Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ“, “ЧИНГИС ХААН“ банкнаас төр мөнгөө хэзээ авах вэ

Огноо
Унших
5 минут 48 секунд

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахал гэгчээр халхавч хийн “хөвсөж” байх зуурт “бараг” найдваргүй болсон хоёр банкинд төр 220 гаруй тэрбум төгрөгөө алдах эрсдэлд тулав. Энэ тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байна" гэх ноцтой мэдэгдлийг хийсэн.

Тодруулбал, Чингис хаан банкинд Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум, ЭМДС-гийн 30 тэрбум, харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 53 тэрбум, ЭМДС-гийн 24 тэрбум төгрөг байна. Тэр байтугай, "Эрдэнэт үйлдвэр" Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгөхдөө тулжээ.

Чингисхаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг нэг л өдөр “эрсдэлтэй” хэмээн зарлачихсан хэрэг биш. 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтээр тус хоёр банк эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байдаг. Гэтэл эрсдэлтэй хэмээн зарласнаас даруй гурван жилийн хугацаанд төр үнэндээ мөнгөө буцаан авах алхам хийсэнгүй. Аль эсвэл банкинд хүүгийн ашиг олох нэрийдлээр төрийн мөнгийг хадгалуулаад, өнөөх банк нь дампуурахдаа татвар төлөгчдийн бүрдүүлсэн хөрөнгийг хэдэн тэрбумаар нь “залгиж” орхидог жишгийг хүлээн зөвшөөрөөд байгаа хэрэг үү. Товчхондоо, дампуурсан “Капитал”-ын түүхийг давтах дараагийн залгамжлагч нь Чингисхаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк болох уу гэх асуудал.

“Би энэ банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй” хэмээн ширлэж зогссон төрийн түшээ нь “Капитал”-ын дампуурлаар төрийн данстай 340 тэрбум төгрөг салхинд хийсгэж байхад 2.6 жилийн ял аваад өнгөрөх хэмжээний хариуцлага яригдаж байгаа цагт арга ч үгүй биз. Үнэн хэрэгтээ, дампуурсан “Капитал” банкнаас төр мөнгөө авах арга сүвэгчилсээр хоёр жилийн нүүрийг үзэхдээ үнэлье гэсэн ч үнэлэгдэхгүй хэдэн оффис, тоосондоо дарагдсан тоног төхөөрөмж, сандал ширээнээс хэтрээгүй. Товчхондоо, Капиталын дампуурлын “хожлыг” Б.Ундармаа, хохийг нь татвар төлөгчид амсаж яваа.

Эргэн сануулахад, өнгөрөгч зургадугаар сард эрсдэлтэй хоёр банкны асуудлыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь С.Наранцогт "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр сөхөж сануулсан ч тухайн үедээ “моодонд” оролгүй дарагдсан. Цаг хугацаагаар нь хөөж үзвэл, 2020 оны наймдугаар сард аудитын дүгнэлтэд төлбөрийн чадвар буурсан хоёр банкинд ЭМДС, НДС-гийн хүүгийн орлого олох зорилгоор байршуулсан мөнгөн хөрөнгөд эрсдэл үүсч байгааг ерөнхий аудит нь танилцуулсан хэдий ч жил тойруу хугацаанд тоолгүй орхисоор өнөөдөртэй золгосон. Эцэстээ дампуурах эрсдэлтэй гэж ярьж ярьчихаад төр мөнгөө авч чадалгүй салбал түүний горыг ард түмэн, татвар төлөгчид л үүрнэ. “Залгисан” дарга нар нь улсын төсвийг хэдэн тэрбумаар нь хохироочихоод авсан ялаа ч бүрэн эдлэлгүй хугацаанаасаа өмнө суллагдаж байх жишээтэй.

Тус хоёр банк нь хоёулаа 2005 оноос хойш арилжааны банк, хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг. Тухайлбал, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны хувьцааг Асашёрюү Д.Дагвадорж түүний ах Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас гадна Б.Баярсайхан, Ч.Маралмаа, “UB DIVERSIFIED” LLC компани тус тус эзэмшдэг.

No description available.

Харин Чингис Хаан Банк ХХК-ийн хувьцааг Монгол Улсын Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар Энхбаатарын Ганзориг ажилладаг байна.

No description available.

Мөнгөө авахаар шүүхдэлцэж байгаа нь Эрдэнэт үйлдвэр л байна. Начир дээрээ эл асуудалд хамгийн гол анхаарал хандуулж, санаа зовинох ёстой ЭМДС, НДС-гийн Үндэсний зөвлөл, холбогдох салбарын сайдууд ч чих нь дүлий мэт суусаар. Нөгөөтэйгүүр асуудлаа цэгцлэх хугацаа өгсөөр байхад дорвитой алхам хийгээгүйнхээ төлөө Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар төрийн мөнгийг гаргаж өгөх ёстой.

Тэгвэл эдгээр эрсдэлтэй банкууддаа хэзээ анхаарлаа хандуулах гэж байна вэ. Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хамаарал бүхий банк учраас мэргэжлийн албад нь хандаж чадахгүй байгаа хэрэг үү. Аль эсвэл Чингисхаан банктай өөр ашиг сонирхлын зөрчил байгаад төр мөнгөө авч чадахгүй байна уу. Монголбанк ч, Сангийн яам нь ч тэр асуудалтай банкуудтайгаа хариуцлага ярьж, нээлттэй ил тод олон нийтэд мэдээллийг өгөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн мөнгөө авч чадахгүй байгаа асуудлыг ярих нь бүү хэл тоох хүн алга.

Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллана
Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллана
 
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.