Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарга нар сошиалыг бус эмч нар, эмнэлгийн байгууллагаа сонсмоор байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
4 минут 58 секунд

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр УОК, Эрүүл мэндийн байгууллагууд болон бусад чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллахыг Ерөнхий сайд үүрэгдлээ. Цар тахал эхэлснээс хойшхи хугацаанд уялдаатай ажиллах ёстой байгууллагууд нь шийдвэр бүр дээрээ хэдэн тийш харж “сууж”, туршлага судалсаар хоёр жилийг орхив. Тэр байтугай уялдаагүй байдлаас үүссэн алдаагаа улс төрийн шийдвэрээр халхалдаг байдал ч даамжирлаа. Хамгийн сүүлийн жишээ. Улс нийтээрээ цахим үндэстэн болж буйгаа зарласан “Digital Nation 2021” үзэсгэлэнг зохион байгуулах үеэр халдвар хамгааллын дэглэм алдсан нь цаашид цар тахалтайгаа дасан зохицож, гадаа талбайн арга хэмжээг зөвшөөрнө хэмээсэн Ерөнхий сайдын “амлалт”-ад дарагдсан гэж хэлж болно. Маргааш өдрийнх нь жаргах нартай зэрэгцэн Ерөнхий сайдын “амлалт” хэрэгжиж соёл урлагийн үйл ажиллагааг аравдугаар сарын 1-нээс нээх шийдвэрийг НОК-оос гаргасан. Мэдээж урлаг соёлын үйл ажиллагааг зохицуулалттайгаар нээж буй нь эдийн засаг, тус салбарт зүтгэж буй хэн бүхэнд чухал шийдвэр. Нөгөөтэйгүүр, иргэдийн шүүмжлэл, хэл амнаас хөнгөхөн мултрах арга гэлтэй. Гэтэл цахимд загнуулсандаа гаргаж буй энэ шийдвэр нь эрүүл мэндийн салбар, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзээгүй шийдвэр болов.

Эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс шөнийн 22 цагаас хойшхи олон нийтийн хөл хөдөлгөөнийг хорих, үзвэр үйлчилгээг ажиллуулахгүй байхыг санал, тооцоолол бүрээрээ дээд шатны удирдлагуудад хүргүүлсээр байхад тэднийг “сонсох” чихтэй хүн УОК, НОК, ЗГ гээд аль алинд нь алга. Учир нь, ХӨСҮТ-өөс 7 хоног бүр хүргүүлж буй саналдаа нийтийн шилжилт хөдөлгөөнийг багасгаж, нийтэд чиглэсэн хариу арга хэмжээг авах шаардлагатай хэмээн тусгасан ч тоосонгүй. Ингэхдээ халдварын гурав дахь давлагаа эхэлж, батлагдсан гурван хүний 2-3-д нь дельта хувилбар илэрч, өрхийн эмнэлгийн нэг эмч 1800-2500 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн ор хүрэлцээгүйн дээр өдөрт бүртгэгдэх нас баралт ч буурахгүй хэвээр байна. Тэр байтугай нийтэд чиглэсэн хариу арга хэмжээг авахгүй бол дөрвөн 7 хоногийн дараа халдварын тохиолдол одоогийнхоос 2 дахин ихсэх тооцоо байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн дарга нь мэдээлчихлээ. Товчхондоо, амны хаалтгүй зөрөх төдийд л халдварлах чадалтай дельтагийн тархалтын үед эрүүл мэндийн салбарынхны “туйлдаа” хүрсэн нөхцөл байдлыг үл ойшоох нь энгийн л үзэгдэл мэт болчихов. Цар тахлыг тэд зүгээр суугаад таамаглаагүй нь ойлгомжтой. Бодит нөхцөл байдал нь энэ. Нөхцөл байдал ийм байхад улстөрчид улс төрийн шийд гаргахдаа, сошиал харж ажиллахаасаа урьтаад эрүүл мэндийн байгууллагуудтайгаа уялдаатай ажиллах хэрэгтэй байна.

Сайдын албанд томилогдсоноос хойш даруй найман сарын хугацаа өнгөрлөө С.Энхболд сайд аа. Найман сар гэдэг бол салбарынхаа нөхцөл байдалтай танилцаж, цар тахлын үеийн эрсдлийн менежментээ тодорхойлж, хариу арга хэмжээг авахад хангалттайгаас хэтэрсэн хугацаа. Мэдээж, улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч Засгийн газарт биечлэн нөхцөл байдлаа танилцуулахад хүчин мөхөс. Харин энэ байдлыг дээд шатны байгууллагад танилцуулах бүрэн боломж, чадал нь ч танд байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагуудын өгч буй санал дүгнэлтийг хэдэн улс төрчийн гаргасан шийдвэрт дарагдуулж орхих бус эсрэгээрээ тэдэнд хүлээн зөвшөөрүүлж, манлайлал үзүүлэх ёстой. Түүгээр ч үл барам цар тахлын үеийн шийдвэрт хувь улс төрчийн амбиц орж ирвэл таслан зогсоох эрх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн сайдад дорвитой хийсэн ажил, даацтай гаргасан шийдвэр байсангүй.

Товчхондоо, бодит нөхцөл байдалдаа бус улс төрийн амбиц, хэлсэн үгэндээ орооцолдож шийдвэр гаргадаг удирдлагууд, түүнтэй жинхэнэ утгаараа тэмцэхийг хүсдэггүй сайд нар одоо ч цаашид ч мэргэжлийн байгууллагуудынхаа үгийг авч, санал дүгнэлтийг нь шийдвэртээ "шингээдэг" байвал зохилтой байна.

ЦУВРАЛ 3: Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наядын чанаргүй зээл буюу зээлээ төлдөггүй КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ
ЦУВРАЛ 3: Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наядын чанаргүй зээл буюу зээлээ төлдөггүй КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн“-гийн өнгөрсөн хугацаанд олсон бүх ашигаас мөнгө нэхэмжилнэ“
“Төв цэнгэлдэх хүрээлэн“-гийн өнгөрсөн хугацаанд олсон бүх ашигаас мөнгө нэхэмжилнэ“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.