Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Хажидсүрэн: Тээвэрчдийн ар гэрийнхэн доод тал нь 100 сая төгрөгийн өртэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 15 секунд

ЗТХ-ийн сайд Л.Халтар Цогтцэций-Чойр чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүцэж жолооч нар Д.Сүхбаатарын талбайд жагссан юм. Тодруулбал, тэд "Хилийн боомтуудад удаа дараа өрнөж буй тэгш эрхийг алдагдуулсан гэх асуудлаар холбогдох байгууллагуудад цөөнгүй гомдол мэдүүлсэн ч хариу ирүүлээгүй. Засгийн газрын төлөөлөгчөөр томилогдсон УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа “40 жолооч нэг бөмбөлөг” зохион байгуулалтыг хийснээр халдвар багасаж, нүүрсний экспорт нэмэгдэнэ хэмээн мэдээлж байсан ч нөхцөл байдал эсрэгээрээ болж байна. Үүний цаана ганцхан тээврийн жолооч нарын асуудал биш тэдний ар гэр, үр хүүхдүүд ч хүнд байдалд орж байна" гэсэн билээ. Ингээд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж байгаа тээврийн жолоочийн эхнэр Д.Хажидсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу. Нөхөр нь боомтод тусгаарлалтад байгаа гэж сонссон нөхцөл байдал ямархуу байна гэнэ?

-Иргэдийн зүгээс "мөнгө олох" гэсэн тээвэрчид жагсаад байна гэж хараад байх шиг байна. Мөн Гашуунсухайтад очоод л нүүрс ачаад гараад явдаг гэж ойлгоод байх шиг.

Нэгдүгээрт, Тээвэрчид гэрээсээ хол олон сараар амьдардаг. Дор хаяж 1-8 сар хүртэлх хугацаагаар ч явна. Хэдэн бүлтгэр хүүхэд нь харуулдаад л үлддэг. Гол нь олон сараар гэрээсээ хол яваад амьдрал ахуй дээшилж байвал бас яах вэ. Гэтэл төрийн байгууллагын уялдаагүй шийдвэр, хэзээ юу болох гэж байгаа нь мэдэгдэхгүй төөрөгдөл үүсгэснээс болж тухайн боомтод мөргөлдөөн болж байна. Ковид орж ирснээс хойш тээвэрчдийг шүүхийн тогтоолгүй "шорон"-д оруулж тамлаж байна.

-Танай нөхөр сардаа ер нь хэдэн хэрээсэнд явж байна?

-Манай нөхөр гэлтгүй нэг тээвэрчин 2-3 сарын хугацаанд нэг ч тээвэр хийж чадахгүй тохиолдол байна. Тусгаарлагдаад л байдаг. Гэтэл тэдний ар гэр, үр хүүхэд нь идэх амтай мөн өмсөж зүүх эрхтэй шүү дээ. Хичээл сургууль эхэлчихсэн байхад хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг ч хангаж чадахгүй байна. Манай өөр нэг жолоочийн эхнэр сарын дараа төрөх гэж байна. Гэтэл нөхөр нь 2-3 сар тээвэрт явж чадаагүй. Тэгээд саяхан нөхөр нь эерэг гарсан учраас тээвэрт яваагүй. Иймээс орлогогүй болж, жирэмсэн эхнэр нь уйлаад сууж байна. Бодит байдал ийм л байна.

-Яг одоогийн байдлаар танай нөхөр тээвэр хийхээр явсан хэдий ч тусгаарлалтад байгаа гэлээ. Нөхцөл байдал нь ямар байгаа бол?

-Тусгаарлагдана гэхээр амралтын газарт жаргаад хэвтэж байна гэж ойлгоод байх шиг байна. Хоол ундны чанарын шаардлага, нөхцөл байдал бол муу шүү дээ. Эндээс явахдаа сөрөг гараад тусгаарлалтад орсон хүмүүс БНХАУ-д очоод эерэг гарчихдаг явдал ч гарсаар л байна. "Бөмбөлөг" зохион байгуулалтаар 40 хүн нэг баг болж байгаа юм. Хэрвээ тэр хүмүүс дотроос нэгээс нь л халдвар илэрвэл бусад 39 жолоочийг тээвэр хийхийг нь болиулж байна. Монгол тээвэрчид хоёр жилийн өмнө тээвэрлэлт сайн байхад бараг бүгд орон гэрээ барьцаалж задгай тэвштэй, том тээврийн машин авсан байдаг. Тийм машин дор хаяж 90,100 саяын үнэтэй байдаг. Ковидын нөлөөгөөр ажил нь таг зогсож банкны зээлээ төлж чадахаа байсан. Сүүлдээ банк бус санхүүгийн байгууллагаас зээлэх, хувь хүнээс 10-15 хүүтэй зээл авч сүүлдээ орон гэр ч үгүй болсон жолооч нар байна.

-Хэрвээ нууц биш бол танайх хэр хэмжээний зээлтэй байна вэ?

-Манайх одоо 100 гаруй сая төгрөгийн өртэй байна. Тээвэрлэлт гайгүй байх үед авсан машиний ханшийн зөрүүнээс болж, жил гаран зогсонги байдалтай байсан. Улмаар ковидоос болж ийм зохион байгуулалтад орж хойш ажил бараг хийсэнгүй. Банкны өр зээлээ төлж чадахгүй л байна. Өнөөдөр өглөө л гэхэд банк надруу утасдаж, зээлээ төлөхийг шаардаж байна.

-Цаашид яах бодолтой байгаа вэ?

-Жагсана. Гэрээсээ гарч ирээд жагсах тээвэрчдийн эхнэр хүүхдүүд олон байна.

Ярилцсан танд баярлалаа.

Л.Халтар: “Баянзам“ ТББ-ыг гэрээгээ дүгнэе гэтэл талбай дээр жагсаал зохион байгуулж байна
Л.Халтар: “Баянзам“ ТББ-ыг гэрээгээ дүгнэе гэтэл талбай дээр жагсаал зохион байгуулж байна
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.