Манай баатрууд

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/10/14
Унших
14 минут 45 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Солонгосын нэрт зохиолч И Мүн Ёлын “Манай бүдэрсэн баатар” тууж өнгөрсөн долоо хоногийн “бестселлер” болжээ. Үүнээс өмнөх хэдэн долоо хоног Жорж Орвелийн “амьтны фирм” жагсаалтыг тэргүүлсээр байсан. Эрх чөлөөний тухай бичигдсэн өрнийн ба дорнын бүтээлүүд яагаад ар араасаа “бестселлер” болов гэдэг сонирхолтой. Ерэн оноос хойш төрсөн залуучууд маниусаа дагуулахгүй их ном уншдаг болсон. Тэд бол уншигч масс гэхэд болно. Цар тахал, хөл хорио, Монголхүү аль нь нөлөөлсөн юм бүү мэд. Ямартай ч тэдний сонголт ийм л байна.

Үндсэн сэдэвтээ оръё. Зохиолын гол дүр Хан Бён Тегийн гэр бүл Сөүлээс хөөгдөж алс бөглүү тосгонд ирлээ. Аав нь ажлын алдаа гаргаснаас тэр л дээ. Зүйрлэвэл орчлон сургуулиас сумын дунд сургуульруу шилжиж ирсэн гэсэн үг. Манай Н.Энхбаяр дарга Э.Батшугараа дагуулаад сумын төвд амьдрахаар ирлээ ч юм уу, за нэг тиймэрхүү юм болж. Сумын сургууль гэж нэг навсайсан байшин, ангийн багш гэж өрвийсөн амьтан. Зүйрлэвэл хошин шогийн Б.Баатархүүгийн согтуу дүр. Ерөнхийдөө хүүхдүүдээ хаяад ангийн дарга Ом Сог Дэ гэгчид бүрэн эрхээ шилжүүлчихсэн гэхэд болно. Сог Дэ энэ ангийн төдийгүй сургуулийн атаман. Манайхаар бол Хүк хавьцаа. Хүүхдүүд өдөр бүр ангийн даргадаа ээлжлэн хоол зөөх ба цэвэрлэгээ, нийтийн ажил, тэмцээн уралдаанд хэнийг оруулах, хэн хэнтэй нэг ширээнд суух гээд бүхнийг Сог Дэ мэднэ. Мөн сахилгагүйтсэн нэгнийг багшийн өмнөөс шийтгэх шүүгчийн алхтай. Түүний чанга гарын ачаар хүүхдүүд дэг журамтай байх тул тэр хэрээрээ багшдаа ажлыг нь хөнгөлж будааны архиа гудрах зав гаргаж тусална. Хүүхдүүд Сог Дэгийн хичээлийг хувааж хийх ба шалгалтыг нь ч мөн адил өмнөөс нь өгнө. Ингэж тэр атаман, тэргүүний сурагч гэсэн ямар ч авцалдаагүй хоёр хэргэмд зэрэг хүрчээ. Сог Дэ бусдыг зодож дээрэлхэхээс гадна өнгөтэй өөдтэйг нь дээрэмдээд авчихна. Үеийнхнээсээ насаар хэд ах боловч бичиг баримтын алдаанаас болоод энэ ангид орчихсон. Биеэр ч том, санаа нь ч урт.

Гэтэл шинээр ирсэн Бён Тэ дэглэмийн тав тухыг бага зэрэг алдагдуулна. Бён тэгийн хуучин сургуульд асуудлыг үргэлж ярилцаж санал хурааж шийддэг бол энд Сог дэгийн тааллаар бүхнийг шийднэ. Ангийн даргыг ардчилсан сонгуулиар сонгодог бол энд Сог Дэ насан туршийн ангийн дарга. Тэнд сурлага сайтай эсвэл урлаг, спортоор бусдыг манлайлдаг хүүхэд л анги даргаар сонгогдох бол энд хамгийн хүчтэй нь дүрмээ тогтоосон. Дэглэмд яагаад ч дасаж өгөхгүй байсан Бён Тэ өөрийгөө Сог Дэгийн оронд аваачиж ангийн дарга болно, улмаар байдлыг өөрчилнө гэдэгтээ итгэлтэй байлаа. Бусад хүүхдүүд Сог дэгийн тушаалыг үг дуугүй дагадаг бол Бён Тэ ганцаараа эсэргүүцэх болов. Нэг удаа Бён Тэ ангийн даргад ус аяглаж өгөх тушаалыг биелүүлээгүйн улмаас жинхэнэ хүртэх ёстой хүртэж эхэлсэн билээ.

