэлсэн нь олон нийтэд ихээхэн таалагдаж байв. Мөн Ерөнхий сайд Авлигын эсрэг комисс байгуулж авлигатай тэмцэж эхэлсэн нь эерэг нөлөө үзүүлсэн. Уг арга хэмжээний хүрээнд АТГ-аас нэлээд олон төрийн албан хаагчдыг авлига, албан тушаалын хэргээр саатуулж шалгаад байна.

Хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг дахин уналаа

Хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг өмнөх сараас 0.4 функтээр унасан үзүүлэлт гарлаа. Д.Сумъяабазарын хувьд өнгөрсөн зургаадугаар сараас хойш үйл ажиллагаа нь олон нийтэд тогтмол сайшаагдаж, өсөлт үзүүлж байсан. Гэвч энэ сард рейтинг нь бага зэрэг буурчээ. Ингэж буурахад намрын хөл хөдөлгөөн буюу хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн нь ихээхэн нөлөөлсөн байх магадлалтай. Мөн цэцэрлэг, сургуулийн хүртээмж зэрэг нийслэлтэй холбоотой цаг үеийн асуудлууд энэ сард нөлөөлсөн бололтой.

Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг У.Хүрэлсүх тэргүүлж, Л.Энх-Амгалан энэ онд анх удаа уг жагсаалтад орж ирлээ

Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манлайлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, экс Ерөнхийлөгч Х.Баттулга нар удаалжээ. Энэ дүр зураг сүүлийн хэдэн сарын турш үргэлжилсэн. Цаашдаа ч үргэлжлэх магадлалтай үзүүлэлт юм. Харин үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийн жагсаалтын дөрөвдүгээр байранд Н.Алтанхуяг бичигдсэн бол БШУ-ын сайд Л.Энх-Амгалан болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар 2021 он гарснаас хойш анх удаа орж ирж байна. Тэдгээрийн араас С.Ганбаатар, С.Одонтуяа нарыг иргэд нэрлэжээ. Л.Энх-Амгалан сайд боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогыг нь иргэд ихээхэн дэмжиж буй. Харин Х.Нямбаатар сайдын хувьд Оюутолгойн асуудлаар Засгийн газрын төлөөлж ахицтай ажиллаж байгаа нь эерэг нөлөө үзүүлэв бололтой.

У.Хүрэлсүхийн үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчийн жагсаалтыг С.Эрдэнээс "булааж" нэгдүгээр байранд бичигдлээ

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сард тэргүүлжээ. Өмнөх саруудад уг таагүй ангиллыг АН-ын дарга асан С.Эрдэнэ өрсөлдөгчгүй шахуу тэргүүлж байсан бол энэ сард иргэд У.Хүрэлсүхийг үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрч хэмээн нэрлэжээ. Түүний араас С.Эрдэнэ, Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, хотын дарга Д.Сумъяабазар, Ц.Анандбазар, Ц.Элбэгдорж нар бичигджээ.

Сонирхолтой нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйл ажиллагаа нь таалагдахгүй байгаа улстөрчдийн жагсаалт руу энэ он гарснаас хойш анх удаа орж ирлээ. Хотын дарга болон Ерөнхий сайд хоёрт өгөх иргэдийн үнэлэмж энэ сард урд саруудаас илүү буурчээ.

Г.Лхагвадорж

ОРОН НУТАГ: Дундговьд 119, Сэлэнгэд 207, Төв аймагт 181 тохиолдол шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТАГ: Дундговьд 119, Сэлэнгэд 207, Төв аймагт 181 тохиолдол шинээр бүртгэгдлээ
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.