Онгоцны шувуу үргээгч Ү.Төвшин: Шувуу үргээж, олон зуун хүний амь насыг эрсдлээс хамгаалж байгаадаа баяртай байдаг

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/10/07
Унших
17 минут 48 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Агаарын хөлөг буюу бидний хэлж заншсанаар онгоцыг аюулгүй хөөргөж газардуулахад бүхэл бүтэн баг хамт олон ажилладаг аж. Тэр дундаа хамгийн сонирхолтой хэрнээ хүн бүрийн тэр болгон мэдээд байдаггүй мэргэжил бол "Шувуу үргээгч" гэдэг мэргэжил юм. Тэгвэл шувуу үргээгч нар онгоцыг аюулгүй хөөргөж газардуулахын тулд 24 цаг хараа хяналтаа сааруулахгүй ажилладаг байна. Ингээд Шувуу зэрлэг амьтны мэргэжилтэн, шувууны хяналтын ажилтан Ү.Төвшинтэй уулзаж ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

"400 гр жинтэй жижиг шувуу 300 км цагийн хурдтай явж байгаа онгоцтой мөргөлдөхөд 4 тоннын хэмжээний цохилтын хүч өгдөг"

-Сайн байна уу. Шувуу үргээгч гэдэг мэргэжлийг тэр болгон хүн мэддэггүй болов уу. Тэгэхээр ажлынхаа онцлогийн талаар уншигчдадаа сонирхуулвал?

-Агаарын хөлөг шувуутай мөргөлдөх тохиолдол байдаг. Шувуу агаарын хөлөгтэй тэнцэх хэмжээнд нисдэг учраас мөргөлдөх аюултай байдаг. Жишээ нь, 400гр жинтэй жижиг шувуу 300 км цагийн хурдтай явж байгаад онгоцтой мөргөлдөхөд 4 тоннын хэмжээний цохилтын хүч өгдөг. Агаарын хөлөг өөрөө хөнгөн, нимгэн материалаар хийгдсэн болохоор гэмтэх сүйрэх аюултай байдаг. Орчин үеийн агаарын хөлгүүд тийрэлтэт хөдөлгүүртэй болсон учраас нисч байгаа шувуудыг сороод хөдөлгүүр эвдрэх аюултай. Тийм учраас шувуудыг үргээх шаардлага гардаг.

-Нэг шувуу онгоцтой мөргөлдөхөд тийм хэмжээний хохирол мөн сүйрлийн аюул ч учирч болзошгүй байдаг байх нь. Тэгэхлээр таныг олон иргэдийг аюулгүй зорчиж буулгадаг баатар хэмээн нэрийдэж болох нь ээ?

-Ер нь амьтны тухай хуульд хүний эрүүл мэнд амь насыг хамгаалах зорилгоор амьтны тоо толгойг зохицуулж болно гэж зааж өгсөн байдаг. Агаарын хөлөг шувуудтай мөргөлдвөл гэмтэх, осол сүйрэлд ч өртөх магадлалтай байдаг. Ингэснээрээ хүний амь нас, улсын эд хөрөнгө цаашлах юм бол улсын нэр хүндэд ч бас нөлөөтэй. Яагаад гэвэл Монгол Улсын нисэх буудал шувуу ихтэй, шувуутай мөргөлдөж осолдож гэмтвэл Монголд нислэг үйлдэх тоо буурна гэсэн үг. Баатарлаг нь юу байх вэ /инээв/. Өөрийн гэсэн ажлаа хийж байгаа нэг хэрэг. Ер нь хүн бүр л ажлаа сайн хийвэл баатар л гэсэн үг шүү дээ.

-Шувуу үргээгч гэдэг ажлын хүнд хэцүү зүйл нь юу вэ. Мөн сайн сайхан зүйл нь юу вэ. Ажлынхаа юунаас та илүү таашаал авдаг вэ?

