Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Алтанхөлөг: Бүжгийн спорт бол миний дурлаж хийдэг зүйл

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
20 минут 5 секунд

No description available.

"Ододтой бүжиглэе" шоуны 13 долоо хоногийн аялалын туршид гал гарсан, сэтгэл хөдлөм үзүүлбэрүүдээр үзэгч олны анхаарлыг татаж чадсан оролцогч бол бүжигчин Б.Алтөнхөлөг юм. Түүний хувьд "Эмоци" продакшины жүжигчин Т.Бадамжав буюу Жерритэй хамтарч финалын шат хүртэл амжилттай оролцсон. Тэгвэл Монголдоо төдийгүй дэлхийд ур чадвараараа дээгүүрт бичигдэх "Moon dance" хамтлагийн тамирчин, бүжгийн спортын ОУХМ Б.Алтанхөлөгийг энэ удаагийн "Ubn story" буландаа онцолж байна.

-"Moon dance" хамтлагийн бүжигчин басхүү "Ододтой бүжиглэе" шоуны жүжигчин Жерригийн хамтрагч гэдгээр нь уншигчид маань илүү таньж байгаа байх. Гэхдээ Б.Алтанхөлөгийг хувь хүний зүгээс нь мэдэхийг хүссэн олон хүмүүс байгаа болов уу гэж бодож байна. Уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Батчулууны Алтанхөлөг гэдэг. Дархан-Уул аймагт төрж өссөн. Арван жилээ Дархан-Уул аймгийн Мон-Турк сургуулийг төгсөөд ШУТИС-ийн барилгын инженерийн ангид суралцсан. Их сургуульд сурч байх үедээ буюу 2013 онд "Moon dance" хамтлагт нэгдэн орж байсан.

Цугтаа бүжгийн клуб нээхээр ажиллаж байгаа н.Өлзий-Орших найзтайгаа тухайн үед "Moon dance" хамтлагт мөр зэрэгцэн хөл тавьж байсан юм. 2013 оноос хойш найман жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд зургаан жил дараалан ДАШТ-д оролцлоо. Ингэхдээ гурван удаа финалд, гурван удаа хагас шигшээд шалгарсан амжилт бидэнд бий. Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер цолтой, тамирчин залуу байна.

-Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлүүлье. Бүжгийн клубээ нээх гээд нэлээн завгүй яваа сурагтай байсан?

-Тийм ээ. Нэлээн цаг, зав муутай өдрүүд өнгөрч байна. "Ододтой бүжиглэе" шоунаас хойш “Remax” компанид маркетингийн менежерээр ажиллаж байгаа. Удахгүй "Moon dance" хамтлагийн н.Өлзий-Орших найзтайгаа хамтран өөрсдийн бүжгийн клубээ нээхээр ажиллаж байна. Хажуугаар нь веб драмад тоглож байгаа. Энэ мэтчилэнгээр завгүй өдрүүд үргэлжилж байна даа. Ер нь залуу байгаа дээрээ аль болох өөрийгөө завгүй байлгаж, их зүйлийг сурч мэдэхийг хүсч зорьж яваа.

-"Ододтой бүжиглэе" шоуны талаар ярилцахгүй өнгөрч болохгүй байх. Мэдээж мэргэжлийг бүжигчид бүжиглэхэд өөрсдөдөө анхаарахаас илүүтэй хамтрагчдаа зааж зөвлөх, бие биетэйгээ ойлголцох шаардлага нэлээдгүй гарсан болов уу. Ер нь шоуны туршид өөрийгөө хэр шахав?

-"Ододтой бүжиглэе" шоуны үеэр нэлээн ачаалалтай өнгөрсөн. Долоо хоногт амралтын өдөр байхгүйгээр бэлтгэлээ хийдэг байсан. Мэдээж салбар салбарын өөр мэргэжилтэй хүмүүстэй ажиллаж байгаа боловч протнертойгоо маш сайн ойлголцож байж чанартай, үзүүштэй үзүүлбэр гардаг. Жерри бид хоёрын хувьд хоорондоо маш сайн ойлголцсоны дүнд финалын шат хүртэл явж чадсан юм болов уу гэж боддог. Ер нь ямар ч мундаг, сайн бүжигчин байлаа гээд протнертойгоо ойлголцож чадахгүй бол тэдний дундаас чанартай, сайн уран бүтээл гарахгүй. Тэгэхээр хамтын ажиллагаа л гэж хэлмээр байна. Жерригийн хувьд жүжигчин хүн. Мөн СУИС-д суралцаж байх хугацаандаа бүжгийн хичээлдээ тун эвсэлтэй байсан гэж сонссон.

