Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОМИЛОЛТ: Хөвсгөл нуур он удаан жил шигдсэн нэгэн “хорт хавдар“-аасаа саллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
16 минут 1 секунд

Хөвсгөл нуурт тэртээ 33 жилийн өмнө живсэн хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Аялагчдын хөл хөдөлгөөн татрахыг хүлээсэн уг ажиллагаа аравдугаар сарын эхээр эхэлж, ийнхүү сэрүүн намрын өдрүүдэд хоромхон ч амс хийх завгүйгээр үргэлжлэн дуусч буй нь энэ.

Хөвсгөл нуур он удаа жил шигдсэн нэгэн “хорт хавдар”-аасаа саллаа

“Бор-500” маркын “Сүхбаатар” хөлөг онгоц тухайн үеийн ЗХУ-аас шатахуун, бусад бараа бүтээгдэхүүн болон зорчигчдыг тээвэрлэдэг байсан гэдэг. Манайдаа л Титаник байсан гэхэд хилсдэхгүй. Ингээд 1956 онд Хатгал тосгонд анх угсрагдаж усан замдаа гарч байсан хөлөг онгоц он удаан жилийн элэгдэл, гэмтлээс шалтгаалж, 1985 онд нуураас 15 орчим метрийн зайд живсэн байдаг. Живэхдээ дотроо байсан шатахуун, тос масло болон бусад зүйлсийн хамт живсэн нь өнөөдөр бидний цэнгэг усны эх ундарга болсон Хөвсгөл нуурын эко системд сөрөг нөлөө үзүүлсээр ирэв.

Эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар нууранд живсэн машин техник, хөлөг онгоц бол тухай нуурын “хорт хавдар”. Ялангуяа он удаа жил болсон техник хэрэгслийн зэв, будаг болон тос масло зэрэг нь нуурын гүнд шингэж орчныг бохирдуулахаас гадна загас жараахай нь дайжин зугтах нөхцлийг бүрдүүлдэг юм байна. “Сүхбаатар” хөлөг онгоцны хувьд живээд олон жил болсон. Тос масло зэрэг нуурыг бохирдуулах зүйлс нь сөрөг үр дагавар үүсгэсээр байгаа. Хөвсгөл нуур бол хойд мөсөн далай ай сав хэсэгт багтдаг, Азийн умарт хэсгийн хамгийн гүн цэнгэг нуур юм. Тодруулбал, Хөвсгөл аймаг Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96.6 хувийг бүрдүүлдэг. Товчхондоо бол бидэнд заяагдсан нандигнаж хайрлах ёстой “цэнхэр сувд” л гэсэн үг. Тиймээс нуурын ёроолд он удаан жил зэвэрч, эко системийг алдагдуулж буй уг хөлөг онгоцыг татан гаргах нь шинжлэх ухаан талаасаа туйлын ач холбогдолтой юм байна. Мөн энэ ажиллагааны дараагаар нуурт живсэн бусад машин техникүүдийн байршлыг тогтоож, татан гаргах ажиллагааг зохион байгуулахаар ярилцаж байгаа аж.

Түүхэн ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэлээ хэмээн алба хаагч бүр өөрсдөөрөө бахархаж байв