-Хамгийн гол сайхан санагддаг зүйл гэвэл хүн болгон дэлхий нийттэй харилцахын тулд агаарын хөлгөөр нисдэг. Сурч хөдөлмөрлөх, ажиллаж амьдрах, дэлхий нийттэй хөл зэрэгцэх, аялаж зугаалахад ихэвчлэн онгоц ашигладаг шүү дээ. Тэр болгоныг аюулгүй хөөргөж буулгаснаараа хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж байгаадаа баярлаж явдаг. Заримдаа нисэх буудал дотор алхаж байхдаа олон жилийн дараа эцэг эхтэйгээ уулзаж байгаа залуус, найз нөхдөө гаргаж өгч байгаа хүмүүсийг хараад аюулгүй газардсанд нь, аюулгүй нисэхийг нь бодохоор баярладаг. Иргэд агаарын хөлөг буусны дараа аав ээжтэйгээ уулзаж байгааг хараад хязгааргүй баярладаг. Аюулгүй буулгаж хөөргөх нь дан ганц шувуу үргээгчийн ажил биш. Тэр мундаг баг хамт олны нэг хэсэг болж яваадаа л баярладаг даа. Багаар ажиллах чинь их чухал. Хүнд хэцүүгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Тэр болгоноос халширна гэж байхгүй.

-Нисэх буудлаас холддоггүй үргээсэн ч эргээд ирдэг хамгийн зөрүүд шувуу нь ямар шувуу вэ?

-Зөрүүд шувуу гэж байхгүй ээ. Тухайн шувууг үргээхэд тохирсон үргээлгийн арга гэж байна л даа. Жишээ нь, өндөрт нисдэг элээ, тас гэдэг шувуудыг дохионы буугаар үргээвэл илүү үр дүнтэй. Доогуур нисдэг хэрээ, шаазгай, улаан хошуутыг ангийн буугаар буудаж үргээвэл илүү үр дүнтэй. Шөнийн цагаар суудаг шувуудад лазер гэрэл илүү дээр байдаг. Хамгийн гол нь шувууны уртавтар тархи илүү хөгжсөн байдаг болохоор ямар нэгэн зүйлийг хүлээж авахдаа их хурдан байдаг. Нэг ёсондоо энэ шувуу үргээлгийн машин биднийг үргээдэг юм байна аа гээд дайжих, хараад үргэх зан төрх сууж ирдэг. Ер нь л шувуудтай ярилцдаг болчихдог гэсэн үг шүү дээ.

"Тоншуул шувууны хэл тархиа ороож байрладаг бөгөөд доргилтоос хамгаалж байгаа нь энэ юм"

-Таны үндсэн мэргэжлийн хувьд?

-Би өөрөө экологич, шувуу судлаач мэргэжилтэй хүн.

-Шувуу судлаач хүний хувьд хамгийн сонирхолтой шувуунуудаас ярьж өгөөч?

-"Самарч шаазгай" гэж шувуу байна. Самраар хооллодог шувуу байгаа юм. Намар самрыг газарт булж нөөцөлдөг. Нөөцөлсөнийхөө дараа хавар тарчиг үед гаргаж иддэг. Гэхдээ бүх булсан самраа олохгүй болчихдог. Тэгээд самар булсан газраас нь самрын мод ургадаг гэсэн үг. Нэг талаараа мод тарьдаг онцлогтой шувуу. Мөн шувууны талаар олон сонирхолтой зүйл байна шүү дээ. Уншигчдад сонин байх болов уу гээд ярьж өгье. Шувуу нисэхийн тулд давсаггүй болж төрсөн байдаг бөгөөд өтгөн шингэнээ цуг гадагшлуулдаг. Хэрээ 300 жил насладаг гэвэл бас худлаа. Ерөнхийдөө 40-50 жил л насладаг. Тагтаа нэг өндөглөхдөө 2-3 өндөг гаргадаг. Ясны хувьд хийтэй байдаг. Тоншуул шувуу хэл тархиа ороож байрласан их урт хэлтэй байдаг. Модыг тоншдог учраас тархиа доргилтоос хамгаалж байгаа нь тэр, гэх мэт шувуу болгонд сонин содон зүйлс байна.

-Онгоц хөөрөхөөс өмнө тэдэн минут, буухаас өмнө тэдэн минутын өмнө шувууг үргээсэн байх ёстой вэ. Нарийн тооцоолол хийдэг байх?

