Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна

Ангилал
Спорт Ярилцлага
Огноо
Унших
11 минут 39 секунд

NBA-ийн шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ улирлын өнгө төрх болон аваргын төлөө өрсөлдөх магадлал өндөр байгаа багуудын талаар сагсан бөмбөг тайлбарлагч, аналист Б.Төмөртэй ярилцлаа.

-NBA-ийн шинэ улирал эхэллээ. Нээлтийн тоглолтод аваргууд Нетстэй тулан хожил байгууллаа. Энэ тоглолтоос ярилцлагаа эхэлье.

-Брүүклин Милуакигийн тоглолтын хувьд аварга авсан Милуаки бүрэлдэхүүн дутуу байсан хэдий ч Нетсийг хожиж чадсан. Мэдээж эхний тоглолтоос том дүгнэлт хийх шаардлагагүй. Гэхдээ аваргаа хамгаалах магадлал өндөр байгаа. Жил бүр 5-6 баг аваргын төлөө өрсөлдөх хэмжээнд яригддаг. Эдгээр багуудын нэгт Милуаки Бакс зайлшгүй байх ёстой. Өнөөдрийн тоглолтоос харахад хамгийн анхаарал татсан зүйл бол Яннисын шидэлтийн техник маш сайжирсан харагдаж байна. MVP болсон тамирчныг тааруу байж байгаад гэнэт сайжирсан гэдэг утга биш. Жижиг засах зүйлсүүдэд дасгалжуулагч болон трэйнэрүүд сайн ажилласан байна. Бөмбөг гараас нь хурдан гардаг болсон байна. Мэргэжлийн сагсчдын ярьж буйгаар өмнөх жилүүдэд тохой нь гадагшаа их задарч шиддэг байсан бол илүү хумьсан байдалтай шиддэг болсон байна.

Брүүклиний бүрэлдэхүүний хувьд бусад багуудаас илүү харагдаж байна. Кайригийн асуудал багийн сэтгэл зүй, дотоод уур амьсгалд нөлөөлсөн байж магадгүй. Кевин Дурант яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг эсвэл хоёрт орох тамирчин. Учир нь өнгөрсөн жил аварга аваад финалын үнэ цэнтэй тоглогч болсон Яннис хамгийн шилдэг нь гэж хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Түүний араас Дурант номер хоёр гэдэг нь ойлгомжтой байна. Жэймс Харден оноо авах чадвараараа шилдгүүдийн нэг гэдэг нь харагдаж байна. Товчхондоо Брүүклин Нетс, Милуаки Бакс багууд бол бүсийнхээ хамгийн шилдэг хоёр баг гэж бодож байна.

in final jersey sales data, Nets 'Big Three' all in Top 10; Team ranks No.  2 - NetsDaily

-Кайригийн асуудал цэгцрээд, Нетс бүтэн багаараа тоглоод эхэлбэл энэ баг хамгийн шилдэг нь буюу ямар ч асуудалгүйгээр аварга авах баг байж чадах уу?

-Чадна. Миний NBA үзсэн 20 гаруй жилийн хугацаанд ийм ур чадвартай багийг би харж байгаагүй. Тамирчныхаа замналын оргил үед байгаа өндөр довтолгооны ур чадвартай гурван тоглогч нэг багт цуглаж байсан тохиолдол урьд өмнө байгаагүй. Тиймээс Брүүклин ямар ч бэртэл гэмтэлгүй, асуудалгүй бүгд талбайд гараад тогловол хэн ч зогсоож чадахгүй. 2010-аад оны үеийн Миами, 2000-аад оны Лэйкерс, 1990-ээд оны Буллс, 1980-аад оны Лэйкерс, Бостон зэрэг цагийг эзэлж явсан багууд ч ийм бүрэлдэхүүнтэй байгаагүй. Манай зарим үзэгчид супер одууд хэтэрхий нэг талдаа цуглаж байгаа нь муу зүйл гэж ярьдаг. Гэтэл тоглогчдын авьяас чадвар дээр тулгуурлаж лигийн маркетинг дэлхий даяар өсөж явдаг. Ийм зүйл үеийн үед л байсан. Супер багууд л энэ лигийг авч явдаг. Супер багуудын ялалт, амжилтын үр дүнд дэлхий даяар фенүүдээ цуглуулдаг. Нэгэнт л тоглогчид дээрээ тулгуурласан маркетинг хийдэг лиг учраас ил бус ч далдуур супер багуудын бүрдлийг дэмждэг.

-Та одоо бүрдээд буй Нетсийн бүрэлдэхүүнийг бусад цагийг эзэлсэн багуудтай зүйрлэхдээ 2016-2019 оны Уорриорсыг дурдсангүй. Товчоор асуухад Стеф, Клэй, Дурант гэсэн гурвал Кайри, Харден, Дурант гэсэн гурвалаас илүү юу?