Эхлээд Бён Тэг ямар ч хүрээлэлгүй болголоо. Түүнтэй ярих, хамт тоглох нь том гэмт хэрэг тул хэн ч харьцахаа байв. Хүүхдүүд бөөгнөрөн инээж хөөрч байснаа Бён Тэ үзэгдвэл чив чимээгүй болчихно. Дөхөөд очвол тараад явчихна. Баг болж тоглоход Бён Тэтэй хэн ч нэг тал болохгүй. Хамт гэрийн зүг алхдаг хэд нь дөлж ганцаараа хамраа унжуулан алхана. Өсвөр насны хүүхдэд ийм гадуурхал маш хүчтэй тусах нь ойлгомжтой. Бён Тэ сэтгэл санаагаар унаж, сурлага ч муудав. Зүйрлэвэл манай дарга нар өөрөөс нь өөр үзэл бодлыг сонсох байтугай, хүлцэх ч сэтгэхүй байхгүй. Өөдөөс нь үг хэлсэн, шүүмжилсэн нэгнээ байх шингэх газаргүй болтол буланд шахдагтай адил. Намын бодлого гэгч даргын үзэмжийг ягштал мөрдөхгүй л бол тэрүүхэн тэнд нь шоолж торлоод хөл хорьдогтой яг адил.

Сурлагаар ангидаа хоёрт жагсаж байсан Бён Тэ эцэстээ муу сурлагатан, үргэлж хэрэг төвөг удаж явдаг бүтэхгүй нэгэн болж хувирав. Эндхийн хууль бусдад нэг өөр, Бён тэд огт өөрөөр үйлчлэх болжээ. Бусад хүүхэд ширээ, ханан дээр сараачихыг хэн ч тоохгүй мөртлөө Бён Тэ тийм хэрэг үйлдвэл ангийн шүүхээр хатуу таслагдаж хүнд шийтгэгдэнэ. Зүйрлэвэл манай дарга нар хэдэн мянган хүн цуглуулж хөл хорионы дэглэмээ зөрчих юу ч биш харин талбай дээр метр жар орчимтой тагжгар залуу хэдэн гутал барьж яваад террорист, цагдаад халдагч эрүүгийн хүнд элементээр тооцогдож ачигдсантай ижил.

Сог Дэ шууд энэ бүхнийг удирдаж хийхгүй. Харин түүний систем ирмэх төдий л төгс төгөлдөр ажиллана. Дэглэм гэхдээ бас гудамжны бүлэг шиг танхай балмад засаглахгүй. Таалагдсан юмаа дээрэмдэхдээ “зээлчих” гэж хэлээд авна. Юмаа зээлдүүлсэн хүн эргэж нэхэж болохгүйгээ маш сайн мэднэ. Олон эрхээ аюулгүйн зөвлөлд зээлдүүлчихээд дуугүй сууж байгаа манай депутатууд шиг.

Сог Дэгийн гэмт үйлдлийг нотлох ямар ч боломжгүй. Нэг удаа аавынхаа асаагуурыг Сог Дэд дээрэмдүүлсэн хүүхдийн хэргийг Бён Тэ хараад багшид ольсон нь маш аймшигтай алдаа болсон билээ. Бён Тегийн хов зөөснийг мэдмэгцээ Сог Дэ түмний нүдэн дээр нөгөө хүүгээс зээлсэн асаагуураа буцааж өгснөөр хэрэг хаагдав.

Яг л манай депутатууд жижиг дундын зээл хуссанаа гэрэлд цохиулаад буцааж төлдөгтэй ижил. Хууль гэмт хэрэг хоёр нэг тал болсон ийм жишээ манайд хар мянга л даа.

Бён Тэгийн гэнэн амбиц, шударга ёсны хүсэмжлэл эцэстээ өөрийг нь цовдлох ялын тогтоол болно гэж хэн мэдлээ. Элдэв зарчим ярьж багшдаа алтан хошуу хүргэсээр нэг өдөр ангийн сурагчдаас Сог Дэгийн талаар нууц мэдүүлэг авлаа. Гэтэл ганц ч хүүхэд Сог дэд дээрэлхүүлсэн гэж мэдүүлсэнгүй. Тэр бүү хэл тэн хагас нь Бён Тэг эв хамт ёсны дайсан гэж өчжээ. Цочирдож гайхсан Бён Тэ ийнхүү төгс ялагдав. Гэвч тэр төгс ялагдах хангалтгүй байлаа. Гутамшигтайгаар бүр аймшигтайгаар ялагдах ёстой.

