Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Ковид19 биш ҮНИЙН ӨСӨЛТИЙН өмнө СӨХӨРЧ БУЙ ард түмэн

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 21 секунд

“Гуравдугаар тунгаа хийлгээд шинэ жилийн баяраа тэмдэглэе” хэмээн Ерөнхий сайд нь уриалж суух зуурт ард иргэд нь шатахуундаа, шахмал түлшдээ оочирлодог болж, үнийн өсөлтийн өмнө сөхөрч байна. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралт байдал үргэлжилж, иргэдийн амьдралд хамгийн бодитоор мэдрэгдэж буй өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 8.9, Улаанбаатар хотод 10.0 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ. “Атар” талхны үнийг мэддэггүй зарим улс төрчдөд энэ үзүүлэлт инээдтэй санагдаж болох юм. Гэвч бодит байдал дээр өдөр шөнөгүй ажиллачихаад татвар, татаасаа төлөөд гар дээр авах цалингаараа өрхийн хэрэглээгээ арайчүү хүргэдэг айл өрхөд үнийн өсөлт хамгийн том дарамт болох нь ойлгомжтой. Тэгвэл голлох нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ ханш, түүний өсөлт бууралтын төвшин ямар байгаа талаар сурвалжиллаа.

Үнийн өсөлтийн асуудалд сайд ноёд нь дөжирч, ард иргэд нь эвлэрэх ёстой юу?

No description available.

Олны хөл ихтэй Баянзүрх зах. Өнөөдөр ч энд хөл хөдөлгөөн их хэвээр. Худалдан авсан хүнсээ барьсаар алхах иргэд. Хэсэг ажиглав. Тэдний дунд тор дүүрэн хүнс авч, түүнийгээ өргөж ядан алхах хүн цөөн. Захын дотор хэсэгт ороод үзвэл бараа, бүтээгдэхүүний үнийг сонсоод дэмий л эргэлзэж тээнгэлзэх аль эсвэл итгэж ядах хүмүүстэй олонтаа тааралдав.

Голлох нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг сонирхох зуурт “Судалгаа хийж яваа юм уу” хэмээн цааргалах худалдаачид их байв. Худалдаачид аль ч төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг “Үнэ нэмэгдээгүй, хэвийн л байгаа шүү дээ” гэх үгээр иргэдийн амыг таглаж орхино. Тэгвэл голлох нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн ямар үнэтэй худалдаалагдаж байв?

  • Өндөг 400-480 төг /1ш/
  • Гурил 25 кг-30000 төг
  • 1 кг- 1400-1600 төг
  • Элсэн чихэр- 2800 төг /1кг/
  • Ургамлын тос- 5500-7500 төг
  • Мишээл талх- 2100 төг
  • Атар талх- 1500 төг
  • Сүү Миний Монгол-3000 төг
  • Дээж- 3000 төг
  • Элекстр- 1400 төг
  • Үхрийн мах Ястай- 12500 төг
  • Цул- 13000 төг
  • Хонины мах Ястай- 9500 төг
  • Цул- 10000 төг
  • Ямааны мах Ястай- 9500 төг
  • Цул- 10000 төг
  • Адууны мах Ястай- 9500 төг
  • Цул- 10500 төг
  • Төмс- 800 төг
  • Лууван-2500 төг
  • Манжин- 3000 төг
  • Байцай- 1500 төг

Иргэд нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхэд баярладаг биш “Юмны үнэ нэмэгдэх байх даа” хэмээн санаа зовнидог нь худал биш. Энэ нь худалдааны хуульгүй манай улсад үнийн өсөлт нь төр нь ч тоодоггүй сэдвүүдийн нэг болсоныг харуулж байна. Тэгвэл иргэд үнийн өсөлтийн талаар ЮУ ХЭЛЭВ?

“Коронавируст бүх анхаарлаа хандуулж байх хойгуур үнийн өсөлт ард иргэдийг барьж идэх гэж байна”

No description available.

Иргэн н.Дэлгэрмаа “Коронавирус хэмээн анхаарлаа хандуулж байх хойгуур үнийн өсөлт ард иргэдийг барьж идэх гэж байна шүү дээ. Худалдаачид нь үнэ нэмэгдээгүй, өсөөгүй л гэх юм. Хэлэхэд ч амархан л даа. Гэхдээ ард иргэд чинь үнэ өссөн үгүйг мэдэхтэйгээ шүү дээ. Амьдралд бодитоор мэдрэгдэж байна. Үнийн өсөлт тал дээр төр, засаг нь анхаарах цаг ирчихлээ” гэв.

“Тэтгэврийн хэдэн төгрөгөө аваад хүнсэндээ зарцуулаад л дуусчихдаг болсон”

No description available.