No description available.

-Анх шоуны хамтрагчаар жүжигчин Т.Бадамжав буюу Жерриг зарлахад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Ер нь хамтрагчаар сонгогдох байх гэх бодол төрж байсан уу?

-Жерриг миний протнер болж таарна гэж санаанд ороогүй. Шоу эхлэхээс өмнө одуудтай бүжгийн үзүүлбэр бэлдэж байхад би жүжигчин Ганцэцэг эгчтэй хамтарч байсан. Ер нь Ганцэцэг эгчтэй таарч магадгүй гэж бодож байсан. Бэлтгэлийн үед Жерри нэлээн эвсэлтэй, гал цогтой санагдсан. Жерритэй таарахад маш их баяртай хүлээж авсан.

-Шоуны туршид үзэгчдийн асууж, хариулт авахыг хүссэн нэг зүйл байсан. Үзэгчид жүжигчин Т.Бадамжав буюу Жерриг өөртэй тань нөхрөөс нь илүү хардаж, харамлах үе гарсан. Ер нь энэ байдалд ямар тайлбар хиймээр санагдсан бэ?

-Оролцогчид бүгдээрээ долоо хоногт амралтгүйгээр бэлтгэлээ хийдэг байсан. Бид гурван сарын хугацаанд маш сайн найзууд болж чадсан. Жерри маань сайхан гэр бүлтэй шүү дээ. Би өөрөө ч найз охинтой. Одоо бид гэр бүлийн найзууд болцгоосон. Тухайн үед үзэгчид нөхрөөс нь илүү хардаж, харамлаж байсан л даа. Гэхдээ энэ бол шоу нэвтрүүлэг учраас тэр бүрийг тоож, хүндээр хүлээж аваагүй. /инээв/

No description available.

-Шоунд оролцохын өмнөх болон дараах Б.Алтанхөлөгт ямар өөрчлөлтүүд дагуулав?

-Дэлхийн хэмжээний шоу манай улсад маш амжилттай зохион байгуулагдсан. Шоунд орсоны дараа маш олон боломжууд нээгдсэн гэж харж байгаа. Шоуны өмнөх болон дараах Хөлгөө яг л хэвээрээ. Зарим талаараа өөрчлөлт гарсан зүйл бий. Ер нь шоу маань маш олон хүнд хүрсэн байна лээ. Финалын шат хүртэл явсан болоод ч тэр үү хүмүүс сайн “нүдэлчихсэн” байсан. Гадуур амны хаалттай явж байхад хүртэл хүмүүс “Өө чи чинь нөгөө шоунд оролцсон бүжигчин залуу байна” гэхчлэн таньдаг болсон байсан. Энэ байдлыг таатайгаар хүлээж авсан. Маш олон найзтай болчихсон юм шиг ч санагдсан шүү.

-Тус шоуг бүжгийн спортыг хүүхэд, залуус гэлтгүй бүх насныханд зөв талаас нь сурталчилан таниулахад чухал ач холбогдол үзүүлсэн гэж хүмүүс дүгнэсэн. Таны хувьд шоунд оролцсон, мэргэжлийн бүжигчин хүний хувьд ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Бүжгийн спорт Монголд хөгжөөд удаагүй. Бид өөрсдийнхөө хэмжээнд маш их хөдөлмөрлөдөг. ДАШТ-д оролцохдоо медаль хүртэх юмсан гэх маш том хүсэл зорилго тавьж, өөрсдийнхөө хэмжээнд хөдөлмөрлөөд л явдаг байсан. Яг бидний бусдад харуулж, мэдрүүлэхийг хүссэн үнэ цэнийг олон нийтэд шоугаар дамжуулан хүргэж чадсан гэж бодож байгаа. Бүжгийн спортоор хичээллэснээр ямар төлөвшилтэй, ямар ирээдүй хүлээж байгааг шоуны ачаар хүмүүс илүү ойлгож хүлээн авдаг болсон болов уу. Мөн бүжгийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуус ч эрс нэмэгдсэн.

Ер нь бүжгийн спортоор хичээллэснээр биеэ зөв, цэгцтэй авч явахаас гадна эмэгтэй, эрэгтэй хүн хоорондоо хамтарч бүжиглэдэг учраас бусадтай харилцаж сурдаг. Энэ бол маш том ач холбогдол. Мэдээж хөдөлгөөний эвсэлтэй болохоос гадна өдөр бүрийн дасгал хөдөлгөөн хийснээр дархлаагаа дэмжиж, биеийн жингээ барих, зөв галбиржих гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой.

