Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг: Эрх баригчид 2022 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 30 секунд

УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Засгийн газар 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг өргөн барилаа. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Цар тахал ямар хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсах нь тодорхойгүй байгаа үеийн төсөв хэмнэлттэй, орлогоо зөв төсөөлж, зардлаа танасан, төсвийн алдагдлыг 2 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон байх ёстой юм. УИХ-ын 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн Нэгдсэн чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэлд дунд хугацаанд төсвийн голлох үзүүлэлтүүдээ хуульчилсан боловч ердөө хоёрхон сарын дараа Төсвийн тогтвортой байдлын хуулиа өөрчиллөө.

Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.5.1-д заасан “улсын болон орон нутгийн төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах” чиг үүрэг болон Төсвийн тухай хуулийн 6.2.2, 6.4.1, 6.4.2, 6,4.8, 6.5.5 зэрэг зарчмуудтай өргөн барьсан төсөв зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн “хууль дээдлэх” зарчим алдагджээ гэж дүгнэж болохоор байна. 2022 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлжээ.

Уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон нь энэ оныхоос нэг их наядаар илүү байна. Хувь хүний орлогын татварын орлогыг энэ оныхоос 14.6 хувь, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 57.5 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 22.7 хувь, Гаалийн албан татварын орлогыг 15.7 хувиар гэх мэтээр бүх татварын орлогоо нэмэгдүүлсэн байна. Энэ нь Засгийн газар эдийн засгаа солонгоруулах биш уул уурхайн хараат байдлаа улам бүр нэмэгдүүлж, хөл хорионд туйлдсан аж ахуйн нэгж, иргэдээсээ авах татварын орлогыг эрс нэмэгдүүлж, дундаж давхаргад нэн халтай шийдвэр гаргаж байна.

Коксжих нүүрсний үнэ өмнөд хөршид 600 ам.доллар давсан ч төрийн өмчит компани 10 дахин хямдаар зарж байна. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрлээ. Энэ нь цар тахлаас бус харин Засгийн газар төмөр замаа тавьж, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэх асуудлаар хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж, зохион байгуулж чадаагүйн дээр авилгал гаарсантай холбон үзэж болно.

Хэрэв Засгийн газар экспортын бүс нутгаа “ковидгүй” байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх байв. Төсвийн зарлага дэндүү данхайж байна. Урсгал зардал энэ оныхоос 32.8 хувиар, хөрөнгийн зардал 34.4 хувиар өснө. Гэтэл манай улсын эдийн засагт ийм хэмжээний өсөлт алга, ДНБ ердөө 12-13 тэрбум ам.долларт эргэлдсэн хэвээр байна.

Төрийн үйлчилгээний чанар сайжирсангүй, “дижитал үндэстэн” гэж хийрхэх төдий. Иргэдийн амьдрал дээшилсэнгүй, нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 4 мянган ам.долларт уяастай арван жил өнгөрлөө. Төсвийн зардлыг сүүлийн жилүүдэд 3 дахин нэмсэн ч иргэдэд үйлчлэх геронтологийн болон түлэнхийн төв, хүүхдийн эмнэлгүүдээ босгох хөрөнгө царцаж, Хууль зүйн яам, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын Ерөнхий газар зэрэг хууль хүчний байгууллагууд, Нийслэлийн Тамгын газрын байр зэрэг дарга нарын тухлах олон орд харшууд гэрлийн хурдаар бослоо.

Нэг аймагт хоёр нисэх буудал, хоёр усан бассейн зэргээр халгиж буй төсөвт хэчнээн их бялуурхал байгааг дурдвал цаг хүрэхээргүй байна. Төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж инфляцыг хязгаарлахад чиглэх ёстой. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, энэ оных 3.7 их наяд төгрөгт хүрч, ирэх жил 2.4 их наяд төгрөг байхаар тооцжээ Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргалаа. Энэ нь цаашид үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавартай байна. Төсвийн хөрөнгийн оруулалтын хуваарилалт, байршуулалт жигд, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим бүр мөсөн алдагдлаа.

