Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Багш нарын суурь цалинг нэмнэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 58 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Ковидын үед боловсролын салбарынхан эрүүл мэндийн салбарынхнаас дутхааргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Олон багш нар халдвар авч байна. Ирэх жил боловсролын салбарынхны хүрээнд нийгмийн асуудлыг нь ямар шинэчлэлт хийх гэж байгаа вэ?

Тариаланчид ургац хураалтаа сайн хураасан байна. Экспортлох зорилготой байгаа юм байна. Энэ талаар ХХААХҮЯ-наас хэрхэн анхаарч ажиилаж байгаа вэ? Хавар махны экспортоо хэрхэн хийх вэ" гэж асуулаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2022 оны улсын төсвийн гол шинэчлэлийн нэг нь боловсролын салбарын шинэчлэл юм. Өнгөрсөн хугацаанд боловсролын хүртээмжид их анхаарсан байна. Хамгийн гол асуудал бол боловсролын чанарын асуудал. Нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардлын аргачлалыг өөрчилнө. Багшийн ажлын гүйцэтгэлтэй уялдуулсан цалин урамшуулал, нийгмийн баталгааны тогтолцоонд шилжүүлэх ёстой юм байна.

Багш нар 14 нэр төрлийн цалингийн нэмэгдэл авдаг юм билээ. Суурь цалинг өсгөснөөр дараа дараагийн нэмэгдэл урамшуулал руу орох хэрэгтэй. Тиймээс нэгдүгээрт суурь цалинг нэмнэ. Мөн интернет, техник хэрэгсэл зэрэг хичээл практикийн зардалд багш нар жилд 200-300 мянган төгрөгийг зарцуулдаг. Тиймээс энэ зардлуудыг багасгавал орлого нь нэмэгдэх боломжтой.

Цаашдаа хүүхдийн сурлагад ахиц гарсан бол багш нарын цалин урамшууллын нэмдэг тогтолцоонд орно" гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Ургац хураалтаас харьцангуй өөдрөг үр дүн гарах хүлээлттэй байгаа. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээлээс илүүдсэн нөөц бий болох төлөв харагдаж байгаа. БНХАУ руу гурил экспортлох талаар ажиллаж байгаа. Махны экспортын хувьд асуудал хүнд байгаа. Энэ бол шууд ковидтой холбоотой. БНХАУ махны экспортыг наймдугаар сард зогсоосон. Энэ асуудлыг сэргээхээр бид хоёр удаагийн цахим уулзалт зохион байгуулсан. Энэ нь импортлогч орноос бүрэн хамаарсан байдалтай байгаа" гэж хариуллаа.

С.Батболд: Дундаж давхаргыг дэмжихэд ямар бодлого баримтлах вэ
С.Батболд: Дундаж давхаргыг дэмжихэд ямар бодлого баримтлах вэ
 
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
С.Бямбацогт: Баруун бүс Шинжаан руу эдийн засгийн гүүр тавина
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.