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажилд гар бие оролцож буй алба хаагчид түүхэн үйл ажиллагаанд оролцож, амжилттай гүйцэтгэж чадсандаа туйлын их баяртай байгаа нь ажиглагдаж байв. Арга ч үгүй биз. Өмнө нь ийм хэмжээний арга хэмжээг манай цэрэг арми, онцгой байдлын салбарынхан бие дааж хийсэн түүх үгүй. Нөгөө талаас өөрсдийн хүч, ур ухаан, арга техникээр хүлээсэн үүрэг даалгавраа амжилттай биелүүлнэ гэдэг бахдам амжилт. Биднийг сурвалжлахаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд очих үед өдөртөө хөрсөн дээр -14 хэм хүртэл хүйтэрч, Хөвсгөлийн цэнхэр нутагт аль хэдийнээ өвөл айлчилсан байв. Гэвч өвлийн хүйтэн, хөр цасны эхлэлтэй зэрэгцэж өглөөнөөс үдшийн бүрий болтол цуцалтгүй зүтгэсэн тангараг өргөсөн залуусын сэтгэлд ажиллагаагаа амжилттай дуусгахаас өөр зүйл бодогдоогүй байх. Мэдээж байгаль цаг уураас эхлээд хүндрэлтэй зүйлс олон тулгарч байсан талаар тэд өгүүлсэн. Он цагийн уртад лаг шаварт шигдэж, нуурын ёроолд шигдсэн онгоцыг татахад тросс тасрах, бүр татагдаж байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй байсан аж. Ингээд тасралтгүй үйл ажиллагаа явуулсны эцэст усны мандал дээр онгоцны орой хэсэг татагдан ил гарах мөчид хүүхэд шиг баярлаж, ажлаа амжилттай дуусгах эрч хүчээр өөрсдийгөө цэнэглэсэн талаараа Онцгой байдлын алба хаагчид хуучилсан юм.

Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4м, өндөр нь 5,7м, жин нь 309 тн. Нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Өөрийн жин нь л гэхэд 309 тонн. Үүн дээр лаг шавар, онгоц дотор хуримтлагдсан ус зэргийг нэмэхэд тамтаггүй хүнд жин үүснэ.

Хоёр байгууллагын хамтарсан сургууль гэж хэлж болох ажиллагааг амжилттай зохион байгуулж дууслаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар уг онгоцыг татан гаргах ажлыг Засгийн газрын түвшинд эхлүүлсэн. Ингэхдээ хэд хэдэн удаагийн шинжилгээ судалгааг ажил эхлэхээс өмнө хийсэн бөгөөд хөл хөдөлгөөн багатай энэ цаг үеийг нэн тохиромжтой гэж тогтжээ.

Татан гаргах ажиллагааг зэвсэгт хүчин болон онцгой байдлын алба хаагчид хамтарч гүйцэтгэсэн бөгөөд энэ хоёр байгууллага түүхийн хуудсанд бичигдэн үлдэх нэгэн чухал ажлыг хамтарч гүйцэтгэснээрээ дор бүрнээ алба хаагчдаараа бахархаж байв. Цэрэг техник талаасаа, мэргэжил арга зүй талаасаа ч өмнө нь ингэж хамтарч ажилласан тохиолдол ховор. Тиймээс хоёр байгууллага нэгнээсээ ихээхэн туршлага судалсан хэмээн алба хаагчид нь өгүүлж байв.

Уг ажиллагаанд ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Биднийг сурвалжилгаа бэлтгэх үйл явцад хөлөг онгоцыг эрэгт байрлуулах сүүлийн таталтаа алба хаагчид хийсэн юм. Энэ үеэр бидэнд ажиллагаанд оролцсон алба хаагчид болон ажиллагааг удирдсан эрхмүүдтэй уулзаж, ярилцах цөөн хормын боломж олдсон юм.

Хурандаа Ц.Ганхөлөг: Зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд амжилттай гар бие оролцож байна

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны орлогч. Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөгөөс ажиллагаатай холбоотой мэдээллийг авч, сэтгэгдлийг нь сонссон юм.

Тэрбээр “Монгол Улсын батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулагдсан ажлыг хэсэг наймдугаар сарын 15-наас эхлээд ажиллагаа гүйцэтгэх газраа судалгаа, шинжилгээний ажлыг хоёр удаа зохион байгуулсан. Энэ судалгаандаа үндэслээд ажиллагааг гүйцэтгэх аргачлал технологийн картыг боловсруулсан. Ингэхдээ дэлхийн жишигт нийцсэн болон Монгол Улсынхаа техник, технологид тохируулах замаар ажиллагааны картаа хоёр хувилбараар боловсрууллаа. Зэвсэгт хүчин, онцгой байдлын 123 алба хаагч, 50 гаруй нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. ЗХ-ний 186 дугаар ангиас танкийг чирэх зориулалттай техник гурав, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас таван хөрөвч гүүрийн пантон авч ирсэн. Мөн дээрээс нь ОБЕГ-ын техник хэрэгслүүдийг авч ирж ажиллагаанд ашиглалаа.

