Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Эрсдэлтэй банкинд төрийн мөнгийг байршуулсан хүмүүстэй хариуцлага ярих ёстой

Огноо
Унших
3 минут 54 секунд

Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Төрийн мөнгийг хоёр банкинд байршуулсан. Тус хоёр банк нь эрсдэлтэй болчихсон. Үүнд Сангийн сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Тухайлан нэр зааж, ярьж байгаа банкуудын төлбөрийн чадвар хэр байгааг Төв банк илүү тодорхойлж хэлнэ. Засгийн газар энэ ажилд оролцохгүй. Харин Засгийн газар эрсдлээ тооцоод Төрийн сангаас гадуур байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгал гэх мэт сангуудын мөнгийг Төрийн санд төвлөрүүлэх бодлогыг үргэлжүүлж, татаж байна.

-Нийт хэчнээн төгрөг татаад байгаа вэ?

-Он гарсаар 30 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байсан.

-Хөгжлийн банкны удирдлагуудын асуудлыг шүүхээр шийдсэн байна. Төрд 27 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байхад ийнхүү цагаатгаж байгаа нь хэр зөв бэ. Хохирлын мөнгийг төлүүлэх үү?

-Шүүхийн шийдвэр гарсан бол ШШГЕГ-тай хамтраад ажиллана.

-Хөгжлийн банкыг дампууруулж байгаа хэд хэдэн том ААН-үүд бий. Тэд зээлээ төлөхгүй байгаагаас болж банк асуудалд орж байгаа. Яагаад мөнгийг нь буцаан төлүүлэхгүй байгаа юм бэ. Жишээ нь Голомт банк?

-Хөгжлийн банкны зээлийн багц нь 2.7 их наяд төгрөг. Чанаргүй зээл нь 1.5 их наяд орчим. Ийм багцтай банкыг манай Засгийн газар хүлээж авсан. Муу зээлүүдэд нь төлөвлөгөө гаргаж байна. Голомт банктай холбоотой гэх үү, банктай холбогдох этгээдүүд гэх үү зээлүүд байгаа. Ямарч зээлийг ялгахгүйгээр зээл төлүүлэх ажиллагаа хийгдэнэ.

-Хаан банкны 60 хувийн хувьчлалтай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Банк хувьчлагдаад 20-оод жил болж байна. 100 хувь хувийнх. Хувийн банкны хувьчлалын асуудал байгаа юм байна гэж ойлгож байгаа. Системийн нөлөө бүхий 5, 6 банк л байгаа. Хаан банкны хувьд онцгой анхаарч үзэх ёстой. Энэ банкинд нийт хүн амын 80-90 хувь нь данстай байгаа. Энэ банкинд барьцаа хөрөнгөө тавиагүй иргэд ч гэж байхгүй. Тэгэхээр энэ банкны эзэд, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл олон нийтэд 100 хувь ил байх ёстой. Үүнийг Төв банк хяналтдаа байлгаж, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Хэрвээ гадна талдаа байдаг эзэмшигчид хувьцаагаа худалдсан бол хуулиараа эцсийн өмчлөгчийг нь Төв банк олж тогтоож, хөдөлгөөн гарвал зөвшөөрөл өгч байх ёстой. Тэгэхээр Төв банк үнэн зөв мэдээллээ өгөх ёстой.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 114 тэрбум төгрөг байгаа гэж Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ярьсан. Капиталын араас орох вий гэж иргэд болгоомжилж байна?

-Ер нь татан буугдсан, төлбөрийн чадваргүй болсон банкуудад Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн мөнгө байж байдаг. Тэгэхээр төрийн мөнгө ингэж эзэнгүйдэж болохгүй. Төрийн санд төрийн өмчийн байгууллага, сангуудын мөнгийг төвлөрүүлэх ёстой. Тэгэхээр банкны эрсдлээс гадна банкинд аваачиж байршуулсан төрийн мэдлийн хүмүүст хариуцлага ярих ёстой. Цаашдаа ийм эрсдэл гаргаж болохгүй тал дээр анхаарч ажиллах ёстой.

Ц.Цогтбаатар тэргүүт 20 жүдоч “Абу Дабигийн Их дуулга”-д мэдүүлгээ өгчээ
Ц.Цогтбаатар тэргүүт 20 жүдоч “Абу Дабигийн Их дуулга”-д мэдүүлгээ өгчээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.