-Агаарын хөлөг хөөрч буурахаас 30 минутын өмнө нислэгийн зурваст үзлэг хийдэг. Илэрсэн шувуудыг тоног төхөөрөмжөөрөө үргээдэг.

СОНИРХУУЛАХАД,

АНУ-д шувуутай холбоотой зөрчлөөс шалтгаалж жил бүр 600 сая долларын хохирол учирдаг байна. Мөн агаарын хөлөг шувуутай мөргөлдсөнөөс шалтгаалж 360 хүн, 220 агаарын хөлөг осолдсон байна.

-Тоног төхөөрөмжийн хувьд ямар тоног төхөөрөмж байна вэ. Тухайн төрлийн шувууны айсан хоолойг бичиж аван шувуу үргээхэд ашигладаг гэж сонссон?

-Преймейр 2020 гэсэн дуу авианы төхөөрөмж ашигладаг. Энэ нь тухайн шувууны аюулын дууг бичиж аваад дуугаргадаг. Тухайн ажиглагдсан шувууны аюулын дууг машинаасаа чангаар тавьж үргээдэг гэсэн үг. Энд аюул байна гэсэн утгаар. Нарийн хэлбэл тухайн шувууг барьж аваад орилуулна. Тэгээд дууг нь бичиж аваад буцааж тавьдаг.

-Шувуу үргээдэг хүмүүсийг хэрхэн бэлдэж сургадаг вэ?

-Нисэхийн талбайд ажиллахын тулд эйрдромын мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Дээр нь галт зэвсэгтэй харьцдаг учраас галт зэвсгийн мэдлэгтэй байдаг. Мөн шувуу таних чадвартай байх ёстой. Сургалтанд суусан, мэргэшсэн хүмүүс л ажилладаг.

-Шувуу дахин дахин эргэлдэх ирж суух тохиолдол байдаг уу. Энэ тохиолдолд агаарын хөлгийг газардуулахгүй байдаг уу?

-Шувуу эргэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд цамхагаас шийдвэр гаргадаг. Маш хурдан мэдээлэл солилцож мэдээлэл өгч агаарын хөлөг онгоцыг дахин буулгах оролт хийлгэх тохиолдол гардаг. Хэрвээ хөөрөх гэж байгаа бол шувуутай үед цамхагаас зөвшөөрөл өгсөн тохиолдолд энэ шувууг үргээ гэж заавар өгдөг. Ер нь байнга дуран ашиглаж ажиглалт хийдэг. 24 цагаар хяналт тавьж ажилладаг. Шөнө бол шувууны идэвхи буурдаг. Гэхдээ гэрэл тусгаж хянадаг.

-Ямар тохиолдолд нисэх зурваст ойр байгаа шувууг устгадаг вэ?

-Нислэгийн зурвас орчимд байнга эргэлдээд байвал л устгадаг. Ихэвчлэн хэрээг л буудаж устгадаг даа. Олон тоотой байдаг учраас тэр. Ховор шувууг бол устгахгүй зөвхөн үргээдэг.

-Томоогүй асуулт асууя. Хэрээг хараалтай шувуу гэдэг шүү дээ. Та айхгүй юу?

-Хараалтай шүү дээ. Хараалтай /инээв/. Худлаа ах нь тоголсон юм. Нэгдүгээрт, олон зуун хүмүүсийн амь насны төлөө хоёрдугаарт, Монгол орны эд хөрөнгийг хамгаалж байгаа шүү дээ. Хувиараа алж яваагүй. Ажлын байрны л шаардлага. Зорилго чиглэлгүйгээр устгаж байгаа бол бас болохгүй зүйл л дээ.

-Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудалд хэдэн шувуу үргээгч ажиллаж байна вэ?

-Шувууны хяналтын мэргэжилтэн нэг, шувууны хяналтын ажилтан дөрвөн хүн ажиллаж байна.

"Хөшигийн хөндийн нисэх буудлын ойр очимд 83 төрлийн шувуу байдаг аж"

-Нисэх буудал орчимд хэдэн төрлийн шувуу байна вэ?

