Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн хэлэлцээрийн дүнд чамлахааргүй үр дүн гарч байгаа

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 40 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн хэлэлцээрийн талаар асуулт асуулаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгойтой холбоотой хэлэлцээр амаргүй түвшинд байгаа ч ахицтай урагшилж байгаа. Нэлээд том хэмжээний санхүүжилт гаргаж, гадаад дотоодын томоохон экспертүүд болон фирмүүдтэй ажиллаж, дэлхийн түвшинд эн тэнцүү мэтгэлцэх, шүүхдэх, санал шүүмжлэл өрнүүлэх, зөвшилцөн ажиллах тал дээр Засгийн газар бүх боломжит хувилбарыг дайчлан ажиллаж байна.

Чамлахааргүй үр дүн гарч байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан зарим нэг зүйл алдаа байсан гэдгийг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрч байгаа. Экспертийн дүгнэлт гарч, ТЭЗҮ дээр алдаа гарсан нь Монгол Улсын Засгийн газартай холбоогүй байсан гэх дүгнэлт гарсан. Тэрний зарим нэгийг хөрөнгө оруулагч тал хүлээж авна гэдгээ илэрхийлсэн.

Хэрэв Засгийн газраас алдаагүй юм бол үүсэж буй өрийг Засгийн газар төлөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн хэлэлцээр бас явж байгаа.

Бизнесийн зарчмаар олон хөрөнгө оруулагч талууд байгаа учраас тэнд ч хэлэлцэж байгаа зүйлс бий. Хөрөнгө оруулагч талын удирдах бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Удирдах бүрэлдэхүүн энэ хэлэлцээрт амжиллттай болох чиглэлд хамтран ажиллаж байгаа.

УИХ-ын даргад би саналаа тавьсан. Чуулган эхлээд танхимаар хуралдах боломж бүрдсэн энэ үед Оюутолгойн өмнөх хэлэлцээр дээр юу болсон, Монгол Улсын Засгийн газар ямар тактик барьж ирснийг нээлттэй ярьж бас болохгүй. Тиймээс УИХ дээр хаалттай байдлаар мэдээлэл хийхэд бэлэн. Засгийн газар шийдвэрлэх ч 2-3 зарчмын шийдэл дээр аль талд шийдэх нь зүйтэй вэ гэдэг дээр УИХ-аас санал сонсох нь зөв гэх зарчмыг Ерөнхий сайдын хувьд барина” гэлээ.

С.Ганбаатар: Таван жилийн үр дүнд Монгол Улсын хүн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон
С.Ганбаатар: Таван жилийн үр дүнд Монгол Улсын хүн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.