Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мэргэн: Э.Одбаяр дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад цагдан хорьж байгаа нь үндэслэлгүй

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 10 секунд

"No double standart᠌" хөдөлгөөнийг зохион байгуулсан Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг 30 хоногийн хугацаатайгаар хорьж буй. Д.Монголхүүг цагдаагийн байгууллагын албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй бөгөөд албан хаагчийн биед халдсан гэх үндэслэлээр хориод байгаа юм. Харин Э.Одбаярыг ямар үндэслэлээр хорьж байгаа нь тодорхой бус бөгөөд 461 дүгээр хорих ангиас Д.Монголхүүг авч гарсан учир Э.Одбаярыг хорьж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Мэргэнээс тодрууллаа.

-Ямар шалтгаанаар иргэн Э.Одбаярыг хорьж байгаа юм бол?

-Өмнө нь худал мэдээлэл тараасан гэдэг асуудлаар яллагдагчаар татсан асуудал байгаа. Тэр асуудал дээр нь би өмгөөлөгчөөр ажиллаагүй. Гэтэл яллагдагчаар татсан үедээ 461 дүгээр ангийн хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэдэг өөр гэмт хэрэг үйлдэх оролдлого хийсэн буюу нэг хэргээр шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэх гэж байгаа нь баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байгаа учраас цагдан хорих арга хэмжээ авч байгаа гэдэг агуулгатай яригдаад байгаа.

-Э.Одбаярын хэргийг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэж байна гэж үзэж байна уу?

-Э.Одбаярын гэм бурууг үнэн зөв тогтоосон эсэх нь нэг асуудал. Хоёрдугаарт хичнээн буруутай байсан ч эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Юун түрүүнд бурууг нь тогтоогоод арга хэмжээ авах ёстой. Шүүх яллагдагчийг шүүх хуралдаанд оролцох эсэхийг тодруулах ёстой. Оролцох хүсэлтээ гаргасан бол оруулцна. Гэтэл оролцуулаагүй. Хоёрдугаарт өмгөөлөгчид заавал мэдэгдэх ёстой. Гэтэл өмгөөлөгчид мэдэгдээгүй. Үүнийгээ өмгөөлөгчид мэдэгдсэн боловч ирээгүй гэж худлаа байдлаар тайлбарласан. Эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуульд ч, Үндсэн хуульд ч тэр шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй үед хэнийг ч гэмт хэрэгтэн гэж тооцох ёсгүй. Тэгэхээр шүүх тухайн хүнийг гэмт хэрэгтэн гэж тооцоогүй байхад дахин гэмт хэрэг үйлдэж байна гэж байгаа нь өөрөө логик, уялдаагүй шийдвэр болсон. Э.Одбаярын хувьд дахин гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй. Яллагдагчаар ч татаагүй. Тийм байхад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж цагдан хорьж байгаа нь үндэслэлгүй байна.

-Энэ талаараа гомдол гаргасан уу?

-Одоогийн байдлаар цагдан хорих шийдвэр гарсны дараа тухайн шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гарах эрхтэй. Тэр эрхийнхээ дагуу ерөнхий шүүгчид гомдол гаргасан байгаа. Баасан гарагт ерөнхий шүүгчид гомдол гаргасан байхад ирэх долоо хоногийн мягмар гарагт шүүх хуралдааны товыг зарласан байх шиг байна. Үүнийг нэн даруй буюу хамгийн боломжит хугацаанд шийдвэрлэх ёстой.

-Э.Одбаярын өмгөөлөгчөөр Ч.Мөнхсайхан өмгөөлөгч ажиллаж буй. Энэ хүнтэй хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Хоёр ч өмгөөлөгч Э.Одбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Би нэмэгдэж байгаа юм. Гэмт хэрэг, зөрчилд шалгагдаж байгаа хүн хэдэн ч өмгөөлөгчтэй байж болно. 100 өмгөөлөгчтэй ч байж болно. Гэхдээ мэдээж өмнө өмгөөлж байсан өмгөөлөгчид энэ талаар мэдэгдэж ярилцах ёстой. Э.Одбаярын хувьд надаар өмгөөлүүлэх хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Би нөгөө хоёр өмгөөлөгчтэйгээ ярилцаад баг болоод ажиллана.

-Та бүхний шаардаж байгаа зүйл юу вэ?

-Үүнийг Зон олны намын зүгээс зохион байгуулж байгаа. Би хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор оролцож байгаа. Ямар нэгэн байдлаар шаардлага хүргүүлэх гэхээс илүү нийтэд буруу, ташаа мэдээлэл явж байгаа учраас үүнийг залруулж, зөв мэдээлэл хүргэх зорилготой байгаа юм. Наад зах нь иргэн Д.Монголхүүг камерт ороод хоригдсон байхад хэдэн хүн дайрч ороод, аваад гарсан юм шиг ойлгоод байгаа. ШШГЕГ-ын хүчин чадавх тийм сул дорой биш. Буу, зэвсэгтэй бэлтгэгдсэн өчнөөн хүн хамгаалж байхад хэдэн залуус дураараа ороод хүн аваад гараад ирсэн гэж бодоод байх шиг байна. Хар ухаанаар бодоход ч энэ бол худал мэдээлэл. Энэ талаараа ШШГЕГ-аас ч мэдээлсэн. Ийм байдлаар нийтэд буруу мэдээлэл өгч байгаа учраас үүнийг үнэн бодитоор нь мэдээлэх хэрэгтэй.

Э.Батчимэг: Иргэн Э.Одбаярыг хорьж байгаа нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй
Э.Батчимэг: Иргэн Э.Одбаярыг хорьж байгаа нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй
 
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтээ СЕХ-нд хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.