-Бид Брүүклиныг оргилдоо хүртлээ хэрхэн тоглохыг харж амжаагүй байна. Уорриорсыг бол харсан. Тухайн үеийн Уорриорс хоёр жил дараалан аварга авсан. Брүүклин ямар нэгэн асуудалгүй тоглож чадвал гурав дараалан аварга авч чадна. Цаашлаад дөрөв, тав дараалан аварга авах чадамжтай. Гэхдээ энэ хугацаанд олон асуудал тохиолдоно. Ачаалал, бэртэл, гэмтэл болон сэлгээний тоглогчид гэх мэт. Орчин үеийн сагс довтолгоонд суурилсан сагс болсон учраас хамгаалалтын маш олон дүрмүүдийг сулруулаад л байгаа. Энэ спортын гол утга учир нь сагсанд л бөмбөгийг оруулах учраас тэнд олон удаа бөмбөг орохын хэрээр хүмүүст таашаалтай. Үүнд эмзэглэх шаардлагагүй.

-Энэ жилийн аваргын хэмжээний багуудад Брүүклин, Милуаки, Миами зэрэг Дорнод бүсийн багуудыг ихээр нэрлэж байна. Өрнөдөөс аварга болох хамгийн өндөр магадлалтай баг Лэйкерс мөн үү?

-Клипперсийг бид мартаж болохгүй. Өнгөрсөн жил Кавай гэмтээгүй бол би Клипперсийг аварга авна гэж харж байсан. Лэйкерс мэдээж яригдана. Насны дунджийг нь хараад хэтэрхий хөгшин байна гэсэн яриа бий. Гэхдээ 1998 онд Чикаго Буллс яг ийм багтайгаар аварга авсан. Тэгэхээр энэ түвшинд Лэйкерсийг аварга авахад гайхах зүйлгүй. Мөн дээрээс нь Леброн Жэймс энэ багт байгаа цагт энэ бол боломжгүй зүйл биш.

Өнөөдрийн тоглолтыг харахад Энтони Дэвисийг хоёр жилийн өмнөх шиг MVP-гийн хэмжээнд хүчтэй өрсөлдөх боломжтой юм байна гэж харлаа. Вэстбрүүктэй хэрхэн зохицож тоглох нь чухал. Леброн улирлын эхэнд багахан биеэ нөөж байгаад он гарсны дараа минутын ачаалал нь ихсэх байх. Лэйкерсийг аваргын хэмжээнд ярихад асуудалгүй. Юта Жаззыг мөн ярих хэрэгтэй. Денвэрийн хувьд Жамал Мьюррэйгийн бэртэл нэлээд хойш татах байх. ЛА хотын хоёр багийн контендэр хэмжээнд зайлшгүй байх хоёр баг гэж бодож байна.

May be an image of 2 people and text

-Лэйкерсийн хувьд Рассэл Вэстбрүүк асуултын тэмдэг хэвээр байх шиг байна. Улирлын өмнөх тоглолтуудад тааруу байсан нь улирлын нээлтийн тоглолт дээр ч мөн харагдлаа. Учраа олтлоо удах болов уу?

-Улирлын эхний 20 тоглолт дотор дүгнэлт хийгээд хэрэггүй гэж Америкийн том мэргэжилтнүүд ярьдаг. Гэхдээ нээлтийн тоглолт үзэж байхад Вэстрбрүүкийн хувьд багийн бүрэлдэхүүнд ямар үүрэгтэй тоглох нь тодорхойгүй байна. Явцдаа тодорхой болох байх. Вэстбрүүк бөмбөгтэй тоглох, бөмбөггүй тоглох, Рондо Вэстбрүүк хоёр цуг тоглох, эсэх зэрэг асуудлууд байна. Фрэнк Вогэл дасгалжуулагч учрыг нь олчих болов уу. Олон супер одуудтай тоглоод аварга аваад үзсэн шүү дээ. Багийн уур амьсгалын л асуудал байх. Вэстбрүүк өөрийнхөө замналд томоохон дүгнэлт хийх цаг ирсэн. Магадгүй хийчихсэн ч байж болох юм.

-Та Буллсын фанат. Энэ жилийн бухнууд хэр хол явна гэж бодож байна вэ?