-Нийт судалгаагаар 83 төрлийн шувуу бүртгэгдсэн байна. Үүнээс нисэх буудал орчмоор байнга эргэлддэг буюу хамгийн аюултай шувуу бол улаан хошуут, тас, өвөгт тогоруу, шилийн сар, элээ, гангар хун эдгээр шувууд байна. Хөшигийн хөндийн газар ойт хээрийн бүсэд ордог болохоор шувууд амьдрах таатай нөхцөл бүрддэг.

Мөн малын асуудал чухал байдаг. Малын үхсэн сэгээр хооллодог махчин амьтдыг цуглуулах нөхцөл үүсдэг. Мөн малын ялгадсанд байгаа өтийг Улаан хошуут иддэг. Энэ шувууны хувьд шавж болон ургамлын үрээр хооллодог онцлогтой.

-Газарзүйн байршлын хувьд хэдэн километрийн зайнаас шувууг хянадаг вэ?

-Өдөр тутмын үргээлгийг нисэх буудлынхаа нислэгийн зурвасдаа хийдэг. Шаардлагатай тохиолдолд буюу олон шувуу бөөгнөрсөн үед хөөрөлт, буултын бүс дагуу үргээлэг хийдэг. Мэргэжилтэн, шувуу судлаачид нисэх буудлын 15 км-ийн радиус доторх шувууны бөөгнөрөл үүсэж болзошгүй байдлыг олж тогтоож, тогтмол судлах ёстой байдаг.

-Шувуу үргээгчийн цалин ямар байдаг вэ?

-Бусадтай адил зээлээ төлөөд, хэрэгцээгээ хангаад хүргээд л байна. Тийм их биш ч хүргээд л явж байна даа. Улсын дундаж гээд айхтар тоо байдаг түүнээс их хэтэрдэггүй.

"Шувууд хоорондоо мөргөлдөхгүйгээр нисэж сурсан байдаг"

-Шувууд агаарын хөлөгтэй мөргөлдөх тохиолдол хэр их гардаг вэ?

-Шувуу маш олон сая жилийн өмнө бий болсон. Тиймдээ ч хоорондоо мөргөлдөхгүйгээр нисэж сурсан байдаг. Жишээлбэл, сүрэг тагтааг үргээхэд хоорондоо мөргөлддөггүй, сүрэг шувуу нисэхэд хоорондоо мөргөлдөлгүйгээр зай гаргаж нисэж чаддаг. Харин шувуу агаарын хөлөгтэй харьцаж сураагүй байдаг. Суурин газрын зарим шувууд агаарын хөлгөөс зайлж сурсан байдаг. Гэвч орчин үеийн агаарын хөлөг дуу багатай, хурд ихтэй болсон. Үүнээс шалтгаалан шувууд агаарын хөлөгтэй мөргөлдөх аюул гардаг.

-Шувуу үргээгч гэдэг мэргэжлийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх, хэрхэн хүлээж авдаг вэ?

-Монгол Улсад шувуу судлаач цөөхөн байдаг. Шувуу үргээнэ гэхээр хүмүүст их сонирхолтой санагддаг байх. Биднийг хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалдаг гэхээр хүмүүс их ойлгож хүлээж авдаг. Жишээлбэл, агаарын хөлгийн нэг хөдөлгүүр 5 сая долларын үнэтэй байдаг. Нэг хөдөлгүүр нь гэмтсэн агаарын хөлгийн нөгөөхийг нь заавал хамт солих шаардлага үүсдэг. Хамгийн гол нь нэг онгоцонд дунджаар 100 хүн суусан байгаа. Тэгэхээр 100 хүний амь насыг хамгаалан хариуцаж ажиллаж байна.

-Нөгөө талаас галт зэвсэгтэй харьцаж байгаа учир, ажлын хариуцлага өндөр байдаг байх?

-Галт зэвсэг бол тоглоом биш шүү дээ. Заавал зэвсгийн сургалтад суух шаардлагатай байдаг. Манай ажилчид бүгд зэвсгийн сургалтад хамрагдсан, мэргэжлийн баг ажилладаг. Шувуу үргээх олон зэвсэг, хэрэгсэл байдаг. Ангийн буу, дохионы буу, хийн төхөөрөмж, дуу авианы суурин төхөөрөмж зэргийг ашиглан шувуу үргээлэг хийдэг. Шувуу байхгүй байх тохиолдол байдаггүй. Учир нь шувуу амьдарч байсан газар буудал барьчихсан.