"Бүжгийн спортод дэндүү "хайртай" учраас орхиж чадаагүй"

No description available.

-Бүжгийн спорттой хэзээнээс, хэрхэн, яаж холбогдсон талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Бүжгийн спорттой цэцэрлэгт байх үеэсээ холбогдсон. Тухайн үед учраа ч мэдэхгүй жаахан хүүхэд байх үед багахан эвсэлтэй харагдаад цэцэрлэгийн бүжгийн багт авч байсан юм болов уу. Цэцэрлэгтээ хамтлагийн ахлагч байсан. Ээж маань бүжиглэх дуртай. Залуудаа балетаар хичээллэдэг байсан. Тиймээс хүүгээ бүжгийн спортоор хичээллээсэй гэж бодсондоо намайг бүжгийн хамтлагт оруулсан юм болов уу гэж одоо боддог. Цэцэрлэгээсээ хойш бага ангидаа ороод бүжгээр хичээллэх маань завсардсан. Зургаадугаар ангидаа буцаад бүжгийн спортод хөл тавьсан. Цэцэрлэгээсээ цуг бүжиглэж байсан найз маань намайг хамт бүжиглэх санал тавьсан. Тэр найз маань намайг бүжгийн спорт руу татаж оруулсан.

6-8-р ангидаа аймгийнхаа “Болор” хамтлагт бүжиглэж байгаад хичээл номоо орхигдуулахгүйн тулд бүжгээ нэг хэсэг хойш тавьсан. Ингэж явсаар оюутан болоод хичээл номоо давтах шаардлагатай болсон.

Математик, физикийн хичээлдээ дуртай хүүхэд байсан учраас ШУТИС-ийн барилгын инженерийн ангид орсон. Бүжгээ биш хичээл номоо л хийнэ гэсэн бодолтой явсан боловч бүжгийн спортод үнэхээр дуртай учраас орхиж чадаагүй. Их сургуулийн урлагийн наадамд орох үед бэлдүүлж байсан Эрка гээд багш маань "Moon dance" хамтлаг үүсгэн байгуулагдах гэж байгаа талаар хэлсэн. Тухайн үед н.Өлзий-Орших бид хоёрыг очиж, шалгалт өгч үзэхийг санал болгосон. Ингээд "Moon dance" хамтлагт орж Улсын аваргын тэмцээнд 21 орчим хоног бэлдээд мөнгөн медаль авч байсан юм. н.Өлзий-Орших найз маань бүжгийн спортын талаар А-ч гүй орж байсан. Тэгж л бид хоёр анх "Moon dance" хамтлагийн нэг хэсэг болж байсан юм. Хамтлагтаа ороод найман жил болсон байна. Ер нь бүжиглэж чадахгүй болох хүртлээ ДАШТ-д оролцоно гэж боддог доо.

-"Moon dance" хамтлаг бол дэлхийн хэмжээнд танигдсан, Монгол Улсын чансаатай хамтлагуудын нэгд яах аргагүй тооцогдоно. Зургаан удаа эх орноо төлөөлөн ДАШТ-д оролцсон талаараа та ярьлаа. Тэгвэл олон орноор очиж тэмцээнд оролцоход Монгол Улсын баг тамирчдын бусдаас ялгарах онцлог давуу тал басхүү сул тал нь юу гэж ажигласан бэ?

-Европын орнуудад бүжгийн спорт хөгжөөд нэлээдгүй хугацааг ардаа орхисон. Тиймдээ ч баг тамирчид нь нээлттэй, доторх сэтгэл хөдлөлөө нүүрэн дээрээ ил гаргадаг, эмоци өндөртэй хүмүүс. Харин монголчуудын хувьд энэ тал дээр яг эсрэгээрээ. Бүжиглэж байгаа мэдрэмжээ бусдад хүргэхийн тулд нүүрний хувирлаар илэрхийлэх ёстой юм билээ. Хамгийн анх ДАШТ-д оролцож байх үед энэ байдал ч маш их анзаарагдсан. Европын алдартай хамтлагийн тамирчид нь дотроо мэдэрч байгаа бүх зүйлээ нүүрний хувирлаар гаргаж, үзэгчдэд эрч хүч энергийг мэдрүүлж чаддаг. Дотогшоогоо бүжиглээд байвал үзэгч түүнээс гоё, сайхан мэдрэмжийг авч чадахгүй. Бид эхний жилдээ оролцоод, цаашид бидэнд суралцах зүйлс их байгааг ойлгосон. Ер нь энэ байдал Ази соёлтой ч холбоотой байж болох юм.