-Би багтаа маш өндөр хүлээлттэй байгаа. Буллсын хувьд 1998 онд аварга авснаас хойш хоёр удаа аваргын төлөө дайралт хийж үзсэн. 2008 оны үе болон 2015 оны үеийг хэлж байгаа юм. Багийн удирдлагуудын түвшинд өөрчлөлт хийгээд энэ жилийн бүрэлдэхүүн довтолгооны тал дээр асуудалгүй харагдаж байна. Хамгаалалт бага зэрэг асуудалтай байж магадгүй. Буллсын фанатуудын хувьд хонгилын үзүүрт гэрэл харагдлаа. Энэ улиралд сэтгэл хөдөлгөсөн тоглолтууд үзэх боломжтойг улирлын өмнөх дөрвөн тоглолт хангалттай харууллаа. Зак Лавинь багт ирснээс хойш муу багийг чирээд явдаг гялалзах гээд чаддаггүй од нь юм шиг харагддаг байсан бол одоо хэд хэдэн туслах нэмэгдээд ирлээ. Энэ жил мэдээж бүсийн финалыг мөрөөдөж байна. Плэй-оффд найдвартай орно. Эхний 4-5 дугаар байранд орох чадамж бидэнд байна.

May be an image of 15 people

-Лонзо, Дерозэн зэрэг тоглогчид нэмэгдсэн. Ер нь Лавинь багийн лидер байж чадах уу?

-Гэрээгээ сунгах эсэхээс шалтгаална. Энэ улирлын дараа гэрээ хийхээр хүлээлттэй үлдсэн. Өөрөө хүсээд гэрээгээ сунгаад үлдвэл бүх нөхцөл байдал бүрдсэн. Учир нь Дерозэн удахгүй ахмад тоглогчдын тоонд орно. Вүчевич багийн лидер болоход арай бэлэн бус. Лонзо, Лавинь хоёрыг харьцуулбал Лавинь арай илүү нэр хүндтэй учраас түүнд бүрэн боломж байгаа.

-Та 20 гаруй жил Буллсыг дэмжсэн хүний хувьд Буллсын тоглогчдыг өөрийн хамгийн дуртай гурван тоглогчийг нэрлэ гэвэл хэн хэнийг нэрлэх вэ?

-Мэдээж хамгийн түрүүнд Жордан, дараа нь Рөүс, гуравт Пиппэн.

-NBA-тэй холбоотой асуултууд маань дуусаж байна. Өнгөрсөн зун Олимпын наадмыг тайлбарласан шүү дээ. Мэдээж уламжлал ёсоор АНУ аваргаа хамгаалсан. Олимпыг товчхон дүгнэвэл?

-Энэ удаагийн олимп Америкийн шигшээ багийн шилжилтийн үе ирснийг харуулсан. Эхний тоглолтондоо Францад хожигдоод эхэлсэн. Финал хүртэл явах хооронд Америкийн баг алдаагаа зассан. Жишээ нь Дурант таван алдаатай болоод тоглолтоос чөлөөлөгдөж байгаа нь шигшээ багийн түүхэнд гарч байгаагүй зүйл. Гэхдээ алдаагаа засаад аварга болж чадсан. Энэ жил хэдийгээр NBA-ийн аварга аваагүй ч Олимпын аварга болоод шилдэг тоглогч болно гэдэг нь Дурантын хувьд маш чухал зүйл болсон. Америкийн шигшээ баг дэлхийн шилдэг баг гэдгээ Токиогийн олимпоор батлан харуулж чадсан.

-“Төмөрөөгийн радио шоу”-гаа энэ жил үргэлжлүүлэх үү?

-Сүүлд олимпоор сагс тайлбарласнаас хойш дахиж сагс тайлбарлахгүй гэж шийдсэн. Яг одоо гэрийн бүлийн бизнестээ илүү анхаарч байгаа. Сагстай холбоотой тайлбар болон бусад зүйлс хийнэ гэж төдийлэн бодохгүй байна. Гэхдээ Ц.Азбаяр, П.Болортулга хоёр дүүгийнхээ хийж байгаа нэвтрүүлэгт тусалж, дэмжээд оролцоод явна. Өөрөөр сагстай холбоотой байна гэж бодохгүй байгаа. “Төмөрөөгийн радио шоу”-гаа бүр болих нь хаашаа юм. Өөрөө дуртай болохоор хааяа хийх л байх. Гэхдээ албан ёсоор үргэлжлүүлээд явна гэсэн бодолгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Амарбаясгалан

БИЧЛЭГ: МУГЖ, дуучин С.Жавхлан сэтгүүлчээс биед нь халдсандаа УУЧЛАЛ ХҮСЛЭЭ
БИЧЛЭГ: МУГЖ, дуучин С.Жавхлан сэтгүүлчээс биед нь халдсандаа УУЧЛАЛ ХҮСЛЭЭ
 
Б.Энхбаяр: Би БЗД-т буюу тойрогтоо нэр дэвших хүсэлтээ өгсөн байгаа
Б.Энхбаяр: Би БЗД-т буюу тойрогтоо нэр дэвших хүсэлтээ өгсөн байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.