С.Чинзориг: Ам.долларын ханш тогтвортой байхад барааны үнэ яагаад өсөөд байна вэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Хэзээ
2021/10/13
Унших
2 минут 57 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асуулаа.

Тэрбээр "Долларын ханш харьцангуй тогтвортой харагдаж байна. Өнгөрсөн жилийн мөн үеэс бараг өсөөгүй 2849 орчим төгрөг байна. Гэтэл импортоор орж ирж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материалын үнэ асар их өсөөд байгаа юм бэ? Барилгын материалын үнэ 40-90 хувиар өссөн байна.

Хоёрдугаарт, 10 их наядын хөтөлбөр хэрэгжсэн. Энэ хөтөлбөрийн үр дүн ямар байна вэ? Энэ хөтөлбөрийн хүрээнд хичнээн ажлын байр шинээр бий болов? ХНХЯ-наас өгсөн мэдээллийг харахад ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 2 орчим хувиар нэмэгдсэн байна. 10 их наядын 2.5 их наяд нь жижиг, дунд бизнесийг дэмжих зээл болоод гарсан юм шиг байна?

Гуравдугаарт, Төв банкны үнэт цаас хэдэн их наяд болсон бэ? Өнгөрсөн жил бараг 8 их наяд болж байх шиг байсан. Одоо хэд байна вэ? Бидний баталсан зээлийн хүү бууруулах стратеги хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ? Хэрэглээний зээлийн дундаж хүү хэд байна вэ" гэж асуулаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Импорттой холбоотой хамгийн том саатал бол тээврийн саатал. Хилийн гадна байгаа боомтуудад хэдэн сараар чингэлэгүүд хадгалагдаад байна. Тээврийнх нь зардал ойролцоогоор тав дахин өссөн нь импортын барааны үнэ өссөнтэй холбогдож байна. Долларын ханш 2020 оны долдугаар сараас жил гаруйн хугацаанд тогтвортой байгаа. Үүний шалтаан нь хангалттай хэмжээний нөөц бүрдүүлсэнтэй холбоотой. Банкны харилцах хадгаламжийн 33 хувь долларын хадгаламж байсан бол одоо 22 хувь болж буурсан.

10 их наядын хувьд ажлын байрыг дэмжих зээлд 1 их наяд 886 тэрбум төгрөгийг 24 мянган зээлдэгчид олгосон. Репо санхүүжилтэд 725 тэрбум төгрөгийг 3100 зээлдэгчид гаргасан. Ипотекийн зээлд 816 тэрбум төгрөг гарсан байна. Одоогийн байдлаар 10839 хүн ипотекийн зээлд хамрагдсан. Хөдөө аж ахуйн зээлд 328 тэрбум төгрөгийн зээлийг 20 мянган зээлдэгчид олгосон" гэж хариуллаа.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!