Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан намын “хурцын тасгийнхан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 58 секунд

Хот айл нэг ч тэнэггүй бол уйтгартай, хоёр бол ихэддэг гэж манай ард түмний хэлц үг бий. Тэнэг гэж үгийг ухаан муутай, явцуу бодолтой гэж Я.Цэвэлийн толинд тайлбарласан байх аж. А гэхээр Я гэдэг, тэмээ гэхээр ямаа гэдэг ийм “хүнд гарууд” АН-д олон. Тэдний тухай янз бүрийн онигоо, явган яриа ч их.

Тэр жил фортуун нэрээр алдаршсан нэгэн сайд байлаа. “Хүн гарын таван хуруутай учраас УИХ-ын бүрэн эрхийг 5 жилээр тогтох, бөөгийн шашинд 99 тэнгэр байдаг учраас гишүүдийг тоо 99 болгох , 8-ын тоо нь баяжин дэвжихийн бэлгэдэл тул 888 төсөл хэрэгжүүлэх гэх мэт төрийн ажлыг судалгаа, логик дээр биш сүсэг бишрэл, дур зорог дээр тулгуурлаж явуулдгаар алдартай. Өр гэдэг үгийг өглөг болгоод өөрчилбөл Монгол улс ямар ч бондын өр төлөхгүй гэж хууль хүртэл санаачилж байв.

Өөр нэг “хүнд гар” уул уурхайн сайд байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг үлдэн хөөх ажлыг эрчимтэй зохион байгуулж эцэстээ улсаараа хамраа газарт зоосон түүхтэй. Канадад болсон олон улсын хөрөнгө оруулагчдын хурал дээр тэднийгээ хамгийн их үргээж хөөсөн сайд маань “манайд хөрөнгө оруулаарай” гэж гуйлга гуйгаад явсан нь дэлхийд алдартай “Финаншл таймс” сэтгүүл дээр элэг доог болон нийтлэгдэж эрхэм сайдыг маань “Дийк хийт” гэж хүртэл зүхэн бичиж байлаа. “Хүнд гарууд” өөрсдийгөө шившиглээд зогсохгүй улс орноо гүн гүнзгий асуудалд хутгаж, өрийн овоолгод үлдээгээд явсан. Монголын улс төрийн тогтолцоонд хүнд гаруудыг өөхшүүлдэг сул тал бий.

Манай улс төрчид хэлээрээ ойлголцож чадахгүй болмогцоо хөлөөрөө дажиндаж эхэлдэг зуршилтай. Ийм үед юмыг бодож тунгаадаггүй, хараалаа урсгаад дайрдаг “хүнд гар”-ын эрэлт өсдөг. Эрүүл бус ийм үзэгдлийн дараа нэг мэдэхэд төрийн чухал албан тушаалууд тэр чигээрээ “хүнд гарууд”-аар дүүрчих нь олонтой.

Хүнд гаруудын талаар онигоо, явган яриа ч их. Фортуун сайдад нэгэн аж ахуй нэгжээс өргөдөл өгөөд хариу байхгүй алга болж гэнэ. Хариугаа авахаар хөөцөлдөж сайдын туслахтай холбогдтол “танай албан бичиг муу ёрын 6-гийн тоогоор төгссөн учраас сайд хариу өгөхөөс татгалзсан, 8 юм уу 9 болгоод засаад аваад ир” гэжээ.

“Хүнд гар” нэг өдөр өрөөндөө туслахаа дуудаад “чи чинь гайгүй англи хэлтэй биз дээ, эдийн засгийн алуурчин гэхийг юу гэж хэлэх вэ” гэтэл гайхсан туслах нь “экономик киллер л гэх байх даа” гэж хариулж гэнэ. Хэдэн өдрийн дараа яаман дээр нь Олон Улсын валютын сан, дэлхийн банкны төлөөлөгчид албан уулзалтаар иртэл сайд нь тэдэнтэй “Ваатс аап экономик киллерс” гэж мэндчилж олны нүдийг орой дээр нь гаргасан гэдэг.

НҮБ-ын хуралд суухаар явсан “хүнд гар” таван одтой зочид буудалд гал тахих ёслол үйлдэж хамаг дохиоллыг нь ажиллуулж, хамгаалалт аюулгүй байдлын ажилтнуудыг нь баахан сандаргажээ. “Энэ буудалд гал гаргах хориотой” гэж тайлбарласанд уурласан хүнд гар буудлаасаа гарч Нью-Иоркын төв парк дээр галаа үргэлжлүүлэн тахисан ч гэдэг. Сонсоход инээдтэй ч сүүлдээ ханиадам болж дуусдаг ийм “хүнд гарууд” АН-д ихэдчихээд байгаа л даа.