Азиуд бид чинь их дотогшоо хүмүүс байдаг шүү дээ. Тэр ялгаа нь ч ДАШТ дээр харагдаж байсан. Түүнээс биш потенциал, техникийн хувьд манай баг тамирчид багаас нь зөв системтэйгээр, бэлтгэл сургуулилт хийгээд явбал дэлхийн хэмжээнд гарч ирэх бүрэн боломжтой гэж харж байгаа.

Монголчууд өндрийн хувьд гадаадад очиход яалтчгүй намхан, жижиг биетэй харагддаг. Тэр том тайзыг дүүргэж, зерительд сууж буй маш олон хүмүүст бүжгээ хүргэхийн тулд Европын баг тамирчдаас далайцтай, хурд хүчтэй хөдөлгөөнөөрөө ч л ялгарч чадах юм.

-Бүжигчдийг харахад бүжиглэх үедээ орчноос тасарч, сэтгэл хөдлөл, эмоцоо тултал гаргаж байгаа харагддаг. Магадгүй бүжигтээ орж байгаа байдал байх л даа. Бүжиглэх үедээ сэтгэл хөдлөл, эмоцоо хэрхэн барьдаг вэ?

-Миний хувьд уйтгарлах үедээ бэлтгэлийн зааландаа ирээд, аяаа тавиад бүжиглэх үедээ орчноос тасарчихдаг байсан. Маш их стресстэй байлаа гэж бодоход бүжиглээд л тэр бүхнийг мартах хэмжээний. Бүжгээр дамжуулж стрессээ тайлдаг хүмүүс олон бий.

Ер нь бүжиглэх үед дотоод мэдрэмж, эмоцоо хурдан гаргачихвал амархан ядардаг. Өөрөөр хэлбэл, бүжгийнхээ турш эрч хүчээ алдахгүйн тулд амьсгалаа зөв хуваарилах шаардлагатай байдаг. Тиймээс энерги, эрч хүчээ, эмоцоо гадагш хамаагүй цацаж болдоггүй. Хяналттай бүжиглэх шаардлагатай гэсэн үг. Хэчнээн орилмоор санагдаж байгаа ч гэсэн сэтгэл хөдлөлөө барих, чөлөөтэй гаргах ч үе байна. Тэр болгоныг ярилцаж тохиролцсоны дүнд эмоци, нүүрний хувиралаар мэдрэмжүүдийг гаргадаг.

"Хүн бүр өөрийн дурлаж, хийж чадах зүйлийг олоосой гэж хүсдэг"

-Бүжиглэхээс гадна яггүй сайн дуучин гэж сонссон. Ер нь дуулж, бүжиглэх гээд урлагт их дуртай, хайртай бололтой. Бас бүжгээс гадна өөр спортоор хичээллэдэг үү?

-Би хувьдаа өөрийгөө "шүршүүрийн" дуучин л гэж хэлнэ. Гэртээ шүршүүрт орж байхдаа дажгүй дуулчихдаг гэж өөрийгөө боддог. Дуулах үнэхээр дуртай. Гэхдээ мундаг бол биш. Арван жилд байхдаа сургуулийн урлагийн үзлэгүүдэд дуулдаг, бүжиглэдэг хүүхэд байсан. Монголд "Voice of Mongolia" шоу хамгийн анх зохион байгуулагдах гэж байхад бүртгүүлчихээд оролцож чадаагүй. Зориг дутаад ч гэмээр юм уу. Магадгүй нэг өдөр дууны тэмцээнд орчихсон явж байхыг үгүйсгэхгүй.

Спортод би маш их хайртай. Бүр үнэхээр дурладаг зүйл маань. Тэр дундаа хөл бөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэх сонирхолтой. Түрүү жил дээд лигийн "Улаанбаатар сити" багт бэлтгэл, сургуулилтад хамрагдаж, нэг жилийн гэрээтэйгээр тамирчин байсан.

-Сүүлийн үед жүжиглэх авъяас нь илрээд байна уу гэж харагдсан. "Hi school" веб драмад Дөлгөөн гэх залуугийн дүрийг бүтээж байгаа юм байна лээ. Энэ талаар?