-Манай улсад шувуу агаарын хөлөгтэй мөргөлдсөн тохиолдол байдаг уу?

-Монголд шувуу болон агаарын хөлөг мөргөлдөж осолдсон тохиолдол азаар гараагүй байна. Энэ цаашид гарахгүй гэсэн үг биш. Тийм ч учраас бид маш том хариуцлага үүрэн ажиллах хэрэгтэй байдаг. Ойрын жишээ гэвэл, 2019 онд ОХУ-ын Демодава нисэх буудлаас хөөрсөн агаарын хөлөг цахлай шувуутай мөргөлдөн хоёр хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон ч эрдэнэшишийн талбайд амжилттай газардсан. Тийм асуудал үүсэх болсон шалтгаан нь агаарын хөлгийн хөөрөлт, буултын бүсэд хогийн цэг байсан. Хогийн цэгт цахлай их хэмжээгээр цуглан, хооллож, үрждэг байсан нь осол болох шалтгаан болсон. Одоохондоо Хөшигийн хөндийн нисэх буудлын хөөрөлт буултын бүс орчимд хогийн цэг байхгүй. Цаашид хогийн цэг байгуулахгүй байх арга хэмжээг авах ёстой. Шувуудыг цуглуулахгүй байх төлөвлөлтийг маш сайн хийх шаардлага үүсч байна.

-Хуучин нисэх буудалтай харьцуулахад шувуудын цугларалт ямар байна вэ?

-Буянт-Ухаа, Чингис хаан нисэх онгоцны буудлын орчимд тогтмол байршдаг шувуудын зүйл эндхээс өөр байдаг. Суурийн газрын шувууд ихээр байдаг. Харин энд ихэвчлэн хээрийн шувууд тогтмол байршиж байна.

"Нийт мөргөлдсөн тохиолдлын 61 хувь нь агаарын хөлөг 30 метрт хөөрч байхад болсон байдаг"

-Онгоц хэдэн метрийн өндөрт гарсан байх үед шувуутай мөргөлдөх магадлал нэмэгдэх вэ?

-Нийт мөргөлдсөн тохиолдлын 61 хувь нь агаарын хөлөг 30 метрт хөөрч байхад болсон байдаг. Агаарын хөлөг 150метр хүртэл өндөрт нисэж явахад шувуутай мөргөлдөх магадлал 72 хувиар бага, 900 метр хүртэл өндөрт хөөрч мөргөлдөх магадлал 92 хувиар бага байдаг. Тэгэхээр агаарын хөлөг нам өндрөөр нисэж байх үед шувуутай мөргөлдөх эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр шувууг 900 метр хүртлэх өндөрт нисэж байхад хяналтыг сайн тавих хэрэгтэй.

-900 метрт ихэвчлэн ямар шувуу нисэх боломжтой вэ?

-Тас шувуу 900 метр хүртэл нисдэг. Идэш тэжээл, сэг зэм хайхаар өндөрт нисдэг. Тас шувуу дунджаар 10 кг жинтэй байдаг. Ийм жингээр агаарын хөлөгтэй мөргөлдөх юм бол осол сүйрэл болох магадлал маш өндөр болно.

-Танд ажил мэргэжлийнхээ талаар уншигчдадаа хүргэх мэдээ мэдээлэл байна уу?

-Заримдаа онгоц хөөрөхгүй жаахан хоцрох үе ч гардаг. Тэр үед ийм ийм мэдэгдэхгүй хүчин зүйл байдаг шүү гэдгийг л хүмүүс минь ойлгоорой л гэж хэлье.

Ярилцсан танд баярлалаа.

Сурвалжилсан: Х.Умаахан

Гэрэл зургийг М.Бат-Оргил

Шувуу үргээхэд ашигладаг машин

Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Oyuka

    Ёстой сонин юм байна

  2. Oyuka

    Ёстой сонин юм байна

  3. ган

    Сонирхолтой юм.