Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Төмөртөмөө: Агаарын бохирдлыг бууруулах дараагийн алхам бол дэд бүтэц, газар чөлөөлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлт

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
15 минут 49 секунд

No description available.Намрын сарууд дуусч, хүйтний улирал хаяанд ирсэнтэй холбогдуулан сайжруулсан түлштэй холбоотой асуудлууд “моодонд” ордог. Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд шахмал түлштэй холбоотой санал, шүүмжлэл түүнийг тойрсон чамгүй олон асуудлууд ч сөхөгдсөөр ирсэн. Тухайлбал, ид хүйтний үеэр борлуулалтын цэгийн ачаалал эрс нэмэгдэж, түлш тасалдах тохиолдол гардаг. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах бодлого, төлөвлөгөө ба сайжруулсан шахмал түлш түүний зохицуулалтын талаар Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлыг асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөтэй ярилцлаа.

-Хоёр хоногийн өмнөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын 41 цэгээр худалдаалж эхэллээ. Ер нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхлэхээс урьтаад бэлтгэл ажил хэр хангагдсан бэ гэдэг асуудал байна?

-Бэлтгэл ажил сайн хангагдсан. Бид шахмал түлшийг анх удаа хэрэглэж байгаа зүйл биш. Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрх хэрэглэж байгаа учраас ард иргэдэд хүргэх сургалт, сурталчилгаа, мэдээллийг хангалттай хийсэн гэж үзэж байна.

-Өнгөрсөн жилээс эхлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах шаардлагатай талаар ярьж эхэлсэн. Гэтэл энэ жил яагаад Налайх дүүргийг шахмал түлшээр хангах зорилтоо биелүүлж чадсангүй вэ?

-Шахмал түлшний нөөцтэй холбоотойгоор энэ жил Налайх дүүргийг шахмал түлшээр хангах асуудал хойшлогдсон. Зүүн үйлдвэрийн техник шинэчлэлтийн засварын тодорхой хэд хэдэн ажил гүйцэд хийгдэж дуусаагүй тул ирэх жилээс агаарын чанарын бүсэд орж, сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ. Анх баруун үйлдвэрийг тортогтой байгаа тул зүүн бүс рүү шилжүүлэхээр болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тус шийдвэрээс шалтгаалан бид нөөцөө тодорхой сайн бэлдэж чадаагүйн улмаас Налайх дүүрэг энэ жил агаарын чанарын бүсэд орж амжаагүй.

-Шахмал түлштэй холбоотой олон асуудал хөндөгддөгийн нэг нь нөөц, хүртээмж, түлш тасалдах явдал. Энэ жил түлшний аюулгүйн нөөцөө хангалттай бэлтгэж чадсан уу?

-Нийслэлийн Засаг даргын 382 тоот өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургадугаар сараас эхлэн бэлтгэсэн. Нийслэлд өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлшний нөөцийг бүрдүүлсэн. Нийт 33 агуулахад шахмал түлшний аюулгүйн нөөцөө хадгалж, бэлдсэн. Энэ бол боломжийн дүнтэй, хангалттай нөөц.

-Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш угаартсанаас эрдэнэт хүний амь эрсдэж буй тохиолдлууд гарсаар байгаад иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандах болсон. Ер нь жил бүр яригддаг шахмал түлшний хэрэглээ, аюулгүй байдал чиглэлд анхаарах дорвитой ажлыг хийсэн үү. Саяхны хүйтэрсэн хэдхэн хоногт хүн угаартсан тохиолдлууд гарлаа шүү дээ?

-Шахмал түлш худалдаалж эхлээгүй байхад угаартсан нь шахмал түлшнээс бус өөр хүчин зүйлээс шалтгаалсан тохиолдлууд болов уу. Хавар, намрын улиралд угаартах тохиолдлууд бүртгэгддэг. Үүний 95 хувь нь иргэдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан болохыг мэргэжлийн байгууллагууд нь хэлдэг. Тухайлбал, бороо ороход өрхөө бүтээж, яндангаа авчихдаг , зуухны бүрэн бүтэн байдлаа хангаагүй айл өрхүүд угаартах эрсдлийг бий болгож байдаг. Мөн нүүрсээ их хэмжээгээр түлчихээд яндангийн хавхлагаа хаачихдаг. Шахмал түлш нь нягтрал ихтэй, бага багаар угаар гарсаар иргэд угаартах тохиолдол их гардаг.

