Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засаг, хөгжлийн сайдад “ДАВХАР ДЭЭЛ“ нөмөргөх ШААРДЛАГАТАЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 10 секунд

Засгийн газрын бүтэц ирэх оноос хоёр шинэ яамаар тэлэх гэж байна. Тодруулбал, 4.9 тэрбум төгрөгийн төсөвтэй Эдийн засаг, хөгжлийн яам, 1.9 тэрбум төгрөгийн өртөгтэй Цахим хөгжил, мэдээлэл технологийн яамыг байгуулна. Тэгвэл өнөөдөр Эдийн засаг, хөгжлийн яамны талаарх зарим зүйлс, үйл ажиллагаа болон сайдын сунгаанд ямар үйл явц өрнөх талаар зарим анализ дүгнэлтийг сийрүүлье. Шинэ яамны сураг гарсан даруйдаа сайд нарын бэсрэг сунгаа Ардын намынхан дунд ил далдаар өрнөөд удаж буй. Өнөөдрийг хүртэл зарим хурган дарга, Ардын намын даага шүдлэнгүүд Хөгжлийн сайд болохоор чармайж, хэвлэлээр элдэв нэр бичүүлээд буй бололтой.

Харамсалтай нь тийм зүйл болохгүй. Яагаад гэвэл Эдийн засаг, хөгжлийн яамны чиг үүрэг, үйл ажиллагааны цар хүрээ нь харьцангуй том. Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор хангана. Макро эдийн засгийн судалгаа төлөвлөлтийг хийнэ. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар дэд бүтцийн зохстой харилцааг тогтоох болон хөрөнгө оруулалт, худалдааны нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтыг хангах чиглэлд ажиллах юм.

Өөрөөр хэлбэл, бусад яамдаас гаргаж буй бодлого төлөвлөлт урт хугацааны хөгжлийн бодлогод нийцэхгүй бол Эдийн засаг, хөгжлийн сайд төсөл хөтөлбөр, хуулийн төсөл зэргийг нь “явуулахгүй”, уялдуулахыг шаардах эрхтэй. Салбар хоорондын бодлого төлөвлөлтийг зохицуулна гээд хуульд заачихсан учраас хүссэн хүсээгүй энэ яамны бодлоготой бусад яамд үйл ажиллагаа бодлогоо уялдуулна. Эдийн засаг, хөгжил талаасаа энэ чиглэлээр яам байгуулах нь зөв гэж улс төрчид болон судлаачид өнгөрсөн хугацаанд үзсээр ирсэн. Гэхдээ дангаараа төсөвтэй болж аваад Фортуун шиг данхайтал бүтэц байгуулаад суухыг бол хэн ч дэмжихгүй байгаа.

Тиймээс бараг Ерөнхий сайдын араас орох, хуучнаар бол сайд нарын зөвлөлийн орлогч, төлөвлөгөөний комиссын дарга шахуу энэ ранктай яамыг хэн удирдах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хоёр хувилбар л байгаа. Эхнийх нь “давхар дээлтэй” дөрвөн сайдынхаа нэгнийг нь сугалж шинэ яамныхаа сайдаар өөр нэг УИХ-ын гишүүнийг томилох. Эсвэл яригдаад байгаа шиг Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж, гишүүн сайдын тоог үлэмж нэмэгдүүлэн УИХ дотроос Хөгжлийн сайдаа тавих юм. Мэдээж эхний хувилбарыг явууллаа гэхэд нийгмийн шүүмжлэл дунд яваа Шадар сайдаас өөр сугалах хүн олдохгүй. Бусад гишүүд сайдаараа оролдвол өөрийгөө ч “тонгоруулах” цөвтэй. Гэхдээ энэ сугалах технологи бараг л бүтэхгүй. Бүтсэн ч Шадар сайдад гаднаас Н.Энхбаярыг оруулж ирэх тохироог Ардын намынхан нь дэмжихгүй. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөө л явуулахыг илүүд үзэх болов уу.

Гэхдээ аль ч тохиолдолд УИХ-ын гишүүн хүн Эдийн засаг, хөгжлийн бодлогын сайд болох нь хөдөлшгүй үнэн. Хэрвээ гаднаас нэг сайд авчираад тавьчихвал Сангийн яам, Хууль зүйн яамнаас эхлээд үгэнд орохгүй, “давхар дээл”-нийхээ ранкыг мэдэрчихсэн сайд нар сул сайдтай бодлогоо уялдуулахгүй. Баздаг хүн тавьж хазаарлахгүй бол одоогийн С.Энхболд, Л.Халтар тэргүүтэн шиг сул хүмүүсийг энэ яамд томилбол цаг хугацаа, мөнгө төгрөгийн гарз болно.

УИХ-ын гишүүдээс энэ яамны сайдаар тавихдаа бас дурны хонгио бүрийг тавих боломжгүй. Дурны хонгионууд бол Ардын намаар л дүүрэн байна. Макро эдийн засаг, салбар хоорондын хөгжлийн бодлого яригдах учраас заавал эдийн засагч, УИХ-д багадаа хоёроос дээш удаа сонгогдсон гишүүний нэр яригдах учиртай.

Ийм гишүүдийн тоо Ардын нам дотор яг үнэндээ хуруу дарам л байна. Хөгжлийн сайдад томилогдох магадлалтай эрхмүүдийг цувааг Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, нар эхлүүлэх бол араас нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд ч яригдах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ хэдэн хүнээс Эдийн засаг, хөгжлийн сайд томилогдоно. Өөр хувилбар байхгүй л болов уу. Байлаа МАН-ын бүлгийн гишүүд нь дэмжихгүй. Ч.Хүрэлбаатар бол угаасаа энэ яамны төлөө амбицлах нь тодорхой. Харин УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан шударга таваасаа олигтой алба хашаагүй сүүлийн хүн. Түүнд Ерөнхий сайд эрх мэдэлтэй байх хугацаандаа ямар нэгэн байдлаар том боломж олгоно гэхдээ тэр нь аль сайд байх вэ гэдэг нь эргэлзээтэй. Экс хоёр Ерөнхий сайдын хувьд эдийн засаг голчтой хүмүүс. Фракцын тохироогоор Хөгжлийн сайдад нэр нь ороод ирэх боломжтой. Харин Ж.Ганбаатар гишүүн бол эдийн засаг талдаа сүүлийн үед аюулын амбиц дэлгэж яваа хүн билээ. Энэ бүх хүмүүсийн хажуугаар "Корилла" гишүүн ч Сангийн сайд болсон шиг ээ чимээгүйхэн тохироо хийчихээд маасайж суух мэдэх л хүн.

Г.Лхагвадорж

“Гоожингийн өндөр“-ийн байгууламжийг 2 иргэн, 15 жилийн хугацаатай эзэмшиж байна“
“Гоожингийн өндөр“-ийн байгууламжийг 2 иргэн, 15 жилийн хугацаатай эзэмшиж байна“
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.