Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Сонгуулийн тогтолцоог өөрчилж, МАН-ын системыг таслахгүй бол сонгууль хийх утга алга

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
18 минут 16 секунд

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхэд гадны хөрөнгө оруулалттай холбоотой асуудал нийгэмд хөндөгдсөн. Мөн ням гарагт болсон УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт ирцэндээ хүрэлгүй нэмэлт санал хураалт явуулах болсон зэрэг асуудлуудаар УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.

-УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВӨӨ 76 ТИЙШ ТАТСААР 30 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ-

-УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үр дүн бараг тодорхой боллоо. Энэ удаагийн нөхөн сонгуулийг танай намын зүгээс хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт боллоо. Сонгуулийн үр дүнд нийт сонгогчдын ердөө 40 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. 40 хүрэхгүй хувийнх нь талыг эрх баригч намын нэр дэвшигч авч байна. 100 хүний 20-ийнх нь саналаар гишүүн болдог буруу тогтолцоо яваад байна. Гэтэл саналаа өгөөгүй, өөр нэр дэвшигчийг дэмжиж байсан 80 хувийнх нь төлөөлөл яах билээ. 80 хувийнх нь санал гээгдсэн нь сонгуулийн буруу тогтолцоо юм.

-Сонгуулийн мажиратор тогтолцоог халах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Би Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банк, буурай хөгжилтэй дэлхийн олон оронд зөвлөгөө өгч байсан эдийн засагч хүний хувиас хэлэхэд сонгуулийн мажиратор тогтолцоо Монголын эдийн засгийг сүүлийн 30 жил хойш нь татаж ирлээ. Монгол Улс цаашдаа хөгжихийн тулд том бүтээн байгуулалтад мөнгө зарцуулах ёстой. Тэр тусмаа дэд бүтцэдээ хөрөнгө зарах ёстой. Тухайлбал, төмөр замын санхүүжилт, цахилгаан станцын санхүүжилт, зам, дулаан, ус гэх мэт дэд бүтцийн санхүүжилтийг хувийн компани хийх боломжгүй. Үүнийг төр хийх ёстой. Түүн дээр нь үндэслээд бизнесийн салбарууд төслүүдээ хэрэгжүүлээд үр ашгаа аван эдийн засгаа тэлэх учиртай.

Гэтэл харамсалтай нь ийм бүтээн байгуулалт хийгдэхгүй байна. Цаашдаа ч хийгдэх боломжгүй болж байна. Учир нь 76 жижиг тойргоос гарч ирсэн УИХ-ын гишүүд байгаа төсвөө 76 тийш татсаар 30 жил өнгөрлөө. Ковидын маш хүнд үед их хэмжээний төсвийн хөрөнгөөр орон нутагт соёлын төв, хөшөө дурсгал, дарга нарын оффис барилаа. Маш их цемент зуурлаа. Зуурсаар л байна. Гэтэл эдгээр төслүүд эргээд эдийн засгийн өгөөж өгөх үү, доллар оруулж ирэх үү, баялаг бүтээх үү гээд бодоод үзэхээр үгүй. Үр дүнд нь төсвөөр орж ирж байгаа мөнгөө бүгдийг нь халамж болгоод тараалаа. Хоёр төгрөг тутмын нэг нь хавтгайрсан халамж боллоо. Засгийн газар улсын төсвөөс томоохон бүтээн байгуулалтын төсөл санхүүжүүлэх мөнгөгүй боллоо. Цаашдаа эдийн засаг 10 тэрбум долларын хэмжээнд 10 жил гацлаа. Энэ сонгуулийн буруу системээс болж байна. Үр дүнд нь үр ашиггүй тууз хайчилдаг олон төслүүдийг орон нутагт санхүүжүүлж байна. Төрд гарч энэ эрх мэдлийг авахын төлөө намууд өрсөлддөг боллоо. Одоо ганц нам л үлдлээ. Энэ агуулгаар сонгуулийн мажиратор тогтолцоо бол маш буруу тогтолцоо юм. 100 хувь пропорционал тогтолцоонд орох шаардлагатай. Гэхдээ шилжилт хийхийн тулд дор хаяж 50 хувийг пропорционал, 50 хувийг мажиратор тогтолцоо системээр буюу холиод сонгуулийн хуулиндаа тусгах хэрэгтэй.

-Улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар ХҮН-аас хийсэн мэдээллийн үеэр дурдсан. Энэ талаараа дэлгэрүүлбэл?

-Улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өнөөдөр эрх барьж байгаа нам 300 мянга гаруй гишүүнтэй. 200 мянга орчим төрийн алба хаагчдыг ажлын байраар хангаж байна. Өөрөөр хэлбэл 500 мянган гишүүнтэй гэсэн үг юм. Нэг гэр бүл хоёр гишүүнтэй гэж үзэхэд нэг сая орчим иргэн эрх барьж байгаа намыг дугуйлдаг системд орчихлоо. Гэтэл сонгуулийн саналыг ихдээ л 1.5 сая хүн өгч байгаа. Сонгуулийн насны 1.8 сая хүнээс 1.5 сая хүн саналаа өгөхөд эрх барьж байгаа нам хатуу гишүүнчлэлээрээ дамжуулан хамгийн багадаа 800 мянгаас 1 сая хүнээс санал авч байгаа бүтэц бий болсон. Иргэн аль үзэл баримтлал, аль намыг дэмжих нь чухал биш хоолоо олж идэхийн тулд тухайн намын гишүүн болсноороо амьдрал, ажлын байр баталгаатай болно гэсэн ухагдахуунаар сонгууль өгч байгаа учраас нэг намын тогтолцоонд ороод байгаа юм. Тиймээс намын хатуу гишүүнчлэл гэдэг зүйлийг үтэр түргэн болиулах хэрэгтэй.

-УЛС ТӨРИЙН ХҮЧНҮҮД НИЙЛЭЭД Ч МАН-ЫГ ДИЙЛЭХГҮЙ ЮМ БАЙНА-

28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдөр бүх тойргуудын хэсгийн хороодоор явж үзлээ. Гадаа нь 50-100 машин битүү бөөгнөрсөн байна. Тэнд дүүргийн хороодын нийгмийн ажилтнууд, агаарын чанар хянагч нар, “Таван толгой түлш” ХХК-ийн ажилтнууд зэрэг ажиллаж болох бүх сувгаараа эрх барьж байгаа намынхан ажиллаж байна. Үр дүнд нь Монголын ардчилсан сонгууль тэр хороодын, багийн, хэсгийн ахлагч нарын өмнө сөхрөөд бөхийж байна. 30 жилийн хугацаанд МАН, АН-ын хийсэн энэ мөнгөний сүлжээ, намын сүлжээ хороо багаар дамжуулж халамж тараадаг сүлжээг ямар ч нам дийлэхгүй юм байна. Ардчилал үүнийг дийлэхгүй байна. Бусад бүх улс төрийн хүчнүүд нийлээд ч МАН-ыг дийлэхгүй юм байна. Баг, хороо түүнийгээ хэсэгчилж хувааж олшруулаад төсвийн хөрөнгөөр ажилтнуудыг нь санхүүжүүлдэг албан ёсны бүтцээ улам тэлээд байна. Энэ системийг бид таслан зогсоохгүй бол Монголд сонгууль хийгээд ч утга алга. Сонгуульд өрсөлдөөд ч нэмэргүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.

-Сонгуулийн тухайгаа яриагаа энд хүрээд дуусгая. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой маргаан иргэдийн дунд болоод УИХ-ын гишүүдийн дунд хүчтэй өрнөөд эхэллээ. Та эдийн засагч хүний хувьд энэ хуулийн талаар байр сууриа илэрхийлбэл?

-Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг УИХ-ын дөрвөн гишүүн оруулж ирсэн. Харамсалтай нь хоёр гишүүн нь “Гарын үсэг зурсан хувилбар биш байна, өөр болгоод ороод ирлээ” гээд татгалзах шийдвэр гаргасан байна. Эрх баригч намынханд хандаж хэлэхэд, Та нар бүлэг дээрээ асуудал бүрээ ярьдаг. Гэтэл залуучууд нь хуулийн төсөл оруулаад ирэхээр настай улс төрч нь “Наад чинь болохгүй, хятадуудыг оруулж ирнэ” гэж айлгаад нийгэмд талцал үүсгэж байна. Гэтэл агуулга нь өөр буюу гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нь зүйтэй гэсэн агуулгатай. Орж ирсэн заалт нь нийгмийг хуваах нөхцөл байдлыг үүсгэлээ. Оруулж ирсэн нөхөд маань хариуцлагатай хандаж, асуудлыг цогцоор нь бус цөөн ганц хоёр заалт оруулсан нь эргээд гадны хөрөнгө оруулалт дэмий гэдэг уур амьсгалыг нийгэмд бүрдүүлчихлээ. Би үүнд маш их харамсаж байна. Орж ирж байгаа хууль дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Байр сууриа нэгтгээд хуулиа оруулж ирэх хэрэгтэй.

Миний хувьд гадны хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжих болно. Дотоодын хөрөнгө оруулалтыг бүр их дэмжих болно. Бизнесийн таатай орчныг бүрдүүлж Монгол Улс цаашдаа эдийн засгаа тэлэх аргуудыг хайж олж, хэрэгжүүлэх ёстой гэдэг хатуу байр суурьтай байдаг. Үүнд эдийн засагчийнхаа хувиар зөвлөмжүүдээ өгсөөр байх болно. Гадна, дотны хөрөнгө оруулалтыг дэмждэг гэдгээрээ Монгол Улсын дайсан болох гэж байгаа бол би үүнийг даваад гарна. Учир нь энэ бол Монгол Улсын эрх ашиг.

-ХӨРШ ОРНУУДААС ХАМААРАЛТАЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ӨӨРЧЛӨХ, ХАМААРЛЫГ НЬ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА-

1990 онд Монгол Улсад хойд хөршөөс олгогддог буцалтгүй тусламж, зээлийн бүх крант хаагдсан. Тэр үед монголчуудад хоёр л зам байсан. Нэг нь урд зүгийн крантыг нээх. Харин нөгөө нь гуравдагч улсуудаас олон улсын крантуудыг нээх сонголт байсан. Тухайн үед ажиллаж байсан Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, томоохон эдийн засагч нартай уулзах завшаан тохиолдож байсан. Тэр өвгөд маш зөв шийдвэр гаргасан. Тэд хойд хөрш крантаа хаахад урд зүг рүү яваагүй. Тэд ОУ-ын валютын сан, НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг дэлхийн 200 улс гишүүнчлэлтэй байдаг ОУ-ын байгууллагууд руу хандаж байж харилцаа холбоо тогтоон тэндээс мөнгө авч ирснээр бид 1990-ээд оны картын барааны хүндрэлтэй үеийг амжилттай давж чадсан. Цаашдаа Тогмидын Доржханд гэдэг хүн гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах, хөрш орнуудаас хамааралтай эдийн засгийг өөрчлөх, хамаарлыг нь бууруулах чиглэлээр ажиллана.

