Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАГА АНГИЙН БАГШ Э.ОЧИР: Хүүхдийг гоё бичдэг болгох энгийн дасгал бол гутлын үдээсийг нь үдүүлэх

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 25 секунд

Эцэг эхчүүд хүүхдээ гоё сайхан бичдэг болгохын тулд загнах, уурлаж уцаарлах ч тохиолдол гардаг. Энэ нь хүүхэд сурахад дургүй болгох, цаашлаад сэтгэл санааны дарамт болдог аж. Зөв цэвэр сайхан бичих нь дан ганц хүүхдийн залхуу хойргоос болдоггүй харин шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх хэрэгтэй гэнэ. Жишээлбэл, үдээсээ өөрөө үдэж сурах хүртэл гоё сайхан бичихэд нөлөөлдөг байна. Ингээд энэхүү сэдвээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын бага ангийн багш Э.Очиртой ярилцлаа.

-Бага ангийн хүүхдүүдийн бичгийн хэв тогтохгүй, муухай бичих цаашилбал сайжрахгүй байх тохиолдол ч байдаг. Үүний шалтгааныг эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ холбон тайлбарладаг. Энэ зүйлс ямар шалтгаанаас болж байна вэ?

-Нэгдүгээр ангийн хүүхдүүд муухай бичиж байгаа нь тухайн хүүхдийн залхуу хойргоос болж байгаа юм биш. Бага ангийн хүүхдийн гарын мелкая моторика буюу гарын жижиг булчингууд сул хөгжсөнөөс болдог. Уг шалтгааныг эцэг эхчүүд мэдээгүйгээсээ болж хүүхдээ шахаж шаардах, зодох загнах ч тохиолдол гардаг. Энэ нь цаашлаад хүүхдийн сургуульд сурах хүслийг унтраах, сэтгэл санааны дарамтад оруулж байж ч болзошгүй.

-Мелкая моторика буюу гарын жижиг булчингуудыг хөгжүүлэхийн тулд ямар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй вэ?

-Жижиг хэсгүүдтэй тоглоом лего тоглуулах, баримлын шавраар дүрс хийлгэх, гарыг атгаж тавиулах дасгал хийлгэх, бугуйгаар нь эргүүлэх гэх мэт дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн зөв сайхан бичигтэй болох суурь үндэс цэцэрлэгийн наснаас эхэлж тавигддаг. Цэцэрлэгт гарын сарвууны хөгжил, жижиг булчингийн хөгжлийг сайжруулахыг цэцэрлэгийн арга зүйд тусгасан байх ёстой. Цэцэрлэгтээ тус дасгал хөдөлгөөнийг хийснээрээ сургуульд орохдоо үзэг харандаа бариад эвлэрчихсэн байна гэсэн үг. Мелкая моторикаг хөгжүүлэх хамгийн энгийн дасгал бол үдээс үдэх шүү дээ. Үдээсээ сайн үдээд байвал л гарын жижиг булчингууд сайн хөгжиж гоё бичнэ л гэсэн үг. Мөн их юм бичихэд гар нь ядрахгүй болно. /инээв/.

"Бичгийн хэв бол хурууны хээтэй адил дахин давтагдашгүй бөгөөд тухайн хүний талаарх хамгийн бодитой мэдээллийг агуулж байдаг зүйл юм"

-Хичээлийн хөтөлбөрт бичгийн хэвтэй холбоотой асуудлууд тусгагдсан байдаг уу?

-Сургуулиуд 12 жилийн сургалттай болж анхны зургаан настнуудыг авсан шүү дээ. Тэр үед зургаан настнуудын нас сэтгэхүйд тохирсон модон тоглоомнууд бүх сургуулиудад тарааж байсан юм билээ.Тэрийг нэг их ашиглаж чадаагүй юм шиг байгаа юм. Тэр тоглоомыг яаж тоглох, хэрхэн гар хурууг нь хөгжүүлэхийг багш нарт заагаагүй учраас хаягдчихсан. Ерөнхийдөө Монголчуудын гол алдаа нь цэвэр бичих шаардлага хүүхдэдээ тавьж болно гэхдээ анхнааасаа зурлага хийлгэж шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхгүй байж тэгж шахаж шаардах нь буруу юм шиг санагддаг. Дүрмийн хувьд зөв бичих бол онолын асуудал шүү дээ. Сайхан гоё бичих гэдэг нь бас тусдаа. Хүүхдийн бичгийн хэв бас зуун хувь гарын жижиг булчингаас шалтгаалахгүй гэж үздэг. Хувь хүний байгалиас заяасан эв дүй авьяас чадвар тэрнээс шалтгаалдаг.

-Хүүхэд гэлтгүй том хүмүүс ч бас муухай бичдэг шүү дээ. Тэр хүмүүсийн муухай бичгийн хэвтэй байгаа шалтгаан нь юу вэ?

-35 үсгийн элементээ зөв бичиж сурснаас зөв сайхан цэвэр бичих үйл явц эхэлнэ. Тийм учраас муухай бичдэг хүмүүс бол багын суурь муу тавигдаснаас болж муухай бичдэг гэж хэлж болно.

-Муухай бичдэг том хүний бичгийн хэв засрах боломжтой юу?

-Насанд хүрсэн хүмүүс ном их унших, боломж бололцооныхоо хэрээр элементүүдийнхээ зурлагуудаг эхнээс нь сайхан зөв зураад эхэлвэл цэвэр сайхан бичдэг болох нь 70-80 хувьтай засарч болно.

СОНИРХУУЛАХАД,

Графологи буюу үсгийн хэлбэр судлал нь эгэл иргэдээс эхлээд цагдаа, хүчний байгууллагуудад өргөн ашигладаг салбар юм. Судлаачид тухайн хүний талаар мэдэхийг хүсвэл юун түрүүнд бичгийг хэвийг нь шинжиж үзэхийг зөвлөдөг аж.

-Танаас томоогүй нэг асуулт асуухад, гүйлгээ ухаан сайтай хүмүүс муухай бичдэг гэдэг шүү дээ. Энэ үнэн үү?

-Хурдан сэтгэдэг гүйлгээ ухаантай хүн муухай бичдэг гэдэг бол ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй мухар сүсгийн л зүйл байх даа.

-Та хүүхдүүдийнхээ гарыг зүгшрүүлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хичээлийн дундуур гар зүгшрүүлэх дасгал боломж бололцооныхоо хэрээр хийлгэж байна даа.

-Өөр танд эцэг эхчүүддээ захих зүйл байна уу?

-Ерөнхийдөө өөр улс орнууд бичгийн хэв сайхан байхыг шаарддаггүй юм билээ. Тархиа л сайн хөгжүүлж байвал тэр хамаагүй гэдэг. Яг аль цэгээс эхэлж элементийн зөв татлага зурлагаас маш их шалтгаалдаг. Хүүхдээ гоё бич гэж битгий зодож загнаарай л гэж хэлье. Сурах гэдэг зовлон бэрхшээл, уйлаан майлаан биш хөгжилтэй тоглоом гэж ойлгуулах хэрэгтэй. Хамаагүй эрт битгий шахаж шаардаад сургуульд сурах хичээлдээ ирэх дургүй болгочихов л гэж хэлье.

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.