-Угаартаж нас барсан иргэдийн ар гэрт тусламж дэмжлэг үзүүлдэг үү. Ер нь холбоо тогтоож, учирсан хохирлыг барагдуулах тал дээр нийслэл, шат шатны холбогдох мэргэжилтнүүд хэрхэн анхаарч ажилладаг юм бэ?

-Мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гарсны дараа холбогдож, нөхөн олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэдэг тохиолдлууд байгаа. Ер нь, сайжруулсан шахмал түлш гараад угаартаж нас бараад байгаа зүйл бол биш. Өмнөх статистик тоон мэдээллийг харж, харьцуулах бүрэн боломжтой.

Хэрвээ сайжруулсан шахмал түлш хэрэглээд, химийн орц найрлага нь таарахгүй, угаартаад байна гэж үзвэл үүнийг улс нийтээрээ хэрэглэхгүй шүү дээ. Гэхдээ үүнд ард иргэдийн хариуцлага гэх зүйлийг ч ярих хэрэгтэй.

Ер нь мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн удирдлагууд холбогдож, эхнээс нь нөхөн олговор олгох, эмгэнэл илэрхийлж байгаа. Гэхдээ өөрийн хариуцлагагүй байдлаас болж тухайн нөхцөл байдал үүссэн эсэх, эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал учраас нууцын зэрэглэлд хамаардаг.

~Өнгөрсөн жил агаарын бохирдолтой байсан нь иргэд гэртээ хөл хоригдсонтой холбоотой~

No description available.

-2019 онд шахмал түлшийг хэрэглэж эхлэхэд утаа эрс буурсан гэдгийг олон хүн хэлэх байх. Гэхдээ өнгөрсөн жил агаарын бохирдол урьд жилтэйгээ харьцуулахад их байсан. Нийслэлийн нутаг дэвсгэр лүү түүхий нүүрсээ алдчихав уу гэж хардах хүмүүс ч байлаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Цар тахал гарсантай холбоотойгоор ард иргэд өнгөрсөн өвлийн туршид гэртээ хөл хоригдсон. Энэ байдлаас үүдэн нэг өрх энгийн үетэй харьцуулахад давсан буюу 24 цагийн галлагаатай болчихож байгаа юм. Түлшний хэрэглээ өссөн гэсэн үг. Цаас шатаахад хүртэл утаа гарна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ковид цар тахлын үед түлш хэрэглээ нэмэгдсэнээр тодорхой хэмжээнд агаарын бохирдол нэмэгдсэн байсан.

-Нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Гэхдээ ямар нэг байдлаар, хулгайгаар ч юм уу түүхий нүүрс орж ирэх боломж бий юу?

-Нийслэл рүү түүхий нүүрс оруулж ирэх ямар ч боломжгүй. Хууль хяналтынхан, цагдаагийн байгууллага, онцгой байдал болон бусад мэргэжлийн газрууд хяналт тавьж ажиллаж байгаа. Хажуу талын айлаа хүртэл хянана шүү дээ. Нөгөө талаас харвал, түүхий нүүрс үнэ өртгийн хувьд ч өндөр. Шахмал түлшийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувиар хямдруулсан. Гэтэл үүнээс илүү хямдхан шуудай нүүрс гэж байхгүй шүү дээ.

-Цэгүүдийн байршил, хүртээмжийн талаар шүүмжлэл их байдаг. Олон цэг байгуулахад анхаарахаас илүүтэй оновчтой болгох тал дээр ажиллах нь зүйтэй юм шиг санагддаг?

-300 өрх тутамд нэг цэг байгуулах тооцоотой. Цаашид боломж, бололцоо нь гарвал цэгүүдийн тоог нэмэгдүүлээд явна. Цэгүүдийг аль болох л оновчтой болгохоор ажиллаад байгаа юм. Өнгөрсөн жил бид цэгүүдийг оновчтой болгож, уулын орой,өндөрлөг газрууд, гэр хорооллын гудамж талбайн эх, ард иргэдийн зорчих замд хүртэл байршуулсан.

-Сайжруулсан шахмал түлшнээс үүдэх эрсдлүүд айл өрхүүдийн хариуцлагаас гадна стандарт бус зуух хэрэглэдэгтэй холбоотой гэдэг. Нэг үе стандарт бус зуухыг худалдаанаас гаргах арга хэмжээ авна ч гэж ярьж үзсэн. Ер нь энэ асуудал юу болж байгаа вэ?