Сог Дэ түүнийг огт тоохгүй мэт царай эсгэх боловч бүх хүүхдийн ад шоо болгох ажлыг алсаас урнаар дохиурдана. Цэвэрлэгээ, нийтийн ажлын хамгийн хүнд хэцүүг Бён Тэд хуваарилна. Ийм залхаан цээрлүүлэлт нэлээдгүй удаан үргэлжилжээ. Ангийн хүүхдүүд цонхоо хальт мулт арчаад л Сог Дэгийн шалгалтад тэнцэж гадаа тоглоно. Харин Бён Тэ яаж ч арчаад дахин дахин шалгалтад унаж оройжин зүлгэнэ. Эцэстээ нус нулимсаа садартал уйлж, сөхөрч байж сая нэг шалгалтад тэнцлээ.

Чухам энэ өдрөөс Бён Тэгийн шинэ амьдрал эхлэх нь тэр. Ангийн даргын зургийн хичээлийг дааж авснаар түүнд ойртох жим нээгдэж шат ахисаар Бён Тэ алдсан бүх юмаа буцааж авлаа. Сурлагаар хоёрт орж, зодооны эрэмбээр ч дээшлэв. Чамгүй найз нөхөдтэй ч болжээ. Сог дэг эсэргүүцэж явсан Бён тэ нэгэнт түүний дэглэмийн хоёрдугаар хүн боллоо. Сог дэгийн ачаар олж авсан бүхэндээ баярлахын сацуу түүний засаглал түм түм наслахыг чин сэтгэлээсээ хүснэ. Анхандаа эрүүл саруул юм ярьж явснаа нэг өдөр л үнэт зүйлрүүгээ цэрээ ховх татан нулимаад бусдаасаа ялгарах юмгүй болж ууссан манай бүдэрсэн баатарууд олон.

Дэглэмд эрдэм боловсрол, ур чадвар чухал биш. Даргад бөхөлзөж, хүлцэн явах гэсэн нэг л шалгууртай. Эсрэгээрээ хүнд тоогдох юу ч үгүй, цагаан толгойгоо мэдэхгүй байсан ч хамаагүй даргын таалалд багтвал суга дэвшиж болдогоороо бас өгөөмөр. Энэ шударга бус тогтолцоог бүгд мэдэх хэрнээ хэн ч өөрчлөлтийн төлөө хуруугаа хөдөлгөхгүй. Төрийн үйлчилгээг дүрэм журмаар нь авч чадахгүйтэй хэдийн эвлэрч “таньдаг хүн бий юу?” гэж бүлтэлзэх манай ард түмэн шиг л дэглэмдээ дассан, хүлцсэн ийм анги байлаа.

Гэтэл бүх тогтолцоо ангийн багш солигдсоноор ганцхан өдөр нуран унав. Сөүлээс ирсэн шинэ багш Сог Дэгийн бусдаар хичээлээ хийлгэдэг байсныг илчилж түүнийг бүх хүүхдийн өмнө нохой шиг зодлоо. Хаан зодуулж байхыг хараад эхэндээ бүгд шоконд оров. Удалгүй бүх хүүхэд Сог Дэгийн гэмт хэргийг илчилж эхлэв. Эд зүйлсээ булаалгасан, зодуулж доромжлуулсан, гадуурхагдсан, тэр бүү хэл бэлгийн хүчирхийллийн шинжтэй дарамтад орсон гээд бүгд нэгт нэгэнгүй өчиж адгийн новш гэж хүртэл хараалаа. Яг л хүчтэй явахад нь хөл алдаж гүйгээд жаахан хазайхад нь нийлээд булчихдаг манай зарим бэртэгчид шиг л тал талаас нь зулгааж сэг ч үлдээлгүй идлээ. “Манай М.Энхболд дарга чинь их хөгжилтэй хүн” гэж ирээд хүзүү нийлүүлж сууснаа хэдхэн борооны дараа “алнаа чамайг” болоод явчихсан нэг хүн нүдэнд үзэгдээд болдоггүй ээ. Элэг элэг.

За тэгээд хоёрхон "пиавны" үнэ төлөөд энэ номыг аваад уншчихаарай. Цаг ч нэг их орохгүй. Эцэст нь ганц нэг дүгнэлт хэлье.