No description available.-"Ододтой бүжиглэе" шоунд оролцсоны дараа хэд хэдэн киноны санал ирсэн. Шоу дууссаны дараа хөлбөмбөгийн багтаа тэмцээнд бэлдэж байхдаа хөлөндөө бэртэл авч, хагалгаанд орсон. Оролцох гэж байсан кинондоо тоглож чадахааргүй болсон. Тэгээд Favway-н дөрвөн охин над руу холбогдоод веб драма хийх гэж байгаа, гол дүрд тоглох санал тавьсан юм. Миний зүгээс өөрийнхөө нөхцөл байдлыг ч хэлсэн. Өвдөгний хагалгаанд орсон, гүйж харайж чадахгүй гэдгээ тайлбарлахад уриалгахан хүлээн авч, хамтарч ажиллъя гэхэд нь баярласан. Хэр сайн жүжиглэж байгаагаа мэдэхгүй байна. Хааяа Жерри лүү залгаж миний жүжиглэлт ямар байгаа талаар асуудаг. Жерри маань намайг хөөргөөд л, магтаад явчихаж байгаа юм чинь. /инээв/

-ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгссөн юм байна. Мэргэжлээрээ ажиллах бодол байдаг уу?

-Одоогоор мэргэжлээрээ ажиллах бодол байхгүй. Дуртай чиглэлээрээ өөрийнхөө сонирхож буй салбартаа ажиллахыг хүсч байгаа. Бүжгийн спорт миний дурлаж хийдэг зүйл. Бүжиглэх үедээ маш их аз жаргалтай нэгэн болчихдог. Тиймээс бүжгийн чиглэлээр клубээ нээж, энэ чиглэлээр ажиллах ёстой юм байна гэдгээ одоо л ойлгож байна.

-Дуртай зүйл бол хийх ёстой биш хийхийг үргэлж хүсэж тэмүүлдэг зүйл гэдэг. Хүсэл сонирхлоо ажил мэргэжлийнхээ нэгээхэн хэсэг болгоод явж буй хүний хувьд залуучуудад хандаж энэ тал дээр юу хэлэх вэ?

-Миний л бодол л доо. Хүн ер нь өөрийнхөө чаддаг зүйлд дурладаг юм болов уу гэж харсан. Арван жилд байхдаа математик, физикийн хичээлдээ дуртай байсан. Учир нь би тэр тоог бодож чадаж байгаа учраас шүү дээ. Гэтэл ойлгохгүй, чадахгүй байгаа зүйлээ хүн дурлаж хийж чаддаггүй гэж боддог. Тиймээс хүмүүсийг өөрсдийнхөө дурлаж хийж чадах зүйлсийг юун түрүүнд олж хараасай гэх бодол төрсөн. Миний хувьд л гэхэд, бүжгийн спортоор хичээллэж байхдаа би түүндээ "дурладаг". Хэдэн ч цагаар хамаагүй бүжиглэчихдэг. Хэчнээн ядарч байсан ч гэсэн хүн дуртай зүйлдээ эрч хүчийг гаргаж чадна гэдэг нь байх.

Нөгөөтэйгүүр, өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ дургүй ч түүгээрээ ажиллаж яваа хүмүүс их бий. Гэхдээ түүнийхээ хажуугаар өөрийн хобби болгох, аз жаргалыг мэдрэх зүйлээ олоосой гэж хүсэж байна.

-Хувь хүнийхээ хувьд баримталж явдаг зарчим бий байх?

-Миний хувьд худал хэлж, хулгай хийхгүй амьдрах зарчмыг амьдралдаа баримталдаг. Шударга байхыг хүсдэг. Шударгаар хөдөлмөрлөж, зөв замаар явахыг л хичээдэг дээ. Яагаад гэвэл, эргээд бодоход харамсал төрөхүйц зүйлсийг үлдээхгүйн тулд өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг л хийнэ гэж боддог. Хүнд за гэж хэлсэн бол ёогүй байх ч чухал.

-Ярилцлагын төгсгөлд залуустаа "дайх" үг байна уу?

-Улаанбаатарт стресттэх зүйл мундахгүй.

Ер нь ажил хийдэг ч бай, хийдэггүй ч бай хажуугаар нь стрессээ тайлах цагийг өөртөө гаргаж байгаарай гэж хэлмээр байна. Стрессээ тайлах өөрийн гэсэн арга замыг олоорой.

Залуу байгаа дээрээ сурч, хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэхдээ сурна гэдэг зөвхөн сургуульд сурахын нэр биш. Маш олон салбарт цагийн ажил хийгээд ч болтугай ажил хийж сурах хэрэгтэй. Аль болох олон зүйлийг сурахыг эрмэлзээрэй л гэж хэлье дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Маргааш Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.