-Стандарт бус зуухтай айлууд нэлээдгүй их бий. Гашуун боловч нэг үнэн зүйлийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Хэрвээ зуухны дулаан алдагдалтай байгаа бол иргэд өөрсдөө арга хэмжээ авах хэрэгтэй. Өмнөх жил гэр хорооллын 23 мянган айл өрхүүдийн янданг төрөөс хөөлж өгсөн. Галыг хэрхэн түлэхийг зааж, янданг нь хөөлж, нүүрсийг нь ойртуулж өгч буй улс тийм ч их биш болов уу.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ-тай хамтран энэ онд зорилтот бүлгийн 25 мянган өрхийн янданг хөөлөх ажил эхлээд үргэлжилж байна.

Зорилтот бүлгийнхэнтэй барьцаж болохгүй. Энэ нь нийгмийн халамж авах зайлшгүй шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, өндөр настай, өрхийн орлогогүй, ажил хийх боломжгүй хүмүүсийг төрөөс дэмжих ёстой. Түүнээс биш сайхан залуу гэр бүлүүд, ажил хийх боломж бололцоотой хүмүүс халамжийн хавтгайрсан тогтолцооноос салах цаг ирсэн гэдгийг хүн бүр ойлгож байгаа.

-Угаар мэдрэгчгүй айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш худалдаалахгүй байх шийдвэр гарсан. Хэчнээн иргэдийн аюулгүй байдалд анхаарч байгаа хэрэг хэдий ч угаар мэдрэгчийг зохицуулалт байдлаар тавьж байгаа нь хэр зөв зохицуулалт вэ. Ер нь угаар мэдрэгчийн ажиллагаа үр дүнтэй юу?

-Угаар мэдрэгч үр дүнтэй. Угаар мэдрэгчээ хурдан тараагаач гэж хүмүүс их шаарддаг. Нэг иргэн өөрөө эвдчихээд аль эсвэл угаар мэдрэгчийг барьцаанд тавьчихдаг асуудал ч байдаг шүү дээ. Тэр бүрт нь төр дааж чадахгүй. Гэхдээ зорилтот бүлгийн 20 мянган өрхөд угаар мэдрэгчийг дахин тарааж байна.

~Дэд бүтэц, газар чөлөөлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг нь агаарын бохирдлыг бууруулах ГАРГАЛГАА~

No description available.

-Агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна гэх зорилтдоо хүрч ажиллаж чадаж байна уу. Ер нь шахмал түлшээс бусдаар нийслэлд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар бодлого, төлөвлөлтийг барьж байна вэ?

-2020-2024 оны мөрийн хөтөлбөрт агаарын бохирдлыг 50 хувь бууруулснаа 80 хувьд хүргэнэ гэх зорилтыг тавьсан. 80 хувьд хүргэх төлөвлөгөө зөвхөн сайжруулсан шахмал түлшээр хязгаарлагдахгүй. Шахмал түлш агаарын бохирдлыг хангалттай бууруулж байна. Үүнээс гадна гэр хороолол руу дэд бүтэц тавих, газар чөлөөлөх, гэр хорооллыг барилгажуулахаар ажиллаж байна.

Үндсэндээ яндангийн тоог цөөлөх гэсэн том асуудал бий шүү дээ. Алслагдсан дүүрэгт байгаа сургууль, цэцэрлэгийг төвийн дулаанд холбох, уурын зуухнуудыг буулгах гэх мэтээс харвал агаарын бохирдол нь өөрөө өргөн цар хүрээтэй асуудал болчхоод байгаа юм. Уг ажлуудыг хийж эхэлсэн.

Сургууль, цэцэрлэгүүдийг дулаанд холбох, янданг буулгахаас авахуулаад хийж болох ажлуудаа эхнээс нь хийгээд явж байгаа. Өмнө хэлсэнчлэн, гэр хорооллын газрын чөлөөлж, дахин төлөвлөлтийг хийж байна. Тухайлбал, Залуус 1, 2 хороолол, Морингийн даваа, Налайхын Хонхор гэх мэт газруудад маш том дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Үндсэндээ, төвлөрлийг сааруулж, барилгажуулна гэдэг нь өөрөө агаарын бохирдлыг их хэмжээгээр бууруулах гаргалгаа гэж хэлж болно.