Дарангуйлал үлээх төдийд нурах хуурамч эв нэгдэл дээр хэзээ ч ганхашгүй ган багана мэт сүрлэн хэврэг тулгуур дээр зохиомол энх тайван, хиймэл аз жаргалаар бялхуулж байдаг.

Нэг халаасандаа салаавч, нөгөөхдөө тонгорог агсчихаад улсын тэргүүнээ тойрон бүжиж, ган бат эв нэгдлээ магтан дуулах манай журамт депутатууд шиг тийм л хуурамч.

Дарангуйлал тогтооход ухаан боловсрол шаардлагагүй. Дур зоргийг зөнд нь орхиход л болно. Суртал ухуулга хуулиас дээгүүр үйлчилж эхэлсэн цагт дарангуйллын бүх үйлдэл үүний дотор гэмт хэрэг ч зөвтгөгдөнө. “Хууль ямар хамаатай юм” “чөлөөт эдийн засаг гэж байхгүй” “дүр эсгэсэн ардчиллаа боль” гэж ярих бол юу ч биш. Мөрөөрөө байсан тариачдын тосгоныг хорих лагер болгосон, хорвоогийн ердийн л нэг цэнхэр өнгөтэй зангиа зүүснийхээ төлөө эсэргүү болж буудуулсан гээд хүний санаанд багтамгүй дур зоргийг хуулиас хэтийдсэн суртал ухуулга л бамбайлж байсан юм.

Эрхийнхээ хүрээнд улсын тэргүүн маань болжмор устгах, эсвэл мод тарих санаачилгын алийг ч гаргаж болно. Манайдаа засаг нь төлөвлөж, их хурал нь төсөвлөдөг хуультай. Гэтэл улсын тэргүүний нэг дохиураар төрийн алба тэр чигээрээ хүрз бариад гарлаа. Дарга нар гарамгай цэцэрлэгч болохоо харуулан баахан сельфидээд л. Төлөвлөөгүй төсөв хөрөнгө энд тэндгүй зарлагдаж байгаа нь хэв хэвийн, эв энгийн үзэгдэл болж нийтээр дэглэмдээ талархан шороо буснуулиад зав алга. Нэг сайд нь мод тарихад 4.3 их наяд төгрөг тавина гэж их хурлын төсөв батлах бүрэн эрхийг нулимж байхад цор гэх гишүүн ч алга. Зүй ёс, дэс дараалал, хууль зарчим ярьсан нэгнээ “Чи мод тарихыг эсэргүүцээд байгаа юм уу” гэсэн эх оронч суртал, дарамтаар нам дарна. Хаанаас ч харсан шүүмжлэх аргагүй эх оронч сурталд хүрз барин хуулиа булж яваа дэглэмийн гишүүд маань Сог дэгээ унахад "хүрэлсүх" барьчихсан модоо цавчаад явж байх вий дээ. Бүр нэг бодохоос тэчьяадам.

И Мүн Ёл: Өөрсдөдөө заяагдсан зүй ёсны үнэт зүйлсээ бусдад булаалгачихсан атлаа харамссан ч үгүй, уурласан ч үгүй, буруу зүйлд бууж өгсөн хэр нь бас ичсэн ч үгүй

Нийтлэлч Г.Мөнхсүх

Сэтгэгдэл (16)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Тун аятайхан байна. Нэрнийх нь орчуулгыг жаахан бодож үзэх байгаа юу? Бүдэрсэн баатрууд гэдэг утгыг монгол уламжлалаар шороотой бөх гэж гаргаж болно. Ноёны шороотой бөхчүүд.

  2. Зочин

    Төрийн бузарууд

  3. Зочин

    Энхбаяр Батшугар жоохон тохиромжгүй зүйрлэл байлаа. Бусдаар 👍

  4. Иргэн

    Энэ монголчуудын санаанд таардаг юм ерөс бхгүй үнэгүй юманд нугасгүй ажилс хийхгүй бүх төлбөр тооцоого төрөөр хийлгээд халамж аваад бж бвал сая санаа нь амpах бх маш их завтай амьдралын төлөө зүтгэх шаардлага нилээд олонхид бхгүй төлбөртэй жагсаал хэн нэгний утсан хүүхэлдэй болоод хэдэн төг авчихнаа хөөрхийс хоорондо хэрэлдэх хагалан бутаргах хов жив ярих хэн нэгнийг гутаах доромжлоход хамаг ухаанаа зарнаа сайн ч муу ч эвтэй бхдаа айл гэр улс хүчтэй бдагсан

    • Гоё гоё

      Дарангуйлал үлээх төдийд нурах хуурамч эв нэгдэл дээр хэзээ ч ганхашгүй ган багана мэт сүрлэн хэврэг тулгуур дээр зохиомол энх тайван, хиймэл аз жаргалаар бялхуулж байдаг. Тэр худлаа эв нэгдэл чинь нэг иймэрхүү л бгашдээ. Үнэхээр болохгүй бна. Болж бүтэж бгаа юм яг юу бгаан.