Энэ бол дэлхийн түүх. Дэлхийн өндөр хөгжилтэй болсон бүх орнууд гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, бизнесээ нээснээр дараагийн түвшинд очсон байдаг. Сүүлийн 70 жилийн хугацаанд буюу хүйтэн дайн дууссаны дараа дэлхийн дайн гадны хөрөнгө оруулалтыг татах асуудлаар явсан. Ялагч нь шагналаа авсан. Тухайлбал, Япон Улс, Солонгос Улс, Зүүн өмнөд Азийн орнуудыг нэрлэж болно. Энэ бол дэлхийн чиг хандлага. Дэлхийн аль ч улсад ийм л байдаг. Харин гадны хөрөнгө оруулалт муухай гээд чулуу шидэж байсан Африкийн зарим орнууд болон Арабын лалын шашинтай зарим орнуудын хувьд ард хоцорсон. Бид ингэх ёсгүй. Бид хөгжих эрхтэй. Залуус дэлхийд гарах эрхтэй. Дэлхийн бусад орнуудтай хамтарч ажиллах боломжтой сайн дэлхийн хөрш байж дэлхийн иргэн байж бид энэ өрсөлдөөнд ялна. Зөвхөн Монгол хөгжих ёстой, Монголоо хаах ёстой гэж ярьдаг нөхдийг гадагшаа явж үз гэж зөвлөмөөр байдаг. Та бүхэн хөгжилтэй орнуудаар л явдаг. Одоо хөгжихгүй байгаа, болохоо байсан орнуудаар очиж ажиллаад үз. Ямар ус уудаг, ямар хоол иддэг, үнэр танар нь ямар байдгийг нүдээр үз. Ийм популизм хийсэн улс төрчидтэй улсууд бүгд хойно хоцорсон. Монголыг ирээдүйг бид тийм болгож хэрхэвч болохгүй. Ийм учраас амьдрал үз. Хэрэв тэнд очиж ажиллаж чадахгүй бол ядаж л жуулчлалаар очоод бодит нөхцөл байдалтай танилцах хэрэгтэй.

-Та энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллах бодолтой байна уу?

-Хүсэлтээ тавьсан байгаа. Харж л байя.

-БАНКУУД ОЛОН НИЙТИЙНХ БОЛНО-

-Таны хувьд парламентад сонгогдоод нэг жил гаруй хугацааг үдлээ. Энэ хугацаанд ямар хуулийн төслүүдэд гар бие оролцов?

-Би УИХ-ын гишүүн болсноос хойш 4-5 хуулийн төсөл санаачилсан. 5-10 хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан байна. Би эдийн засагч хүн. Миний чадах зүйл бол эдийн засгийн шинэчлэлт, санхүүгийн салбарт хийгдэх шаардлагатай реформууд, банкны засаглалыг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр түлхүү хувь нэмрээ оруулж ажиллалаа. Үр дүнд нь банкны шинэчлэл эхэлсэн. Нэгээс хоёрхон эзэмшигчтэй банк биш, олон эзэмшигчтэй зөв засаглалтай банкны системийг бий болгохоор хууль батлагдсан. Ингэснээр банкууд олон нийтийнх болно.

Хоёрдугаарт, тэтгэврийн тогтолцоог өөрчлөх чиглэлээр ажлын хэсэгт нь орж ажиллаж байна. Тодорхой гарц, гаргалгаа шийдлүүдэд нь манай мэргэжилтнүүд ажиллаж байна. Хөрөнгийн зах зээлийг үүсгэх, тэтгэвэртээ гарсан иргэд мөнгөө хуримтлуулаад түүнээсээ өгөөжөө авдаг байх зах зээлийн системд оруулах ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл төсөв рүү мөнгө татаад түүнийг нь банкуудад тараагаад алддаг бус, нийгмийн даатгалын шимтгэл гэж аваад түүнийг нь буцааж тараадаг бус, түүнийг яаж өсгөж үржүүлэх тал дээр илүү ажиллаж байна. Урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болсон тохиолдолд яаж үүгээр урт хугацааны төслүүдийг санхүүжүүлэх арга хэрэгслийг нь нээж өгч байна. Тухайлбал, Оюутолгой төсөл 5-10 жилийн хугацаанд үргэлжилж, бүтээн байгуулалт яваад 11 дэх жилээсээ үр өгөөжөө өгнө гэж буй тохиолдолд тэтгэврийн сангийн эх үүсвэрээр том хэмжээний бүтээн байгуулалтыг засаг өөрөө санхүүжүүлэх, түүгээрээ дамжуулан НДШ төлсөн иргэд өөрсдөө баялгийнхаа эзэн болж хөрөнгө оруулагч болох боломжийг нээж өгөх зорилготой.

