Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтантай ойлголцож чадаагүй учир эрүүл мэндээрээ хохирсон сонсголгүй иргэд олон“

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 37 секунд

Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногийг олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдөрлөгийг дэлхийн бусад улс орнууд өөрсдийн хэв маягт тохируулан тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Бид хүний эрхийн төлөө дохионы хэлээр ярина” уриатайгаар Сүхбаатарын талбайд тэмдэглэхийн сацуу тайван жагсаалаар үргэлжилж байна.

Үйл ажиллагааны нээлтийн үеэр Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар нээж үг хэллээ. Тэрбээр “НҮБ-аас 2017 оны 12 сард Монголын сонсголгүй иргэдийг “Сонсголгүй иргэдийн эрхийн долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхийг албан ёсоор баталсан билээ. Энэхүү эрхийн долоо хоногоор сонсголгүй иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэдэг юм. Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл. Тиймээс үүнийг хуульчилж, эрх зүйн орчинг бүрдүүлж өгөхийг Засгийн газраас хүсэж байна. Сонсголгүй иргэд өөрсдөө идэвхтэй байж, үүнийг дэмжээсэй гэсэн зорилгоор өнөөдөр энд цуглаад байна” хэмээлээ.

Ийнхүү бид Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатартай уулзаж, ярилцлаа.

-Сайн байна уу. Сонсголгүй иргэдийн эх хэл бол дохионы хэл мөн гэж хуулинд заасан байдаг. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэх зүйл заалт байдаггүйгээс эрх зүйн орчин үүсэхгүй байна уу. Хэрхэн хуульчлах ёстой вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн 12.1-д дохионы хэл бол сонсголгүй иргэдийн эх хэл мөн, дохионы хэл ашиглаж нийгмийн харилцаанд орж болно гэж заасан байдаг. Гэвч тодорхой заасан журам, зүйл, заалтууд байдаггүй. Олон улсад дохионы хэлийг хуульчилж өгсөн байдаг. Энэ хууль батлагдсанаар сонсголгүй иргэд энгийн иргэдтэй адил боловсрол эзэмшиж, эрүүл мэндийн, цагдаагийн болон бусад төрлийн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой бүрдэнэ.

-Манай улсад хэчнээн сонсголгүй иргэн байдаг вэ?

-Саяхан Үндэсний статистикийн хорооноос судалгаа хийсэн. Монгол Улсад нийт 12 мянган сонсголгүй иргэн байдаг. Тэдгээрээс найман мянга гаруй нь дохионы хэлээр ярьдаг. Үлдсэн иргэд нь хожуу сонсголоо алдсан учир дохионы хэл мэддэггүй.

-Сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ямар хэмжээнд байдаг вэ. Ажлын олдоц хэр их вэ?

-Сонсголгүй иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж, нийгмийн хүртээмж байдаг. Гол асуудал нь сонсголгүй учир илүү цагаар ажилуулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах зэрэг асуудлууд үүсдэг. Урамшуулдаггүй учир ямар ч идэвх, хичээл зүтгэлгүй болж ажлаасаа гарах тохиолдол их байдаг. Бид энэ өдрүүдэд ажлын байрны асуудлыг хөндөхгүй байгаа шалтгаан нь сонсголгүй иргэдийн тухай хуулийг батлуулсанаар энэ асуудлууд шийдэгдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Дохионы орчуулагчийн тоог ихэсгэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Дохионы хууль батлагдаагүй учир орчуулагчдийг дэмжих хөтөлбөр одоогоор байхгүй байна. Энэ хууль батлагдсанаар сонсголгүй иргэдийн хүртээмжийг сайжруулах зорилгоор дохионы орчуулагч бэлтгэх сургалт зохиох боломжтой. Монгол Улсад ийм 20 гаруй дохионы хэлмэрч байдаг. Телевизээр дохионы орчуулагчийг харуулах хэмжээ маш жижиг байдаг. Хараа муутай, сонсголгүй иргэн үүнийг харах боломжгүй. Харахгүй учир телевиз үзэх хүсэлгүй болж байна. Бид ч бас мэдээлэл авах эрхтэй. Тиймээс хүртээмжийн тал дээр анхаарах хэрэгтэй.

Тайван жагсаалын үеэр Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжавтай цөөн хором ярилцав. Тэрбээр "Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдыг бэлтгэх ажлыг сонсголгүй багш, сурган хүмүүжүүлэгчид хариуцаж бэлтгэх нь зөв. Дохионы хэл сонсголгүй иргэдийн эх хэл мөн гэж хүний эрхийн конвенцид тусгагдсан боловч салбар салбарын холбогдох дүрэм, журмууд боловсруулаагүй нь учир дутагдалтай байна. Наад захын эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд эмч, эмнэлэгийн байгууллагын ажилтантай ойлголцож чадаагүйн улмаас эрүүл мэндээрээ хохирсон олон сонсголгүй иргэн байдаг. Би өөрөө тэр хохирогчдын нэг байгаа юм. Салбар бүрт дохионы хэлмэрчийн хүртээмж байдаггүйгээс сонсголгүй иргэдэд тулгардаг асуудал их байна. Тиймээс төр үүнийг анхааралдаа авах шаардлага гарч байгаа юм" гэв.

Энэхүү хуулийн төслийг Монголын сонсголгүй иргэдийн холбоо болон бусад холбогдох байгууллагуудын зүгээс Засгийн газарт удаа дараа хүргүүлж байжээ. Гэвч бодит арга хэмжээ авч шийдвэрлээгүй учир эрхээ хамгаалах өдрөөрөө өөрсдийн "нуугдсан" дуу хоолой, тулгамдаж буй асуудлаа илэрхийлэхээр төв талбайдаа ийнхүү тайван жагсаж өнгөрүүллээ.

Э.Дэлэгнанзадмаа

ТАНИЛЦ: ОХУ-д шатахууны асуудлаар уулзалтад оролцож буй Монголын талын БҮРЭЛДЭХҮҮН
ТАНИЛЦ: ОХУ-д шатахууны асуудлаар уулзалтад оролцож буй Монголын талын БҮРЭЛДЭХҮҮН
 
Х.Нямбаатар: Төв аймагт шинэ хот байгуулж, татварын орлогынх нь  20 хувийг нийслэл авна
Х.Нямбаатар: Төв аймагт шинэ хот байгуулж, татварын орлогынх нь 20 хувийг нийслэл авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.