  5. Зочин

    монголоор бичсэн богинохон нийтлэл ойлгохгүй байна гэдэг тэнэгрэлийн эхний шинж...та нарын бодит амьдралыг нүдэнд харагдтал бичсэн байна...гэхдээ уншсан нь сайн хэрэг...дахиад сайн тогтоод унш...

  6. Зочин

    Ойрд уншаагүй нийтлэл байх чинь ээ. Нагнайтал авж байна шүү

  7. ЗОЧИН

    ВИРУС НЭГ ТӨРЛИЙН ШАЛГАЛТ ЮМ ДАА. ГАЙГҮЙ ҮЕД БОЛООД БАЙНА ГЭЭД ХОЙТ ХОРМООГООРОО УРД ХОРМОЙГОО НӨӨХӨӨД БОЛЖ БАЙСАН ОДОО УРД Ч ҮГҮЙ ХОЙТ Ч ҮГҮЙ ШАЛДАН ГУЯ,

  8. Зочин

    Хүрэлсүх бохь зажилж, обой оролдож бгаад шийдвэр гаргадаг бхаа.

  9. Бурхан багш

    Тэр голд нь байгаа өндөр царай муутай хүн саяхан манайд ирээд надтай кофи анантай уулзчаад надтай уулзыыы гэсэн байсан. Би хүлээж аваагүй. Монголын төрийн эрхийг хууль бусаар авсан бас казиноогийн донтой ер нь л бүтэлгүй гар бн лээ. Там руу явуулчий гэж бодсым. Тэгсэн үгүүйээ би одоо дахиж буруу юм хийхгүй гээд уйлаад байхаар нь буцаагаад явуулсым байгаам чааваас. Дахиж ирвэл шууд там руу шүү хүүрэнсэг ээ ойсоон.

  10. Зочин

    За энэ солиотой юм бичих юм даа харин бодит бдлыг шууд бичих хэрэгтэй шуу дээ

  11. Зочин

    эд нар хариуцлага хүлээнэ цар тахлыг алдахгүй байх боломж байсан дээр нь эдийн засгаа унагаасан ногоон бүсээ хамгалж чадаагүй нам гэсэн лаларууд ажил нураасан ямар ч бодлого байхгүй

  12. Зочин

    Ямар ийм муухай үе бидэнд таарч байсан бишдээ яаж ч болохгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал шүүдээ.Тийм болохоор төр засаг,төрийн тэргүүнүүддээ арай энгийн үеэс өөр хандах нь зүйтэй байхшүү.Монголчууд бид юм л бол муучлах доромжлох хэлэх хэлгүй үгээр гүтгэх энэ муухай зуршлаасаа салсан нь дээр байхаа.ЭВТЭЙ Л БАЙЯ ЭВТЭЙ Л БАЙВАЛ ХҮЧТЭЙ ЭВТЭЙ БАЙВАЛ ЯМАР Ч ХОРТОЙ ХЭЛ АМТАЙ БУЗРУУД БИДНИЙ ДУНДУУР ОРЖ ЧАДАХГҮЙЭЭЭ.ҮҮНИЙГ Л ХИЧЭЭ МОНГОЛЧУУДААА

    • Гайхал

      Энэнээс ч дор үеийг бид туулаад явж байгаа шүү. Монголчууд цаг үргэлж доромжлуулах хэрнээ доромжлолдоо дасчихсан, бүр тэрнээсээ кайф авдаг сонин хүмүүс. Доромжлоод байгаа хүнийг нь хэлчихээр аймар өмөөрнө.

  13. Зочин

    ЯГ ҮНЭН. ХҮҮК ТЭРБУМ МОД ГЭЭД Л ПООПОРЧИХСОН ЧИНЬ БҮГД ДАГААД Л ШААСАН. ДАГАХГҮЙ БОЛ БАЯРСАЙХАН ШИГ ШАНААДУУЛНА.

  14. Зочин

    Юу уншчихваа, ер ойлгосонгуй