Үүнийг Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 2 сая 740 мянган төгрөг байхад Өмнөговь аймгийн хувьд 146.5 мянга, Завхан аймагт 72.2 мянган төгрөг байгаагаас харж болох юм. Хөрөнгө оруулалтын 1334 арга хэмжээний 80-90 хувь нь цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа нь аюулын дохио мөн. Иймээс хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж, ердөө 290-ыг нь царцаахад 575 тэрбум төгрөг хэмнэх боломж бий. “Улсын хэмжээнд” гэх ерөнхий нэршлээр 178 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 21, Төсвийн тухай хуулийн 29.3.5-д заасан шалгуурыг хангаагүй 192.7 тэрбум төгрөгийн 62, хөрөнгө оруулалтын бус шинжтэй, тухайн шатны төсөвт хамаарах төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй 49 тэрбум төгрөгийн 29 төсөл гэх мэтээр хууль зөрчсөн, үр ашиггүй хөрөнгө оруулалтын жагсаалт олон зуун тэрбум төгрөгт хүрлээ.

Нэг тэрбум ам.долларын өр үйлдвэрлэж эхэлсэн “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессыг нэн даруй хязгаарлах цаг болсон. Засгаа унагаахад хамгийн муугийн жишээ болсон 7 концессоо сэм сэмхэн шургуулсаар ирэх онд багтаан шингээхээр төлөвлөжээ. Энэ бүхэн дарга ангид үйлчилдэг, гишүүдийн сонгуулийг санхүүжүүлэх зорилготой тендерийн “цаддаггүй” армийг “угжих” санхүүжилт их наяд төгрөгөөр хэмжигдэж ирээдүйд өр болон үлдэж байна. Засгийн газар нь төсвөө батлуулахын тулд УИХ-ын гишүүдэд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр лоббидсон 4 тэрбум төгрөгийн авилгыг эрс эсэргүүцэж байна. Энэ хөрөнгөөр Монгол улсын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх цахилгаан станц шинээр барьж эрчим хүчний хараат байдлаасаа гарах ёстой. Жил бүр 140 сая ам.долларын эрчим хүчний зардал гадныханд өгөх биш харин экспортлогч орон болох боломж бий. Хөрөнгө оруулалтын бодлогоо эрс шинэчилж урсгал зардлыг нэмэхгүй, ажлын байрыг олноор бий болгодог үйлдвэрлэлийн салбарт нийт хөрөнгө оруулалтын 60 хувийг төлөвлөхийг уриалж байна. Та бүхэн “олон төсөвтэй байж болохгүй”, “гадаад өрийг нэмж болохгүй” гэж байнга шүүмжилж ирсэн. Өнөөдөр Монгол улсын төсөвтэй зэрэгцэн Монголбанк, Хөгжлийн банк, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс Сильвэр Ресурс гэх мэт төрийн өмчит компаниуд төсвийн шинж чанартай санхүүжүүжилтыг тоолбол бие даасан арав гаруй “төсөв”-тэй болжээ. “Төсвийн иж бүрэн байдлын зарчим” ийнхүү бүрэн алдагдлаа.

Өнөөгийн эрх баригч та бүхэн 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөгтэй тэнцэж байна. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ний 100 хувиас давах хэмжээнд хүрчээ. Ийнхүү Монгол улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигджээ. Өрийн асуудал Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсныг анхааруулъя. Засгийн газраас өргөн барьсан төсөв гоё ганган уриа лоозонгоор чимэгдсэн ч голлох үзүүлэлтүүд нь хямрал даллаж, гадаад өр нэмэхээр орж ирсэн нь төсвийн бодлогоо нэн даруй өөрчилж эрс шинэчлэл хийх шаардлагатай болсныг харуулж байна" гэлээ.

ЦЕГ: Чингис хаан музейн удирдлагуудыг шалгаж байна
ЦЕГ: Чингис хаан музейн удирдлагуудыг шалгаж байна
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.