Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“10 их наядын хөтөлбөр шууд болон шууд бус замаар өрхийн орлогыг маш сайн дэмжинэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 54 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 6.7 гэж тооцоод байна. Хэрэглээний үнэ ирэх жил нэмэгдэх юм биш үү?

Замын-Үүд хаагдсантай холбогдуулаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага байх шиг байна. Цаашдаа хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 6.7 байна гэдэг нь хэр баримжаатай тооцоолол вэ? Одоо 9.6 байгаа түвшин буухгүй байх. Хэрэглээний үнийн өсөлт ийм өндөр байгаа үед иргэдийн худалдан авах чадварыг дэмжих, өрхийн орлогыг дэмжих ямар бодлого 2022 онд баримтлах вэ? Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, өрхийн амжиргааг дэмжих чиглэлийн асуудлыг ярихаас өөр аргагүй байна" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Хэрэглээний үнийн индекс Төв банкны бодлогоор явдаг. Монгол банкны харж буйгаар ирэх оны эцэс гэхэд инфляцын түвшин 6.7 байх нь. Үүнрүүгээ бодлогоо чиглүүлнэ гэж харжээ. Үүнийг бид дэмжиж төсвийн хүрээний мэдэгдэлдээ оруулсан.

Өрхийн орлогын хувьд хэдийгээр бид халамжаас хөдөлмөрт шилжих томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа хэдий ч энэ дунд ковидын эдийн засгийн үе гэдэг завсар гарч байгаа. Энэ хугацаанд өрхийн орлогыг хангах талаар маш олон бодлогуудыг амжилттай хэрэгжүүлж байна гэж харж байгаа. Ялангуяа хүүхдийн мөнгөний хувьд 1.4 их наяд төгрөг гэдэг бол халамжийн чиглэлийн маш том зардал. Энэ нь ковидын хүнд үед халамж гэхээс илүү өрхийн түвшинд орлогыг дэмжиж байгаа маш том эдийн засгийн тусламж болж байгаа. Энэ нь 2022 онд үргэлжилнэ. Мөн өрхийн орлогыг төсвийн хөрөнгө оруулалтаар дамжин дэмжих бодлогын хүрээнд 10 их наядын хөтөлбөр шууд болон шууд бус замаар өрхийн орлогыг маш сайн дэмжинэ гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтын 2.6 их наяд төгрөгийн цаана маш олон компаниуд цалинтай, орлоготой байна" гэлээ.

Ж.Батбилэг: 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах талаар тушаал, шийдвэр албажаагүй байна
Ж.Батбилэг: 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах талаар тушаал, шийдвэр албажаагүй байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.