Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Худалдаа эрхлэгчид бараа худалдан авахад НӨАТ-ын 10 хувиа хасуулахыг санал болгож, татвараас зайлсхийх үйлдэл гарсаар байна

Ангилал
Нийгэм Ярилцлага Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 34 секунд

НӨАТ-ын хуулийн хэрэгжилт худалдааны салбарт хэрэгжихгүй байгааг хэн хүнгүй мэднэ. ААН-үүд хямдарсан бараа нэрийдлээр НӨАТ олгохгүй, мөн 10 хувиа хасуулж НӨАТ-гүй авах саналыг тавьж татвараас зайлсхийх явдал гарсаар байна.

Тэгвэл бид НӨАТ-ын баримт олголт бодит байдал дээр ямар байгааг сурвалжилахаар ТБД андууд, болон 3,4 дүгээр хороолол орчмын арав гаруй дэлгүүрээр явахад НӨАТ -ын баримт олгож байгаа бараааны лангуу ховор байсан юм. "Манайх НӨАТ олгодоггүй эсвэл НӨАТ-аа авах уу, хасуулаад авах уу" гэх саналыг тавьж тохиролцоонд хүрч байсан юм. Нэг ёсондоо энэ нь хууль зөрчиж буй явдал.

Гэтэл иргэд ч үүнийг нь дэмжин тухайн байгууллагыг татвараа нуун дарагдуулахад туслалцаа болж байлаа.

НӨАТ баримт олгохгүй байгаа жишээ

Манай сурвалжлагч дээрх оймсыг "Americ outlet" дэлгүүрээс авахын өмнө 3300 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Харин худалдан авах хэсэг дээр очиж НӨАТ-ын баримтаа нэхэлгүй тохиролцоонд хүрэхэд 3000 төгрөг болж байсан юм. Энэ мэт олон дэлгүүр худалдааны төвүүд хямдарсан бараа нэрийдлээр баримт олгохгүй байлаа. Тэр ч бүү хэл 3, 4 дүгээр хороололд байрлах 1000,10000 нэрийн барааны дэлгүүрт байрлах худалдаа эрхлэгчдийн ихэнх нь НӨАТ-ын баримт олгодоггүй байв.

Тиймээс дэлгүүрүүд НӨАТ-ын баримт олгож байна уу, олгохгүй байна уу. Эсвэл тохиролцоонд хүрч татвараа нуун дарагдуулж байна уу хэмээн дээр дурдсан газраас худалдан авалт хийж байгаа иргэдтэй уулзаж ярилцлаа.

Иргэн Ц.С "3,4 дүгээр хороололд байрлах "bozollo" дэлгүүрээс худалдан авалт хийсэн хэдий ч НӨАТ-ын баримт авалгүй гарч иржээ. Тэрбээр, "НӨАТ-ын баримтаа нэхэхгүй л бол өгдөггүй шүү дээ. Бараа, бэлэн хувцасны дэлгүүрүүд НӨАТ олгодоггүй. Эсвэл 10 хувиа хасуулаад ав гэж бараг тулгадаг. Би сая 10 хувиа хасуулаад л НӨАТ авалгүй гарч ирлээ" гэсэн юм.

Мөн өөр бусад иргэдээс асууж тодруулахад, "НӨАТ олгодоггүй олон газар байдаг. Тэр ч бүү хэл хотын захын хүнсний дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнэ ханшаа нааж тавьдаггүй. Яг бичүүлэх гээд очиход өндөр үнэ хэлдэг, үзүүлэн төдий баримт хэвлэх техник тоног төхөөрөмжийг байрлуулсан байдаг" гэсэн нийтлэг хариултыг өгсөн билээ.

Харин бид НӨАТ-ын баримт олгодоггүй эл асуудал дээр ямар хяналт шалгалт хийж зохион байгуулалттай ажилдаг талаар мэргэжлийн байгууллагын байр суурийг сонслоо.

Татварын Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Өнөрөөс дараах асуултад хариулт авлаа.

-ААН, худалдаа эрхлэгчид 10 хувиа хасуулж НӨАТ-ын баримт өгөхгүй тохиолдол гарч байна. Татварын Ерөнхий Газраас ямар хараа хяналт тавьж ажиллаж байна вэ?

-НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 10 хувиа хасуудаад авах уу гэж асуух нь хууль бус үйлдэл юм. ААН-үүд бүх зардал, ашгаа тооцож НӨАТ төлөгч болсон л бол иргэддээ баримт заавал өгөх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар тохиролцож байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангахын тулд дүүрэг болон, манай хэлтсүүд байнга ажиллаж байна. Харин НӨАТ-ын баримтыг өгч байна уу, үгүй юу гэдэг дээр дан ганц манай байгууллага ажиллаад зогсохгүй иргэд ч хяналт тавих хэрэгтэй байна. Худалдагч тохиролцох санал тавьж байвал хууль зөрчиж байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ тохиролцох, баримтаа араас чинь явуулна гэж хэлэх, өгсөн баримт нь бүртгэгдэхгүй бол 18001288 руу гомдол гаргах боломжтой.

-Татвараас зайлсхийж НӨАТ-аа өгөөгүй, мөн тохиролцсон ААН, хувь хүнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Энэ хэрэг зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг. Байгууллага, ААН-үүд ийм зөрчил гаргасан бол нэг сая 500 мянган төгрөгөөр торгуулах, хувь хүн 150 мянган төгрөгөөр торгуулдаг.

-Хямдарсан бараанд НӨАТ-ын баримт олгох уу. Ихэнх газрууд хямдарсан бараанд олгодоггүй гэж байна?

-Хуулийн дагуу хаанааас юу ч худалдан авсан төлбөрийн баримтыг заавал авах ёстой. Хямдарсан бараанд НӨАТ-ын баримт өгөхгүй гэсэн ойлголт байхгүй гэсэн хариултыг өгсөн юм.

Ингээд татвараа нуун дарагдуулдаг, тохиролцдог, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бичдэггүй байгууллагуудад ямар арга хэмжээ авдаг талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр, "Хэн нь татвар төлөөд хэн нь төлдөггүй юм бэ. НӨАТ-ын татвар төлдөггүй байгууллагуудыг мөнгө завшиж байна аа гэж үздэг. Энэ нь өөрөө салбарын зах зээл дахь өрсөлдөөнд шууд нөлөөлдөг. Ер нь нэг талдаа НӨАТ-ын 10 хувийг хасаад худалдвал ашигтай, худалдан авагчид ч гэсэн хасуулаад авбал илүү хямд тусна гэсэн бодол байгаа учраас ийм харилцаа яваад байна. Үүнийг болиулахын тулд нэгдүгээрт сугалаагаа болих хэрэгтэй.

Хоёрдугаарт, буцаан олголтын хувийг нэмэх хэрэгтэй. Татвараас ирсэн мэдээллээр НӨАТ төлөлт 87 хувиас дээш байсан. Сангийн сайдын тайлбараар 67 хувьтай байна. Манай ШӨХТГ-аас НӨАТ-аа өгч байна уу, үгүй байна уу гэдэгт шалгалт хийхгүй. Хуулиар олгогдсон чиг үүргээр бол татварын байгууллага ажлаа хийх ёстой. Харин бараа бүтээгдэхүүний үнээ тавьдаггүй дэлгүүрт Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн 7-р зүйл дээр тухайн бараа бүтээгдэхүүний үнийг тавих ёстой гэсэн шаардлага тавина. Нөгөө талдаа лангуун дээр нэг үнэ кассан дээр өөр нэг үнэ хэлбэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8,9 гэсэн заалтаар хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг хүч хэрэглэх замаар худалдаалах хориотой гэж заасан. Хэрвээ хууль зөрчвөл 9-20 сая төгрөгийн торгуультай" гэв.

Бодит байдал дээр НӨАТ-ын албан татвар бүртгүүлэх ААН-үдийн тоо нэмэгдсэн гэж байгаа хэдий ч бодит байдал дээр хядрал нэрийн доор татвараа нуун дарагдуулдаг явдал гаарсаар байгаа нь энэ юм. Нэг талаас лангуу түрээслэгчид татвар төлөх, НӨАТ олгох гэрээг худалдаа эрхлэгчидтэй хийх хэрэгтэй гэдгийг албаны хүн хэлж байгаа юм.

ЭХЭМҮТ-ийн эмч А.Ундрахад хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзжээ
ЭХЭМҮТ-ийн эмч А.Ундрахад хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзжээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.