Зэвсэгт хүчин ойрын жилүүдэд улс орныг хөгжүүлэх, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтуудад оролцож байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги гэхэд Мэнгэтийн төмөр бетонон дам нуруутай гүүрний бүтээн байгуулалтад оролцсон. Тэрхийн голын төмөр бетон гүүрийн засварын ажилд энэ хөвөгч гүүрээ ашиглаж оролцож байсан. Өнөөдрийн хувьд хамтарсан сургууль гэж нэрлэж болох ажиллагааг амжилттай зохион байгуулаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ амжилттай дуусч байгаад баяртай байна. Энд ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн залуус маань ихээхэн зүтгэлтэй ажиллалаа.

Энэ ажил маань нуурынхаа экологийн тэнцвэртэй байдлыг хангах, бүс нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой ажил. Мөн ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан ажил байлаа. Энэ ажлын үндсийн үндэс нь ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын тооцоолол, батлан хамгаалах салбараас томилогдсон зөвлөх инженерүүдийн шийдэл, аргачлал болон энд ажилласан бүрэлдэхүүний багаар ажиллах чадварын хүчинд амжилттай гүйцэтгэлээ. Энэ ажлыг аялал жуулчлалын цаг хугацаа өнгөрсний дараагаар эхлүүлсэн. Энд цэргийн техник ашиглаж, татан гаргах үйл явцын үед аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй гэж гэдэг үндэслэлээр бүс тогтоож ард иргэдийг амь нас аюулгүй байдлыг хамгаалсан. Түүнээс энд ямар нэгэн нууц ажиллагаа явагдаагүй. Бүгд ил тод нээлттэй байсан гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Б.Идэр: Шавь нарынхаа ур ухаан, мэргэжлийн ур чадварыг бахдаж байна

Ажиллагаанд инженер техникийн зааварчилгаа өгч ажилласан, батлан хамгаалах салбарын төлөөлөл доктор, дэд профессор Б.Идэр.

"Манай эрдэмтэн судлаачид далайн гүнд олон удаагийн тооцоо судалгааг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд алба хаагчид маань 309 тонн жинтэй, дотроо бараг 1500 тонн куб метр ус агуулж байсан, лаг шавар нь гэхэд л 550 тонн хөлөг онгоцыг эрэг дээр амжилттай татан гаргаж чадлаа. Энэ бол шавь нарын маань эрдэм ухаан, мэргэжилдээ ур чадвар гаргаж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Амаргүй ажил байлаа. Гэхдээ монгол хүний ур ухааныг, тангараг өргөсөн залуусынхаа техник эзэмших ур чадвартай нь хослуулан ажиллаж чадлаа. Эхэн үедээ онгоц харагдахгүй нуурын гүнд байсан учраас татаж гаргахад ихээхэн хүндрэлтэй байлаа"

Б.Ганболд: Манай баг 214 шумбалтын даалгавар гүйцэтгэж, усан дор 31 мянга 834 минут буюу 530 цагийг өнгөрүүллээ

ОБЕГ-ын гамшиг шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, энэ ажиллагааны нарийн бичгийн дарга бөгөөд шумбалтын удирдагч хошууч Б.Ганболд