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт ажилласан байх аа?

-Хууль шүүхийн шинэчлэл хийгдсэн. Энэ хуулийн төсөлд хууль санаачлагчаар орж хуулийн хулгай, хуулийн хонгил, эрх мэдэлтэй улс төрч, улс төрийн нам, хэн нэгэн даргаас хамаарахгүйгээс шүүх шударгаар хараат бусаар бие даасан шийдвэр гаргадаг байх эрх зүйн үндсийг тавьсан. Үүнийг парламентад байгаа шинэ гишүүд хүч нэгтэйгээр дугарч байж хийлгэсэн. Энэ мэт шинэчлэлүүдийг хийж байгаа цаашдаа ч хийх болно.

-ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫГ ТОЙРСОН АВЛИГЫН АСУУДЛУУДЫГ ИЛ БОЛГОНО-

-Энэ удаагийн намрын чуулганаар ямар хуулийн төслүүдэд гар бие оролцон ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ намрын чуулганаар авлигын асуудалд илүү их анхаарч ажиллана. Төрийн өмчийн компаниудыг тойрсон авлигын асуудлуудыг ил болгоно. Тухайлбал төмөр зам тавина гээд 2.6 их наяд төгрөг зарцуулагдсан байна. Ямар компани, ямар нөхцлөөр, яаж гэрээ байгуулсан, тэнд орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгааг ил болгоно. Надад ирсэн мэдээллээр зах зээлийн үнээс 10-20 дахин илүү үнээр шахсан байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Тэр мэдээллийг үзэх гэхээр төрийн нууцад оруулчихсан. Нууцаас гаргаад өг гэсэн шаардлага тавьж байгаа.

УИХ-ын таван гишүүн нийлж Авлигатай тэмцэх лобби бүлэг байгуулсан. Бид энэ чиглэлээр нэлээд ажиллана. Шүгэл үлээгчийн тухай хуулийг оруулна. Авлига авсныг мэдээлж байгаа хүнд ямар нэгэн хариуцлага тооцдоггүй байх эрх зүйн зохицуулалтыг хийж өгнө. Авлига өгсөн, авсан аль алинд нь хариуцлага тооцдог болчихоор авлига өгсөн хүн нь мэдээлж чадахгүй, үр дүнд нь авлига хэвээрээ л байна.

Төсвийн чиглэлээр том реформыг шахаж оруулна. Засгийн газар энэ хуулийн төслүүдийг оруулж ирэх ёстой. Гэхдээ би УИХ-ын гишүүний хувьд ажлын хэсэгт нь орж, өөрийнхөө байр суурийг түлхүү тусгах болно. Эдийн засгийн салбарын хуулийн зохицуулалтад илүү анхаарч ажиллана. Эрх барьж байгаа нам, сөрөг хүчин үл хамааран зөв зүйл дээр дэмжиж ажиллана. Харин алсдаа нийгэмдээ хортой, эдийн засагтаа хортой, тусгаар тогтнолдоо хортой аливаа зүйлд эрс хатуу шүүмжилж, эсэргүүцэж ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Амарбаясгалан

МУГЖ Д.Төмөртогтох: Олон жилийн дараа “Нийслэл хүүхэн“ киноны хоёрдугаар ангид тоглолоо, кино гараагүй учир дүрийнхээ талаар ярихгүй ээ
МУГЖ Д.Төмөртогтох: Олон жилийн дараа “Нийслэл хүүхэн“ киноны хоёрдугаар ангид тоглолоо, кино гараагүй учир дүрийнхээ талаар ярихгүй ээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.