Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МоАХ-ыг нам болгож, Монголын ногоон намыг өөрийн болгох Х.Баттулгын ТӨЛӨВЛӨГӨӨ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 54 секунд

С.Баяр нэгэн цагт “Спортод ороод аварга, бизнест ороод тэрбумтан, улс төрд ороод Ерөнхийлөгч” болчихдог сүйхээтэй эр гэж Х.Баттулгыг дүгнэж байсан. Х.Баттулга ч үүнийг нь нотлох мэт Ерөнхийлөгчөөс буусан даруйдаа “хуулийн гарт” очоосой гэж алгаа үрчиж суусан нөхдүүдэд МАН-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдож айхтар муухай “бэлэг” барив. Тараах гэж байсан өрсөлдөгч намынхаа “тооноор” нь ороод хойморт нь сууж чадах хүн энэ цагт Х.Баттулгаас өөр байхгүй. Магадгүй нөгөө талаасаа жаахан увайгүй ч юм шиг...

Тэгвэл түүний дараагийн улс төр нам байгуулж, 2024 оны сонгуульд оролцсноор үргэлжлэх бололтой. Нэгэнт С.Эрдэнийг хуулийн хэлээр дийлэхгүй тул ордонд байгаа АН-ынх нь бүтэн үлдсэн “сүүлчийн цайзыг” балгас болтол нь эвдрэлцүүлээд явах нь түүнд ашигтай. Тэгвэл Х.Баттулгын шинэ төлөвлөгөөний нэг хэсэг нь МоАХ, нөгөө хэсэг Монголын ногоон нам байх гэнэ.

МоАХ орон нутагт “хөлтэй”, бас маш их өмч хөрөнгөтэй

2000 оны эхээр өрнөсөн ардчиллын ороо бусгаа цагаар улс төрд орох чинхүү хүсэл, “шуналтай” Х.Баттулга анх МоАХ хэмээх төрөлхийн партизан, тэмцэгч нөхдүүдийг хажуудаа авсан байдаг. Сая Ерөнхийлөгчөөс буухаасаа өмнө МоАХ гэх ТББ-д Улсын баатар цол олгочихсон. Гишүүд, дэмжигч олонтой МоАХ-ыг шинэ нам болгох хувилбар бол туйлын зөв шийдэл. МоАХ-ыг нам болгох гэж буй нь товчхондоо хоёр үндсэн шалтгаантай. Нэгд, МоАХ бол тартагтаа тулсан АН-ын идэвхтэн гишүүдийн олонхыг бүрдүүлдэг хэсэг. Хэдийгээр МоАХ-аас гаралтай бодлогын удирдагч Ардчилсан намынхан дунд ховорхон ч, Х.Баттулгын төлөө эцсээ хүртэл тэмцэх зориг, зүрхтэй партизанууд дэндүү олон. Хоёрт, МоАХ нь 1990 оны ардчилсан хувьсгалыг хөдөлгөгч гол хүч байв. Нам байгуулахад гишүүдээс гадна өөр нэг ач холбогдолтой зүйл нь гадас зоох газар, ороод суух байшин. МоАХ-нд аймаг орон нутаг, сум дүүрэг бүрт шахуу байр сав, өмч хөрөнгө бий. Ардчилсан намыг бодоход л хотын төвд байртай.

Энэ давуу талуудыг олж харсан Х.Баттулгын хүмүүс өнгөрсөн намаржин орон нутаг, сум дүүргүүдээр тойрч МоАХ-ын гэх сэтэрхий зүү, сэмэрхий давууг ч үлдээлгүй тоолж, гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж авсан сурагтай.

“Монголын ногоон нам” пропорцианал сонгуулиар намын нэрийг жагсаалтын гуравт бичигдэнэ

Сонгуулиар “амилдаг”, намын нэрийн жагсаалтын гуравт бичигддэг О.Бум-Ялагч даргатай Монголын ногоон намыг Х.Баттулга овоо хараандаа авсан. Мөн эх сурвалжийн мэдээлснээр тэдний тохироо эцэслэгдсэн гэх албан бус мэдээлэл ч байна. МНН-ыг авах үйл явц бол удахгүй өрнөх гэж буй Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдаж буй чухал нүүдэл. Хэрвээ Үндсэн хуулиа өөрчилсөн тохиолдолд МАН-ынхан хүссэн ч, эс хүссэн ч сонгуулийн тогтолцоог дагуулж өөрчилнө. Өөрөөр хэлбэл, хүн биш нам дугуйлдаг пропорционал элементийг заавал шингээнэ гэсэн үг. Энэ тогтолцооны гол асуудал нь сонгогчдын олонх жагсаалтын тэргүүн эгнээний хэдээс сонголт хийчих гээд байдаг буруу хандлага юм. Жагсаалтад бичигдсэн 30 гаруй намын нэрийг нэг бүрчлэн унших “цэцэн” тун ховор хэмээн олон судалгаа өнгөрсөн хугацаанд өгүүлсэн байдаг.

Женко талынхан “худалдаж” авсан шинэ намаа МоАХ-той нэгтгэж нэрийг нь солиод явна гэх таамаг улс төрийн хүрээнхэн дунд яригдаж байна. Мэдээж Н.Алтанхуяг, С.Ганбаатар тэргүүтэй Ардчилсан намаас “хөөгдөгсөд” Женкогийн намыг түшнэ. Тэдний араас С.Эрдэнэд гомдогсод болон Г.Уянга, Херо Баатар, Асашёорюү тэргүүтэй үнэнч нөхөд нь шинэ намд нь элссэнээр нэгэн барьцгүй нам Монголын улс төрд мэндэлж мэдэх юм.

Мөн Монголын ногоон намыг “халаасалж” гуравдугаарт бичигдэх эрхийг нь өвөртөлснөөр Х.Баттулгад гарч ирэх өөр нэг давуу тал нь улстөрийн амын тухай хуулиар авах санхүүжилт. Энэ хууль хэрвээ батлагдвал төсвөөс санхүүжилт авах боломж нээгдэнэ. Тус нам Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтэй кандитатуудаараа ч, гуравт бичигдэх давуу эрхээрээ ч 2024 оны сонгуульд хөөрхөн хэдэн суудал зулгаахыг үгүйсгэхгүй. Ингээд УИХ-д сонгогдсон гишүүн бүрийнхээ тоогоор санхүүжилт авч эхэлнэ. Одоогоор хэдэн төгрөгийн урамшуулал олгох нь тодорхойгүй байгаа ч хараа хяналтгүй хандиваар санхүүждэг улс төрийн намын бугшсан тогтолцоог халахын тулд гишүүн бүрийг 100 сая төгрөгөөр үнэлж, намд нь төсвөөс санхүүжилт өгч болох юм гэдэг хувилбарыг саарал ордноор яригдсан. Хэрвээ иймэрхүү өнгө аясаар уг хууль батлагдаж, Х.Баттулга шинэ нам байгуулчихвал 2024 онд аюулын хэдэн гишүүнтэй, чамгүй хэдэн төгрөгийн санхүүжилттэй сууж байж мэдэх л юм.

Г.Лхагвадорж

Б.Дуулим: Ээжтэйгээ ярьдаггүй нууцаа аавтайгаа ярьдаг
Б.Дуулим: Ээжтэйгээ ярьдаггүй нууцаа аавтайгаа ярьдаг
 
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Угаарын хийн хордлогын 48,6 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.