Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Амьдралын эх бол ус, усны эх бол мод

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 46 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн нээлтийн өдрүүд үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэнд Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн ээлжит нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Өнөөдрийн тэрбум мод үндэсний хөдөлгөөний үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдууд, элчин сайдын яам, олон улсын байгууллагууд, шашны байгууллагын төлөөлөгч нар, олимпын болон паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчид оролцож мод тарих ажилд хувь нэмрээ орууллаа.

Үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр "Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг дэмжиж хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт элчин сайд нар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нар, шашны байгууллагын төлөөллүүд, ард иргэд та бүхэнд чинь сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Монголын ард түмэн амьдралын эх бол ус, усны эх бол мод гэж ярьдаг. Тийм учраас мод тарьсан газар булаг, шанд урсаж, бороо хур ордог жамтай. Мод тарих үндэсний хөдөлгөөн бол зөвхөн монголчуудын асуудал биш. Энэ бол хүн төрөлхтний асуудал. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө Монгол Улсын ард түмэн хувь нэмрээ оруулж байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүртэлх хувийг байгаль дэлхийгээ хамгаалах, эко системийг хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэхэд зориулахаар энэ санаачилгыг гаргасан. Удахгүй УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү санаачилгыг манай ард иргэд, ААН-үүд, төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд уухайлан дэмжин оролцож байгаад би чин сэтгэлээсээ баярлаж байна" гэлээ.

Шашны байгууллагууд нэгдэн мод тарих ажилд гар бие оролцлоо.

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц "Монгол орон тэрбум мод тарьснаараа Үндсэн хуульд тусгагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах зарчмыг хэрэгжүүлж, ард иргэддээ эрүүл, цэвэр орчин бүрдүүлж байгаа сайхан үйл явдал болж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд шашны байгууллагууд нэгдэн нийлж оролцож байгаа нь онцлог явдал юм" гэв.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Засгийн газрыг төлөөлөн Шадар сайд С.Амарсайхан оролцсон бол УИХ-ын гишүүдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцов.

Шадар сайд С.Амарсайхан "Энэ бол монголчууд бидний хувьд эх дэлхий, амьдарч буй орчин нөхцлөө сайжруулах үйл явдал гэдгээрээ ач холбогдолтой. Хоёрдугаарт бид хэдийгэээр мөнгө санхүүгийн асуудлуудыг ярьж байгаа хэдий ч цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, мод зүлэг тарьж ургуулах ажлаа орхигдуулж явбал 10-20 жилийн дараа магадгүй идэх махгүй, мал идэх өвсгүй, алхах газаргүй болох эрсдэл бидний өмнө байна. Ургамлын төрөл зүйл цөөрч, үрээ хаяхаа больсон байна. Тэр хэрээр бэлчээрийн доройтол зэрэг байгаль орчинтой холбоотой олон хүндрэлүүд гарч байгаа. Энэ ажлыг Монгол хүн бүр дэмжиж явсан, суусан газар бүртгээ энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд оролцоогоо хангаж явах хэрэгтэй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Энэ бол маш том санаачилга. НҮБ-ын ассамблэйн чуулганаар Монгол Улс дэлхийн цөлжилтийн эсрэг, дулаарлын эсрэг маш том санаачилга гаргаж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлсэн. Үүгээрээ дэлхий дахинд маш том мессеж өгсөн. Дэлхийн улс гүрнүүд дэлхий хэмээх нэг гараг дээр амьдарч л байгаа бол цөлжилтийн эсрэг санал бодлоо нэгтгэх ёстой. Тэр утгаараа энэ бол маш том ажил болсон. Цаашдаа энэ ажлыг үр дүнд хүргэж нэг тэрбум мод тарьж, ургуулах ажлыг хийж чадвал Монгол Улс дэлхий ертөнцөд нэлээд бодитой ажил эхлүүлснээ харуулж чадна. Энд төрийн бус байгууллагууд, олон улсын иргэний нийгмийн байгууллагууд маш зүтгэлтэйгээр оролцож байна. Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос энэ ажилд маш идэвхтэйгээр аймаг, дүүргийн салбар зөвлөлийнхэн оролцож байна" гэлээ.

Тив, дэлхийн олимп, паралимпын наадамд амжилттай оролцон медаль хүртсэн тамирчид тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарив.

Токио-2020 паралимпын наадмын алтан медальт Э.Содномпилжээ "Тэрбум мод хөтөлбөр бол маш зөв хөтөлбөр. Хүн бүр байгаль, эх дэлхийгээ хайрлах ёстой. Далайд дусал нэмэр гэгчээр нэг ч гэсэн мод тарьж байгаадаа сэтгэл өндөр байна" гэв. Мөн Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар "Эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж, нэг ч болтугай мод тарьж байгаадаа Монгол хүнийхээ зүгээс маш их баяртай байна" гэсэн юм.

Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: Г.Цэнд-Аюуш

СЕХ: 12.00 цагийн байдлаар хоёр тойргийн сонгогчдын 10 гаруй хувь нь саналаа өгсөн байна
СЕХ: 12.00 цагийн байдлаар хоёр тойргийн сонгогчдын 10 гаруй хувь нь саналаа өгсөн байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.