Ойрмогхон АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гишүүдээ нэг нэгээр нь хөөж бараг бүлэггүй болох дээрээ тулав аа. УИХ-дахь намын бүлгийн гишүүнийг хөөдөг эрх мэдэл хуулиараа түүнд байхгүй. Харин бүлгийн даргаа сольж, чөлөөлөх нь бүлгийн гишүүдийн эрхийн асуудал. Тэд дотооддоо хурлаа хийгээд олонхийн саналаар бүлгийн даргаа өөрчлөх шийдвэр гаргасан бололтой байгаа юм. Гэтэл мань эр тийм юм байхгүй гэж тас гэдийж албан бланк дээрээ тэрийг энийг хөө гэдэг тушаал, тогтоол урсгаж гарав. УИХ-д 11 суудалтай сөрөг хүчин 62 суудалтай эрх баригчдаас 3 сайдын суудал хүссэн гэдэг яриа ч гарлаа. Үнэхээр тэгж гуйсан гэдгээ мань эр ч хүлээн зөвшөөрөв. Үлгэн салган бүлэгтэй яваа ийм сөрөг хүчин эрх баригчидтай хамтарсан Засгийн газар байгуулна гэдэг сэрүүн зүүд. Ийм тэнэглэл парламентын түүхэнд болж байгаагүй, болох ч үгүй. Гэтэл ийм тэнэглэлээ зөвтгөж, болно бүтнэ гэж харах ухаан байгаа нь агуугаас агуу тэнэглэл билээ.

Нэгэнт гишүүдтэйгээ хэлээрээ ойлголцохоо больсон бүлгийн дарга хөлөөрөө жийлцэхээр шийджээ. Түүнд одоо юм боддоггүй, шулуухан мөргөдөг дөргүй бух хэрэгтэй. Яг ийм бух нь бэлэн байж таарав. Хэнийг ч “бацаан минь” гээд дуудчихдаг халхын сайхан гүндүүгүй эр Д.Мөнх-Эрдэнийг тэрбээр бүлгийн зөвлөхөөр ажилд авлаа. Хотын захиргаа, яам хавиар Загдаа стилээр “лайвдаж” дэлбэлж явсаар мань эр одоо төрийн ордонд “лайвдах” эрхээ олж авлаа. Гишүүдээ айлгаж ичээж, жураманд нь оруулах ажилд түүнээс өөр тохирох хүн үгүй. Тун удахгүй бид АН-ын хэдэн гишүүдийг тэнэг бацаанаар дуудуулах шинэ реалити шоу үзэж мэднэ. Ингэж тэднийгээ номхруулаад дуусвал удахгүй МАН-ын гишүүдийн өрөөгөөр тойрох нь ойлгомжтой.

Бүлгийн зөвлөх гэдэг ялагдсан намд төр талаасаа өндөр албан тушаал. Зүйрлэвэл сайд хавьцаа л гэсэн үг. Хэрвээ цаг эргэж АН хэзээ нэг өдөр ялалт байгууллаа гэхэд албан тушаалын тэргүүн фронтод түрүүлж алхана. Товчхондоо АН-ынханд хэлээ ололцох хүсэл сонирхол, тэвчээр хүлцэл аль аль нь устаж алга болжээ. Дараагийн “хүнд гарууд” уралдаанд хүч түрэн орж ирлээ. АН-ын тэнэглэллийг хөхүүлэн дэмжиж Д.Ганбатыг бүлгийн даргаар нь хэвээр үлдээж АН-ыг салбархай амбаар ч үлдээлгүй дэлбэлэх хорон улс төрийг одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар зохион байгуулж байгаа гэж АН-ын гишүүд хэлж ярих болов. Хууль дүрэм, ардчиллын зарчмаа хүндлээд улс төрийг зүй бус тэнэглэл рүү оруулчихгүйн тулд Д.Ганбатыг сөрөг хүчний бүлгээс холдуулах нь МАН-д алсдаа хамаатай асуудал. Учир нь тэнэглэл хурдан халдварладаг. Ийм үсэрхийлэл МАН-д газар авбал ужиг өвчнөө яая гэж байгаа Монголын улс төр бүрэн утгаараа тэнэглэлд эзлэгдэж дуусна. Тоглоом тоотой нь дээр байдаг даа.

Барилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн ШОК үүсэхэд бэлэн байна
Барилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн ШОК үүсэхэд бэлэн байна
 
Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.