"Энэ ажиллагааг бид эрдэмтэн, инженерүүдийн нарийн тооцоо судалгаа дээр үндэслэн явууллаа. Энэ хөлөг онгоцыг анх байсан байрлалаас нь 150 гаруй метр татсан. Одоо дөрвөн метр гаруй татаж, эрэг дээр байршуулах ажиллагаа дуусна. Шумбалтын ажиллагаанд нэлээд хүндрэлүүд үүссэн. Гэвч шумбагчдын маань ур чадвар, техник технологийн хүчээр даваад гарлаа. Шумбалтын ажиллагаанд 16 шумбагч болон ХАБ, эрүүл мэнд, зааварлагч, шумбалтын удирдагч гэсэн нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр манай баг ажиллалаа. Нийт 214 шумбалтын даалгавар гүйцэтгэж, 31 мянга 834 минут буюу 530 цагийг даалгавар гүйцэтгэлээ. Мөн шумбалтын үеэр өмнө нь манай улсад хийгдэж байгаагүй хэд хэдэн ажиллагаануудыг хийж гүйцэтгэлээ. Нэгдүгээрт, усны гүнд инженерийн ажиллагаа буюу тасдах, холбох, тэлэх зэрэг ажиллагааг хийлээ. Мөн уул уурхайн хүнд техникийн дугуйг 12 метр гүнд байрлуулж, даралтын хоолойгоор хийлэх ажиллагааг зохион байгууллаа" гэв.

Мөн энэ үеэр усан дор дөнгөж даалгавраа гүйцэтгээд гарч ирж байсан шумбагч н.Гантулгатай ярилцах боломж тохиож цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Хөлөг онгоц татан гарах ажиллагаа амжилттай өндөрлөж байгаад баяр хүргэе. Өөрөө Хөвсгөл нутгийн унаган хүү юм байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-За, баярлалаа. Юуны өмнө сайн байцгаана уу. Намайг Гантулга гэдэг. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын усчин аврагч ахлах ахлагч. Энэ том ажиллагаанд оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Хамтран зүтгэсэн шумбалтын багийнхан болон ажиллагаанд оролцсон нийт баг хамт олондоо талархал илэрхийлж, амжилттай дуусгасанд нь баяр хүргэе.

-Шумбалтын багийнхан татан гаргах үйл ажиллагаанд оролцохоос гадна судалгааны ажилд оролцсон гэсэн. Хэзээнээс хойш уг ажиллагаанд гар бие оролцов?

-Ажиллагаа аравдугаар сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийг хүртэл онгоцыг татан гаргахад шаардлагатай даалгавруудыг усны гүнд баг хамт олонтойгоо хийж гүйцэтгэлээ.

-Нийт хэдэн удаагийн шумбалтын даалгавар гүйцэтгэв. Хүндрэлтэй зүйлс юу байв?

-Давхардсан тоогоор 70 гаруй удаагийн шумбалт хийж гүйцэтгэсэн. Хүндрэлтэй зүйл гэхээсээ илүүтэй өмнө нь хийгдэж байгаагүй ажиллагааны даалгаврыг амжилттай хийж гүйцэтгэсэн нь сайхан байлаа. Жишээлбэл, өмнө нь татах зорилгоор бэхэлсэн байсан троссуудыг гараар болон механик хөрөөгөөр тасдах. Мөн татан гаргахтай холбоотой ган татлагуудыг усны 12 метрийн усны гүнд амжилттай холбож татан гаргах ажиллагаанд хувь нэмэрлээ орууллаа.

-Онгоцыг татан гаргах гол үндэслэл нь байгаль орчны бохирдол. Нуурын экосистемийг хамгаалах байсан. Усны гүнд яг тухайн нөхцөл байдлыг нүдээр харж байсан хүний хувьд онгоц байгаль орчныг ямар хэмжээнд бохирдуулсан байна вэ?

-Хөлөг онгоц хөрсөндөө шигдсэн. Дотроо хөдөлгүүрийн тос масло нь асгарч экологийн тэнцвэрт байдал алдагдсан зэрэг нь ажиглагдаж байлаа. Мөн ард иргэд маань аялж зугаалж явахдаа далай ээж рүүгээ хог хаясан. Хүний эдэлж хэрэглэж байсан зүйлс багагүй байгаа нь ажиглагдаж байлаа.

-Баярлалаа, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Г.Лхагвадорж

Гэрэл зургийг Б.Уугансүх

Мөргүүлсэн цагдаагийн алба хаагч нуруу нугасандаа гэмтэл авчээ
Мөргүүлсэн цагдаагийн алба хаагч нуруу нугасандаа гэмтэл авчээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.