-Хүйтний улирал дөхөхөөр агаарын бохирдолдоо санаа зовниж хөрсний бохирдлын асуудлаа түрхэн зуурт мартчихдаг тал бий. Нийслэлээс хөрс, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж чадаж байна уу?

-Хөрсний бохирдол чиглэлийн тухайлсан хэлтэс нэгжийг байгуулах шийдвэр Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар захирамжаар гарсан. Тэгэхээр бид хөрсний бохирдол руу онцгой анхаарах боломжтой болж байна. Хөрсний бохирдлын тухайлсан нэгж, хэлтэс байгаагүй, яам тамгын газарт нь энэ чиглэлийг хариуцсан ганцхан мэргэжилтэн ажиллаж байгаа тохиолдолд бид хөрсний бохирдол гэж хэдэнтээ яриад нэмэргүй шүү дээ. Ингэхдээ Улаанбаатар хотын бүтэц, мэргэжлийн алба хаагчийг сонгон шалгаруулж зохион байгуулалтад орж ажиллах юм. Хөрсний бохирдолд илүү анхаарч, гадна дотнын төсөл хөтөлбөрүүдтэй харилцаж, санал солилцоно.

Хөрсний бохирдлын асуудал нийслэл хотод нэн хүнд шатандаа орчихсон. Судалгаагаар гэр хорооллын газрын 88 хувь нь хөрсний бохирдолтой байна. Бидний ундаалдаг гол усны ундарга дээр л гэхэд 10 мянга орчим нүхэн жорлон бий. Иймээс гэр хорооллын нүхэн жорлонг сольж эко ариун цэврийн байгууламжтай болгохоор БОАЖЯ манай НЗДТГ-тай хамтран хэд хэдэн ажлуудыг эхлээд байна.

-Жилд дунджаар сайжруулсан шахмал түлшний төсөлд хэчнээн хэмжээний хөрөнгийг төлөвлөж, зарцуулдаг вэ?

-“Таван толгой түлш” ХХК нь манай нийслэлийн компани биш. Бид бүхий л урсгал зардал, тээвэрлэлт, агуулах, борлуулагчдын цалин урамшуулал зэрэгт 40 гаруй тэрбум төгрөгийг жилд зарцуулж байна. Түүнчлэн Засгийн газраас түлш үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн байгууламжуудыг барих зэрэгт дэмжиж ажиллаж байгаа.

-Зүүн бүсийн үйлдвэрийн шинэчлэлийн ажил ямар явцтай явж байгаа вэ?

-Зүүн бүсийн үйлдвэр шинэчлэл технологийн ажил дуусах шатандаа явж байна. Уг үйлдвэрээс их хүлээлттэй байгаа. Учир нь, БНСУ-ын технологиор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр юм. Тэгэхээр илүү чанартай сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломжтой гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа.

-Өнгөрсөн жил хөдөө, орон нутаг руу шахмал түлш тээврийн хэрэгсэл нуун авч гарахыг оролдсон тохиолдол гарсан. Ер нь энэ мэт зөрчилд ямар арга хэмжээ авах вэ?

-Тус асуудал тээврийн товчоодоор гарсан Сайжруулсан шахмал түлшийг орон нутаг руу авч гарахыг завдсан тохиолдолд газар дээр нь хураана. Гэтэл өөр товчоогоор дахин шахмал түлш авч гарах гэсэн оролдлого гаргадаг байдал бий.

Тухайлбал, нийслэлээс Төв аймаг руу арван айл шахмал түлш авч гарлаа гэхэд тэнд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг л ард иргэд маань ойлгох хэрэгтэй. Тухайн орон нутгийг агаарын чанарын бүсэд оруулж, нийтээр шахмал түлшний хэрэглээтэй болоогүй цагт ганц, хоёр хүн хувиа бодох асуудал биш.

ЭЕРЭГ МЭДЭЭ: Реппер “Big Gee” өрхийн эмнэлэгт сайн дурын ажилтан хийж байна
ЭЕРЭГ МЭДЭЭ: Реппер “Big Gee” өрхийн эмнэлэгт сайн дурын ажилтан хийж байна
 
Монголын оюутны спортын VI наадам өндөрлөлөө
Монголын оюутны спортын VI наадам өндөрлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.