Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын намын эдийн засгийн алуурчид

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 14 секунд

Нобелийн шагналт эдийн засагч Эрнандо Де Сото 2011 онд Монголд ирээд даатгалын зах зээлийг чөлөөлөхгүй бол хөрөнгө оруулалтын салбар чинь хөгжихгүй шүү гэж бидэнд анхааруулсан. Банк, хөрөнгийн бирж, даатгал гурав бол хөрөнгө оруулалтын тулгуур багана гэсэн онол ч бий. Манай улсын хөрөнгө оруулалтын 98 хувийг арилжааны банкууд эзэлдэг. Хөрөнгийн биржийн эзлэх хувь хэмжээ маш бага байгаа нь хөрөнгө оруулалтыг дэмждэг төрөлжсөн сангууд бий болоогүйтэй холбоотой гэж салбарынхан нь дүгнэдэг. Өндөр хөгжилтэй улсад даатгалын салбар 100% зах зээлийн зарчмаар ажилладаг. Даатгал нь иргэдийг олон төрлийн эрсдэлээс хамгаалахаас гадна хуримтлал, хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр чөлөөт эдийн засгийг хөдөлгөгч том хөшүүрэг болдог ажээ.

Жишээлбэл ХБНГУ-ын “Алианз групп” компанийг дурдаж болно. Тус компани 1890 онд байгуулагдсан, дэлхийн 70 гаруй оронд 100 сая орчим иргэнийг даатгасан. Даатгуулагч нь хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх зэргээр байнгын үр өгөөж хүртдэг, тус компаниас ахмад насны тэтгэвэр авдаг ахмадууд дэлхийн хамгийн баян өндөр настнууд юм. Тэд даатгалын өгөөжөөрөө дэлхийг тойрон аялдаг. Өдгөө тус компани дэлхийн шилдэг 20 брэнд, олон улсын итгэлийн индексийн номер нэг, 140 тэрбум еврогийн хөрөнгөнд менежмент хийж жилд 20 тэрбум еврогийн үр өгөөжийг даатгуулагчдаа хуваарилдаг аварга эзэнт гүрэн болжээ.

Манай Улс 2012 онд жолоочийн албан журмын даатгалын хуулийг баталсан. Тухайн үед даатгалын зах зээлийг үе шаттай либералчлах, даатгалын компаниудад баталгаатай эх үүсвэрийг бий болгох замаар энэ салбарын суурийг бүрдүүлэхээр бодлого боловсруулагчид хууль санаачилж батлуулсан.

Монгол Улсын даатгалын зах зээлийн 90 хувь нь төрийн мэдэлд байдаг. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын систем нь ямар ч үр ашиггүй, харин ч даатгуулагчаа хохироодог, шударга бус, улс төрчдийн популизмийн бай болж үндсэндээ дампуурсан гэхэд болно. Менежментийн хувьд ч авах юм байхгүй. Даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг капитрон банкинд туугаад алдсан бол өдгөө Чингис хаан банкнаас 100 тэрбум төгрөгөө авч чадахгүй байдалтай байна. Жирийн наймаачин, бизнесмэн бүү хэл дунд сургуулийн сурагч ч сонгож үйлчлүүлэхгүй жижиг сураггүй банкинд ард түмний хэдэн зуун тэрбум төгрөгийг байршуулах ухаан манай улс төрчдөөс л гарна. Төрийн менежмент зах зээлийн зарчимд биш улс төрчдийн ашиг сонирхолд л захирагддаг.

Гэтэл нийгмийн даатгалын энэ холион бантангаа цэгцлээчгүй байж Т.Аюурсайхан тэргүүтэй УИХ-ын 20 гишүүн жолоочийн албан журмын даатгалыг төрд авах хууль санаачиллаа.

Түүнийхээр бол Монголд хувийн даатгалын компани ашигтай ажиллаж болохгүй бололтой. Жолооч нарт өгөх нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх нэртэй уг хуулиар хариуцлагын даатгалын хөрөнгийг албан журмын даатгалын холбоо дээр төвлөрүүлэх юм байна. Жолооч нар нөхөн төлбөрөө авахад хэцүү, хүнд сурталтай, удаан, үнэлгээ бага байгаа гэдгийг эрхэм гишүүн мөн онцолжээ.

Бид нийгмийн даатгалдаа ямар их шимтгэл төлж, ямар гомдмоор нөхөн төлбөр, тэтгэвэр авдаг билээ дээ. Жолоочийн албан журмын даатгалд төрийн оролцоотой монополь тогтвол одоо гомдоллоод байгаа хохирлын үнэлгээ муудна гэхээс сайжрах нигургүй, нөхөн олговор багасна гэхээс өсөх учиргүй. Ерөнхийдөө нийгмийн даатгалын араас нохойн замаар орох нь тодорхой. Хоёр хоног гонжирдог компанийн чинь оронд хоёр сар новширдог соёмботой байшин гар ирнэ. “Шулж байна” гэж дайрч загнадаг даатгалын компаниудтай байсан бол “шийдээд өгөөч” гэж гуйж царай алддаг дарга нартай л болно.

Ухралт хийсэн хуулийг нэр бүхий гишүүд яагаад санаачлав гэдэг нь анхаарал татах сэдэв мөнөөс мөн. Манай төрийн гурван өндөрлөгийн ярьж байгаа зүйлээс тэс зөрүүтэй энэ хуулийг УИХ-дахь МАН-ын бүлгийн олонх дэмжихгүй байгаа гэх. Гэтэл нэр бүхий 20 гишүүн лоббигоо маш сайн хийсэн хууль бараг батлагдах нь ойлгомжтой болчихлоо гэж төрийн ордны тамхины цэг дээр ярих болов. Монополь болох гээд байгаа албан журмын даатгалын холбоо нь даатгуулагчдын сангийн 7 тэрбум төгрөгийг арилжааны нэг банкинд тавиад туусан гэх мэдээлэл ч бий. Ийм илт асуудалтай хуулийг маш хүчтэй лоббидож зүтгүүлж байгаа нь ардаа маш том эдийн засгийн ашиг сонирхлыг далдалж байна гэж хардахад хүргэж байгаа юм. Удахгүй УИХ нийгмийн даатгалын суурь хуулийг өөрчилж хувийн хэвшилд тодорхой хэсгийг нь нээхээр ажиллаж байгаа. Ингэснээр даатгалын зах зээл эдийн засгийг агуулгаараа ажиллаж өндөр үр ашигтай салбар болох боломжтой. Үүнээс урьтаж даатгалын компаниудад цохилт өгч байгаа нь санамсаргүй явдал биш шиг л харагдаад байгаа юм даа. Одоохондоо мэдэгдэхгүй ч таван алхмын дараа тоглолт нь ил болчихдог хорвоо л доо.

Г.Лхагвадорж

Өчигдөр 221 иргэн эрүүлжүүлэгдэж, 88 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ
Өчигдөр 221 иргэн эрүүлжүүлэгдэж, 88 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ
 
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ҮАГ-т ирүүллээ
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ҮАГ-т ирүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.