Иргэн Б.Батжаргал “Өргөн хэрэглээний барааны үнэ нэлэнхүйдээ бүгд л нэмэгдсэн байна. 2-3 жилийн өмнө 10-20 мянган төгрөгтэй гарахад л овоо их хүнс авчихдаг байсан ч больж дээ. Одоо бол ойр зуурын юм авахад л хүрэлцдэггүй болсон байна шүү. Цар тахлаас болоод хил гааль хаалтай, бараа бүтээгдэхүүн нь ч орж ирэхгүй, гаалиар орж ирэхэд тээврийн хөлс нь тэнгэрт хадчихсан гэж сонссон. Экспортын нүүрс тээвэр хүртэл зогсчихоор вальютын хомсдолд орж байгаа бололтой. Энэ байдлыг төр засаг нь соргогоор харж, тухай бүрт нь арга хэмжээ авч зохицуулалт хийх хэрэгтэй байх. Хийсэн ажилгүй саарал ордондоо суугаад байвал сонгож гаргасны учир юу байхав дээ. Тэтгэврийн хэдэн төгрөгөө аваад хүнсэндээ зарцуулаад л дуусчихдаг болсон. Ирэх оноос дулаан, цахилгааны мөнгөө өөрсдөө төлж эхлэхээр авч байгаа тэтгэврийн мөнгө хаанаа ч хүрэхгүй болох нь” гэлээ.

“Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч худалдаж авахаас өөр сонголт бидэнд бий гэж үү”

No description available.

Иргэн н.Гэрэлт “Хүнсний дэлгүүр, супермаркет орохдоо худалдан авч буй бараа, бүтээгдэхүүний үнийг нийт дүнгээр нь бодуулаад л төлчихдөг. Харин өнөөдөр хальт үнэ, ханшийг нь арай тогтож сонсоод ажиглатал үнэхээр их нэмэгдсэн байна. Бид чинь тэгээд их анзааргагүй хүмүүс юм байна шүү дээ. Гэхдээ үнэ нэмэгдсэн гээд хүнсээ худалдаж авахгүй байлтай нь биш. Худалдаад авчихлаа. Гэтэл өрхийн орлого багатай, олон хүүхэдтэй айл өрхүүдэд үнийн өсөлт ямар их дарамт болж байгаа бол. Нөгөөтэйгүүр, шатахуун хомстсон ч үнэ нэмэгдсэн зүйл байгаагүй. Гэтэл өргөн хэрэглээний үнэ нь нэмэгдчихсэн байх юм” гэсэн юм.

Инфляци зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багассан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хурлын индэр дээрээс хэлж байсан удаатай. Хил, гаалийн хүндрэлээс шалтгаалан экспортын бүтээгдэхүүний гаралт багасаж, улсын эдийн засаг -5.3 хувиар агшсан. Нэгэнт эдийн засгийн өсөлт удаашран, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарсан бол цаашид инфляцийн төвшин хэзээ ч нэмэгдэх эрсдэлтэй. Түүнээс урьтаж үнийн өсөлтөд анхаарч, дорвитой арга хэмжээ авахгүй бол элгээрээ хэвтсэн монголчуудын амьдрал улам л дордоно уу гэхээс дээрдэх юмгүй болчихоод байна.

ИНФОГРАФИК: ХҮНСНИЙ БАГЦЫН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ 500-6600 ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮГ ҮҮСГЭВ

Уншигч та бүхэнд үнийн өсөлтийн хамгийн тод жишээг дараах инфографикаар хүргэе. Тус судалгааг МЭК ХХК-иас өнгөрөгч 2018 оноос эхлэн хийж эхэлжээ. Ингэхдээ иргэдийн нийтлэг худалдан авдаг голлох нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг багтаан хүнсний багц болгож, түүнийгээ сар бүр ижил тоо, хэмжээтэйгээр худалдан авч нийт үнийн дүнг харьцуулжээ. Тодруулбал, сар бүрийн худалдан авалтад 500-6600 төгрөгийн зөрүү гарсан нь энэ хэмжээний дүнгээр нэмэгдсэн гэсэн үг юм.

ҮНИЙН ӨСӨЛТИЙН СУДАЛГАА: 2021.04.09 VS 2021.10.01

2021 оны дөрөвдүгээр сард худалдан авсан хүнсний багцын үнэ аравдугаар сард 3580 төгрөгийн зөрүүтэй буюу нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Зөөврийн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэн иргэдийн 84.73 хувь нь саналаа өгчээ
Зөөврийн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэн иргэдийн 84.73 хувь нь саналаа өгчээ
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.