Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхчимэг: Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон этгээдэд оноох ял, шийтгэлийн хэмжээ шинэ хуулиар нэмэгдсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
8 минут 47 секунд

Хэдийгээр мал хулгайлах гэмт хэрэгт оноох хуулийн хариуцлага чангарсан хэдий ч өвлийн идэш бэлтгэх энэ саруудад тус гэмт хэрэг нэмэгддэг нь энгийн л нэг үзэгдэл хэмээн хэлэхэд хилсдэхгүй.

Тэгвэл намрын тарган дөрвөн морио алдаад сар гаран болж байгаа Дундговь аймгийн харьяат нэгэн иргэнтэй холбогдоход "Алдсан хүн арван тамтай гэж, хэзээ сураг гарах бол хэмээн чих тавин суух юм. Уул нь унаган адуунууд эндээсээ холдохгүй. Сүүлийн жилүүдэд манай энүүгээр сүүлгүй чоно элбэг болоод байгаа юм. Би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй" хэмээсэн юм.

Энэ мэт асуудал тулгараад байгаа иргэдэд анхааруулга мэдээллийг хүргүүлж байна. Ингээд Эрүүгийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй уулзаж нарийн тодрууллаа.

-Сайн байна уу. Энэ онд мал хулгайлах гэмт хэрэг хэр байна вэ?

-Энэ оны эхний найман сард мал хулгайлах гэмт хэрэг 441 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Одоо хүйтэн сэрүүний улирал эхэлж иргэд, олон нийт өвлийн идэш бэлддэг энэ үед мал хулгайлах гэм хэрэгт нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас мал мах нэгдсэн арга хэмжээг жил бүрийн 10, 11 саруудад зохион байгуулдаг. Улсын хэмжээнд мал, мах боловсруулдаг газруудын 80 орчим хувь нь Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг. Тус албанаас Эмээлт захад үйл ажиллагаа явуулдаг мал, мах боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагатай хамтраад 118 цэгт хяналтын камерыг суурилуулсан. Суурилуулсан камерууд нь шөнө өнгөтөөр бичих үзүүлэлттэй байнгын ажиллагаатай 360 градус эргэдэг ба мал нядалгааны цэг, мах боловсруулах үйлдвэрийн мал буух хэсэгт байршуулан Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбож Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс хянах боломжтой болсон.

-Малын хулгайн гэмт хэргийг бууруулахын тулд иргэдийн зүгээс ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Мал бүхий иргэд өөрсдийн мал хөрөнгийг байнгын хариулгатай, хяналттай байлгах хэрэгтэй. Мөн мал мах их хэмжээгээр худалдаж авахаар бол заавал гарал үүслийн бичгийг шаардах хэрэгтэй.

-Мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой эрүүгийн хуульд өөрчлөлт орж ялын санкц нэмэгдсэн. Хуулийн мэдлэггүй гээсээ болж малын хулгай хийх болон тус хэрэгт холбогддог байх. Энэ хуулийн талаар бүрэн мэдээлэл олговол?

Өмнөх хуулиар мал хулгайлсан этгээдүүдэд оногдуулдаг ял шийтгэл нь сонгох шийтгэлүүдтэй байсан ба энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зааж өгсөн ба уг гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар тус тус хорих ял шийтгэхээр хуульчилж өгсөн.

-Малын хулгайн гэмт хэргийн хохирлыг хэрхэн барагдуулдаг вэ?

-Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийнх болж тогтоогдсон тохиолдолд тухайн эд зүйлсийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулдаг. Мөн цагдаагийн байгууллагаас шалгах явцдаа тухайн иргэний хохирлыг барагдуулахад анхаарч ажилладаг.

-Ямар хүмүүс ихэвчлэн малын хулгайн гэмт хэрэгт холбогдож байна вэ?

-Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс ихэвчлэн эрхэлсэн тодорхой ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой шунахайн сэдэлтэй хүмүүс холбогдож байна.

-Өөр танд энэ хэрэгтэй холбоотой иргэдэд олгох мэдээ мэдээлэл байна уу?

-Иргэн, аж ахуй нэгж, байгууллага төв суурин газарт худалдаалах зорилгоор бэлтгэн нийлүүлж байгаа мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнд Мал эмнэлгийн байгууллагаас мал эмнэлгийн гэрчилгээг авч цахим санд бүртгүүлсний үндсэн дээр тээвэрлэх, тээврийн хэрэгслийн жолооч мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ мал эмнэлгийн гэрчилгээтэй эсэхийг шалгасны үндсэн дээр тээвэрлэх үүрэгтэй. Мөн иргэд маань алдсан олдсон малын зар мэдээллээ “Малчин лавлах-109” дугаарт үнэ төлбөргүй өгөх боломжтой.

Мал мах авдаг, худалдан борлуулдаг иргэддээ анхааруулахад эзэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй мал, махыг иргэдээс худалдан авахгүй байх, сэжиг бүхий иргэд олон тооны, гарал үүслийн бичиггүй мал, мах зарж борлуулж байгаа талаарх мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, хамтарч ажиллахыг Эрүүгийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Ярилцсанд баярлалаа.

Малын хулгайлахтай холбоотой мэдээллийг багцлан хүргэвэл,

Мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ. Зохион байгуулалттай бүлэглэн болон давтан үйлдвэл 5-12 жилийн хорих ял ногдуулах юм байна. Мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авна. Мөн хулгайд малаа алдсан малчин хуучин эрүүгийн хуулиар эдийн засгийн хохирол буюу хулгайд алдсан малаа мэргэшсэн аж ахуйн нэгж (үнэлгээний компани)-ээр үнэлүүлж байсан аж. Тэгвэл шинэ хуулиар малчин өөрөө малаа үнэлэх болно. Мөн Эрүүгийн хуулиар одоо малын хулгайн хөнгөн нөхцөл гэж байна. Гэхдээ хорих ялаас чөлөөлөгдөхгүй. Малчин та бусдын малыг тууж дээрх шиг хулгайч нарын гарт хүргэж өгвөл малын хулгайн зохион байгуулалттай гэмт хэргийн оролцогч болон хувирна. Ийм гэмт хэргийн оролцогч хорих ялаас гадуур үлдэх боломж шинэчилсэн хуулиар байхгүй болсон. Малын хулгайн ялын бодлого чангарлаа.

Малын хулгайтай тэмцэх хууль чангарсан хэдий ч малын хулгай хийх этгээдүүд халшрахгүй байгааг саяхны нэгэн жишээн дээрээс харж болно. Иймээс иргэдийг анхаарал болгоомжтой байлгах үүднээс дараах бодит жишээг хүргэе. Төв аймгийн Баян сум, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын зааг нутаг дэвсгэрт есдүгээр сарын 08-ны өдөр малын хулгай гарсан байна. Тодруулбал "Дундговь аймгийн малчин П-гийн 32 тооны үхрийг гэрийн гаднаас нь хөөж Төв аймгийн нутаг дэвсгэрт хоёр үхрийг нь нядалсан байна. Үлдсэн үхрүүд нь бахардаж үхсэн байдалтай байсан байна" гэх мэт малын хулгай нэмэгдэх эрсдэлтэй. Тус хэргийн хохирогчдийн 32 тооны үхэр дотор долоон тугалтай үнээ байсан аж.

Энэ мэт малын хулгайн гэмт хэрэг нэмэгддэг энэ саруудад малчин иргэдийг болгоомжтой байлгах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

БНХАУ-ын талаас хил зөрчсөн таван иргэнийг саатуулжээ
БНХАУ-ын талаас хил зөрчсөн таван иргэнийг саатуулжээ
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.